MCS угшилтай улс төрчид Ч.Хүрэлбаатарыг идэвхийлэн дэмжиж байна
МАН-ын Удирдах Зөвлөлөөс УИХ-ын Төсвийн Байнгын Хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг Монгол Улсын Сангийн Сайдад нэр дэвшүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Учир нь Ч.Хүрэлбаатар ах дүү нарынхаа хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байдаг Хотгор шанагын нүүрсний уурхайг солонгосчуудад зарсан баримт нь саяхан дэлгэгдсэн төдийгүй “Рио Тинто” групптэй сонирхлын зөрчилтэй байж мэдэх үй олон эргэлзээтэй асуудалд холбогдсон нэгэн юм.
Ч.Хүрэлбаатар мөн одоогоос 7 жилийн өмнө утаагүй түлшний үйлдвэр байгуулна гэх 17 тэрбум төгрөгийн тендерийн будлианд бас орооцолджээ. Учир нь түүнийг Түлш, Эрчим хүчний сайд байхад үйлдвэрийг барих тендерт шалгарсан “Аморе Интернэйшнл” компанийн захирал Ж.Баатарсүрэн нь Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгын ангийнх нь хүүхэд байжээ.
Энэ мэтчилэн олон асуудалд оролцсон Ч.Хүрэлбаатар хамгийн гол нь ОюуТолгойн орлогыг Монголын банкаар дамжуулах нь буруу гэж үздэг улс төрч юм.
Иймээс ч судлаач Д.Ганхуяг : “Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болбол МАНАН-тай хийх тэмцэл эхлээгүй байхдаа дууссан хэрэг болно.” хэмээн товчхон дүгнэжээ.
Энэ бүхнээс үүдэн ихээхэн сандарсан Ч.Хүрэлбаатар өчигдрөөс эхлэн өөрийгөө хамгаалах хэвлэлийн кампанит ажлыг ихээхэн хэмжээний төлбөртэй явуулж эхэлсэн тухай эх сурвалжууд ярих болжээ.
Гэхдээ “чи мах хулгайлсан уу? гэсэн асуултанд юун гуя” гэж хариулдаг онигоо шиг “М-Си-Эс” группийн угшилтай, ту компаний чиг баримжаатай улс төрчид л Ч.Хүрэлбаатарыг л ганц Сангийн сайд хийж чадах хүн гэхчилэн бичих болсон нь сонирхол татна. “М-Си-Эс” группийн хувь эзэмшигч, тус группын Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, саяхан Шадар сайдад нэр дэвшсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн татгалзсан нэрийг нь дэвшүүлэлгүй буцаасан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан : “Гар утсаар жишвэл манай эдийн засаг цэнэг нь дуусах улаан дохио анивчсан хэвээр байгаа. Нэртэй устай, хаяг шошготой, он сартай хүмүүсийн таг унтраагаад өгсөн гар утасыг хоёр зураастай болгочих боломж бидэнд байна. Тэр нөхцөл нь ОУВС-тай хийсэн гэрээний үүргээ биелүүлэх. Цэнэглэгчээ салгаж нийлүүлээд байвал цаг хугацаа алдана. Шинэ засгийн газрын сангийн сайд бол төсвийн бодлогоо нэг толгойтой болгож эрс зоригтой реформ хийж чадах хэмжээний сонголт байх ёстой. Үүнийг хийж чадах цөөхөн эдийн засагчдын нэг бол Ч.Хүрэлбаатар.” хэмээн өгүүлжээ. Юутай ч ямар ч үнээр хамаагүй Ч.Хүрэлбаатарыг Сангийн Сайд болгох ёстой гэсэн эдийн засгийн бүлэглэл байгаа бололтой. Дүгнэлт хийх эрх нь эрхэм уншигч таньд байгаа.
Л.Ган-Од
sonin.mn
URL: