ҮЙЛИЙН ҮРИЙН ТӨЛӨӨС /ӨГҮҮЛЛЭГ/
Хүү зургаан настай байсан юм даа. Эцэг нь өрөвтөл шиг ширүүн гараар түнжгэр толгойг нь нэгэнтээ илээд:
-Чамайг ээждээ үнээ сайн ивэлгэж өгөөд байх юм бол энэ жил наадамд авч явна шүү. Тэгээд хонгор морио уначихаад сумын наадам гэж чухам ямар сайхан “юм” болохыг миний хүү үзнэ дээ гэж хэллээ. Аавынхаа тэгж хэлснээс хойш хүү байдгаараа чармайж хар үүрээр босч, ээжийнхээ гарынхаа хөтлөн бүдэчсээр үнээ ивэлгэж зуныг барлаа.
Эцэг нь яахав, хэзээний зангаараа гэрийн бараа харна гэж байхгүй. Нэг л их хусуур, сойз бүсэлсэн лут эр “тийм ч сунгаа, ийм ч уралдаан” гэсээр явтал нэг мэдэхнээ наадам хаяанд иржээ. Гэхдээ хүү ч бас ээжийгээ зуны турш шинэ дээл, гуталтай болохоор чамгүй шалжээ. Эх нь гунигтай хар нүдээр инээмсэглэж, хүүгийнхээ өмнө нэг их гэм хийчихсэн юм шиг хачин царайлна.
Тэгж байтал хүсэн хүлээсэн наадам боллоо доо. Ёстой л дэнж хотлоороо хөдөллөө дөө. Торго дурдангийн өнгийг хуарлуулж, дэлийг нь зассан морьдын зүс ижилдүүлэн гангарцгаалаа. Хүү наадамд явна гэхээс хөл нь газар хүрэхгүй шахам хөнгөрч, тэнд ч дэгдэж, энд ч үсчин ёстой л голын жараахай шиг л явлаа даа хөөрхий.
Ингээд наадамчид хөдлөх боллоо. Гэтэл эцэг нь байдаггүй. Эх нь оровч гаравч урд хөтлийн улаан замыг нүдээрээ нэгжин харуулдана. Сүүлдээ хүүгийн тэсвэр барагдаж бяцхан цээжиндээ хэр таарсан уур омог нь огшиж эхэллээ. Үд боллоо. Эцэг нь ирдэггүй. Ингээд эгнүүлж барьсан ижилхэн цагаан гэрүүдийн дунд эх хүү хоёр уйтгартайхан өдрийг барлаа.
Гэтэл оройхон нар жаргахын алдад агсамхан морьдтой, айраг архинд улаа бутарсан, хөөрч дарвисан наадамчид ирлээ. Тэгэхнээ эцэг нь тэдний дунд арсайтлаа инээчихсэн, өврөөрөө хүлхийтэл дүүрэн юм чихчихсэн ер юм болсон шинжгүй хүрч ирж гэнэ.
Хүүгийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс хуралдаж, мэлтрэн гарсан нулимсан дунд нь аавынх нь дүрс үйж эвдрээд далбилзаад, хүн гэж хэлэхээргүй хачин муухай амьтан болж харагджээ. Аав нь адууны хөлс жолоо цулбуурын үнэр нэвчсэн парвагар гараараа хүүгийнхээ толгойг илмэр болоод, жигтэйхэн их хайр гэрэлтсэн нүдээр хүүгээ харж сууснаа:
-За яахав дээ, миний хүү том болоод зөндөө их наадам үзнэ дээ үзнэ. Харин наадам үзүүлсэнгүй гэж аавдаа гомдоогүй биз дээ. Ер нь хууртагдаж байж л амьдралыг танина шүү. Энэ хожмоо чамд хэрэг болно. Аав нь хүүгээ амьтны хоол болгохгүй гэсэндээ л энэ шүү дээ гэж ирээд өгүүлбэртэй бодлогын хариу гаргаж байгаа мэт хачин юм ярьжээ.
Энэ явдлаас хойш хэчнээн ч олон жил улирав, эцэг нь хүүгээ хэчнээн ч олон удаа хуурав даа. Ухаан нь ““Сахал” Дэмбэрэлийн шар охиныг хүүдээ авч өгнөө” гэж хэсэг манаргасан удаатай. Тэгээд хайр гэдэг угаасаа эмзэг халуун юм хойно доо. Цэрмаа гэх тэр жаалхан шар охиныг хар нялхаас нь л хайрлаж, зөвхөн тэрний төлөө амьдарч ирсэн юм шиг хүүд санагдсан юм сан.
Харин эцгийнх нь хувьд энэ бол хамгийн сүүлчийн удаагийн хуурамч бэлэг байсан бөгөөд хүү нь ёстой л хамраараа газар хатгатал хуурагдаж. “Сайхан” Цэрмаа, “шар” Цэрмаа нэг мэдэхэд айлын эхнэр болж хадамд гарчээ. Харин хүүгийн эцэг өнөө найр хуримын хойморт улаан зээрд хүн. Худлаа ярьдаг хүнд бол бөөн баяр баясгалан болчихсон өөрийнхөө охиныг борлуулж байгаа юм шиг л “сахал” Дэмбэрэлийн охиныг үдэж өгсөн байгаа юм даа.
Арван долоохон настай хүү энэ мөчөөс эхлэн тэс өмнөө хүн боллоо. Эцгийнхээ хэлсэн бүрийг адарч, хийсэн бүхнийг сөрж, мугуйд зөрүүд, мунхаг харанхуй хүн боллоо. Тэгэх тоолонд нь эцэг нь баясаж:
-За аав нь сэтгэл зоволтгүй үхэхээр боллоо доо. Хүнд дөрлүүлж хүний хоол болохооргүй хатуу чанга эр болж гэж өөрийгөө тайвшруулна. Гэсэн ч үнэндээ бол эцэг, хүү хоёр энэ олон жилийн турш шатар наадсан бөгөөд эхэндээ хүү маданд унахгүйг хичээн хамгаалсаар болж. Яваандаа эцгийн тамир барагдаж, хүч нөлөө нь сулраад ирэнгүүт хүү зогсолтгүй урагш довтолж, эцгийгээ мадлах гэж улайрах болжээ. Энэ бүх үйл лайг бурхан сүжигтэй, зовлон нажидыг туулахаараа нэг болсон хөөрхий эх л нимгэлж, эмээлийн урд хойд бүүрэг шиг эцэг, хүү хоёрын дунд элэгдсээр явлаа. Хөөрхий тэр эх байгаагүйсэн бол хорвоо яаж дуусах байсныг хэн ч таашгүй билээ.
Хорвоогийн жам, амьдралын хатуу хуулийн эрхшээл ёсоор эцгийн бие өвчинд нэрвэгдэн доройтож, нэг л өдөр хэвтэрт орлоо. Амьд хүн байна, арга чарга хайна л даа. “За даа, тийм ч юм сайн гэнэ, ийм ч юм сайна гэнэ, тэрийг л олвол, ээ дээ энийг л идвэл үү, хамаг өвчин хууч арилах юм гэнэ” гэж ирээд л амтай бүхэн ярина. Үхэхэд яараагүй эцэг нь хүүгээ тэр сайн гэсэн бүхэнд зарах боловч голын бул хар чулуу шиг болсон хүү нь хөдөлнөө, ёстой гонжийн жоо. За хөдөллөө гэхэд дандаа буруу юм авчрана. Жишээ нь:
-Чандаганы хатсан хуурай баасыг шатааж үнэрлэвэл сайн юм гэнэ. Тэрнийг олоод ирнэ үү дээ гэсэнд хүү нь гарч яваад “за, утаа л гарч байвал чандаганых ч байна уу, юуных байна ямар хамаа байхав” гэж бодоод хотныхоо захаас хоргол хармаалаад орж байсан удаатай.
Эцгийнх нь буцах унаа хөсөг хуучин муу модон орных нь толгойн тушаа ирж зогсоод хэд хонолоо. Эцэг бутарч сарнисан ухаан санаагаа арай ядан хүчлэн хурааж цуглуулаад, хүүгээ дуудан хажуудаа суулгаад, хатаж хатингаршсан гараараа хүүгийнхээ толгойг иллээ. Цагтаа энэ гар ёстой л хар ажилд борлуулж эвэршсэн, газар шорооны хүрз шиг парвагар том гар байлаа.
-За хүү минь, эцэг нь ийм л боллоо доо. Энэ хорвоо гэдэг их адармаатай шүү. Муу хүн нь сайнаасаа олон. Сайн хүн цөөхөн дөө цөөхөн. Даанч нэг ховорхон доо. Тэгэхээр аав нь хүүгээ муу хүний хоол болгохгүй л гэсэндээ чамайг хуурч мэхэлж өдий хүрлээ. Одоо ч аавынх нь насны тоо гүйцэж байх шиг байна даа гэж хэлээд хэсэг чимээгүй болон нүдээ хагас анин бодлогширлоо.
Тэгсэн эцгийн дотор “одоо үнэнээ хэлэх үү, энэ чигтээ дуусах уу” гэсэн ац бодол тулчихаад эргэлдээд байж. Үнэнээ хэлнэ гэдэг нь үнэндээ ийм л юм.
Монгол хүн бурхан болоочдоо ил нутаглуулдаг нь хойд насандаа төрлөө олоход нь ихээхэн учир жанцантай гэж боддог болоод ч тэр үү, өвгөн “ээ дээ, өөрийн эцэг өвөг эцэг нарынхаа адил ил л тавиулах юм сан. Тэгээд зовж зүдрэлгүй шиг дараачийн төрлөө олох юм сан” гэсэн бодол бөгөөд эцгийнх нь чухам хүсэл энэ л байлаа.
Тэгээд эцэг “за байз… энэ мангарт үнэнээ хэлвэл үнэмшдэг болов уу, худлаа хэлвэл үнэмшдэг болов уу” гэж бодсон нь үнэндээ бол хойд насандаа тамд унах уу, диваажинд төрөх үү гэдэгтэй адил бүрхэг юм боллоо доо. Тэгээд эцэг бодож цэгнэж, цэгнэж “за даа, дандаа л миний эсрэг юм хийх юм доо. Худлаа хэлье. Газарт лавхан шиг булчихаарай гэвэл зөрөөд ил тавьчихаж магадгүй” гэж горьдсондоо:
-За миний хүү, аавыгаа ихээ гүн нүхэнд нутаглуулаарай даа гэж хэлэхдээ шижээргүй шинжгүй царайлсан хүүгээ хараад “за лав булахгүй нь ч булахгүй юм байна” гэж тайвширчээ.
Ингээд эцэг тэр оройдоо бие барлаа. Хүү нь эцгийнхээ хэлснийг бодож бас л ац бодолд автаж яахаа мэдэхгүй хэсэг зовсноо “хөөрхий дөө, муу эцэг минь газарт лавхан булаарай л гэсэн юм сан. Насаараа л үгнээс нь зөрлөө дөө. Газар гэхэд нь тэнгэр гэсээр өдийг хүрлээ. Даанч дээ… би чинь хүний үр байна даа. Сүүлчийн ганц гуйлтыг нь ч болохнээ ёсоор нь болгоё доо” гэж бат нут шийджээ.
Өглөөд нар хамгийн түрүүнд тусах нарлаг сайхан энгэрт хүү нь ихээ гүн нүх ухаж эцгийгээ ёс төртэй нутаглуулжээ
URL: