“Жижиг” гэгддэг ч хамгийн үр ашигтай ажилладаг “Тавантолгой” ХК хавчигдах учиргүй
Монгол төрийн бодлого өөрөө ядуурлыг бий болгоод байна хэмээн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Ерөөс төрийн бодлого бүхий л салбарт буруу замаар замнаж буйг тэрбээр хэлсэн байна лээ. Тэгвэл Монгол төрийн бодлого нүүрсний салбарт алагтай цоогтой, ялгавартай байгааг илтгэх баримт сэтгүүлч надад байгаа юм.
Тэр тухай тодотгохоос өмнө оршил болгоод хэлэх үгс байна. Монголын эдийн засагт жин дарах нөлөөтэй салбар бол нүүрсний салбар гэдгийг та бид бүгдээрээ мэднэ. Экспортын татварын орлогын голыг нугалдаг Тавантолгойн бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг гурван гол компани бий. Орон нутгийн өмчит “Таван Толгой”ХК, “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд юм. За харин Монгол улсаас гадаад зах зээлд нүүрс борлуулж эхэлсэн үүх түүхийг ярьвал орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийг онцгойлж ярих хэрэгтэй юм.
Учир нь тус компанийн уурхай 2004 оноос нүүрс экспортлох ажлыг эхлүүлснээр Монгол Улсын гадаадад нүүрс борлуулах гараа эхэлсэн байдаг юм. Тэрчлэн Монголын эдийн засагт онцгой хувь нэмэртэй салбарыг манлайлан түүчээлсэн түүх тэднийх. Мөн тус компани нь Тавантолгой ордын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудаас дотоодын зах зээлд нүүрс худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ ялгардаг.
Энэ нь Монголын хөрсөн дэх үүц баялаг болох нүүрсийг зөвхөн урагшаа зөөх бус Монголчууддаа нийлүүлж, хэрэглээг нь хангах ёстой гэсэн үүргээ ухамсарласан явдал юм л даа. Ингэхдээ олборлолтын зардлаас хоёр дахин хямд үнээр, мөн өвөлжилтийн бэлтгэл хангах үүднээс нүүрсний үнийг хямдруулж дотоодын зах зээлдээ борлуулж ирснийг нь иргэд сайн мэднэ. Энэ бол нутаг орныхоо төлөө тус компанийн зүгээс бодлогын түвшинд хийж ирсэн бодитой хөрөнгө оруулалтын ажлуудын нэг юм. Гол нь “Таван Толгой” ХК ингэж уян хатан ажиллаж байна гээд татвар төлөх болохоороо бусад шиг хойш сууж байсан удаагүй. Үргэлж л татвар төлөлтөөрөө манлайлж, үлгэрлэж ирсэн байдаг.
Тэрийг нь ч сайн мэддэг төр засгийн нөхдүүд орон нутгийн өмчит “ТаванТолгой” компанийг бусдаас илүү их хэмжээгээр “саах” бодлогыг хэрэгжүүлж байна.
Ингэж хэлэхээр уншигч та гайхаж буй биз. Тэгвэл уншигч танд тайлбарлаад хэлээд өгье. Орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК 3 сая тонн нүүрсний экспорт хийж, 1 тонн нүүрснээс 17.41 ам.долларын татвар төлж байгаа бол, “ Энержи ресурс” компани 3.7 сая тонн нүүрс борлуулаад 1 тонн нүүрснээс 1.11 ам.долларын татвар төлж байх юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани 7.1 сая тонн нүүрс экспортлож, 1 тонн нүүрснээс 9.59 ам.долларын татвар төлж байна.
Тэгэхээр энэ одоо яг юу гэсэн үг вэ? Яаж алагчилж үзэхээрээ ийм зөрүүтэй татварын хэмжээг тогтоодог юм бол? Ялгаагүй адилхан нэг ордоос нүүрс олборлож, экспортлож байгаа шүү дээ. “Таван Толгой” ХК-ийн хувьд харин ч нутаг орныхоо төлөө ажилладаг, нутаг орноо гэсэн сэтгэлтэй, хоноцын бус сэтгэлтэй хүмүүстэй компани гэх юм билээ. Тэрийг нь ч орон нутгийн иргэд нь мэдэхийн дээдээр мэднэ.
Тус компани 2015 оны байдлаар гэхэд Өмнөговь аймагтаа ногдол ашиг хэлбэрээр 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан. Мөн 2010-2015 оны хооронд гэхэд улс, орон нутгийн татварт 578 тэрбум, 100 сая, 968 мянган төгрөг төлсөн үзүүлэлттэй байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд ч татварын орлогоо тогтмол улс, орон нутагт төвлөрүүлж байгаа компани юм.
Уг нь бол эдийн засаг сайнгүй байна гэж улстөрчид ам уралдан ярьж байгаа ийм үед олон жил тогтвортой сайн ажиллаж ирсэн “Таван Толгой” ХК-ийг хавчин гадуурхаж, алагчлах хэрэггүй баймаар. Баялгийг жинхэнэ орон нутагт нь шингээж байгаа “Таван Толгой” ХК-ийг адлаад, хавчаад байгаа нь Өмнөговийн иргэдийг Монголын төр ад үзээд байна гэсэн үг биш үү.
Мөн саяхан л гэхэд Гашуун сухайт боомтын нэвтрэх чадал өдөрт 500 машин байна гэж тооцоолоод гурван компанид өдөрт нэвтрэх машины зөвшөөрлийн квот гаргасан бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК 45 хувь 225 машин, Энержи ресурс ХХК 40 хувь 200, орон нутгийн оролцоотой Тавантолгой ХК 15 хувь 75 машин гэж тогтоосон аж. Үүнд мөн аймгийн удирдлага, ард иргэд сэтгэл гонсгор байгаа юм.
“Таван Толгой” ХК-иас илүү өндөр татвар авч байна гэдэг нь орон нутгийн иргэдэд очих мөнгөнөөс төр хулгайлаад байна гэсэн үг шүү дээ. Тодотгоход, “Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг Өмнөговь аймгийн 65 мянга орчим иргэн, 49 хувийг дэлхийн 23 орны 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг юм. Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Таван Толгой” ХК-ийн борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 255 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны бүтэн жилийн орлогоос 44 хувиар давсан үзүүлэлттэй яваа.
Тэрчлэн Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжсан компаниудаас хамгийн олон орны иргэд хувьцааг нь эзэмшдэг , мөн зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлсэн Монголын үндэсний компани юм. Зүй нь бол төр засаг ингэж манлайлж яваа үндэсний компаниа, орон нутгийнх нь иргэдтэй хамт бүтнээр нь харж чаддаг байх ёстой. Гэтэл үе үеийн засгийн өмнө тал алддаггүй зарим уурхайд хамгийн бага татвар ногдуулчихаад, бор зүрхээрээ төдийгөөс өдийг хүртэл зүтгэж яваа орон нутгийн өмчит “Таван Толгой” шахаж, хавчаад байгаа нь хэнд ашигтай вэ? гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна. Өмнөговь аймгийн төсвийн 60-70 хувийг дангаараа бүрдүүлдэг, орон нутгийнхаа иргэдэд ээлтэй байдаг жижиг “Таван Толгой”компанийг төрийн зүгээс хавчиж, шахах нь хэнд ашигтай байна вэ?
Эх сурвалж: Umnugovinews.mn
URL: