Арьс ширний үйлдвэрийг нүүлгэх ажил хаана гацав
Өргөдлийн байнгын хороо өчигдөр УИХ-ын 74 дүгээр тогтоолын хэрэгжилт, түүний дотор арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх болон “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм.
Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, “2012 оны 12 дугаар сарын 28-нд Улсын Их Хурал 74 дүгээр тогтоол гаргаж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргахаар шийдвэрлэсэн. Ингэх үндэслэл хангалттай байгаа. Эдгээр үйлдвэрүүд дутуу цэвэрлэсэн, шүүлтүүргүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Улмаар Туул голын бохирдолд нөлөөлж байгаа гурван хүчин зүйлийн нэг нь арьс ширний үйлдвэрүүд болоод байгаа. УИХ-ын 74 дүгээр тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсэн байх ёстой. Гэтэл одоог болтол нүүлгэн шилжүүлэлт хийгдээгүй байгаа нь төрийн ажил уялдаа холбоогүй, аль нэг шатан дээрээ очоод гацдагтай холбоотой гэдгийг та бид мэдэж байгаа. Энэ гацаанаас гаргах үүднээс Өргөдлийн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 02-ны өдөр хоёр тогтоол гаргасан бөгөөд эдгээр тогтоолын хэрэгжилтийн асуудлаар өнөөдөр бид хуралдаж байна” гэлээ.
Дараа нь Ажлын хэсгийн гишүүд болон Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулсан юм.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан “Өргөдлийн байнгын хорооны тогтоолын дагуу Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн үйлдвэрлэлийн бүс, суурьшлын бүс, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох чиг үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А139 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай 160 га газрыг эзэмшүүлсэн. Гэвч нийслэлийн Засаг дарга 2016 оны А256 дугаар захирамжаараа 513 иргэнд 26,5 га газрыг Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркийг барих газар, төлөвлөлттэй давхцуулж цахим олголтоор эзэмшүүлсэн байсан. Иймээс асуудлыг шийдэх үүднээс Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах, газар олголтыг шийдэх үүрэг бүхий байгууллагуудад чиглэл өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар иргэдэд олгосон газрын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ” гэлээ.
Ажлын хэсгийн хуралдаан асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Тухайлбал, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд ажилласан, хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл авмаар байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан иргэдэд өмчлүүлсэн 26,5 га газрын асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах, Эмээлтийн паркийг бүрэн барьж дуусгахад хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай байгааг тодрууллаа.
Харин УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Цэрэнбат нар арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах ажлыг бодитоор хэрэгжүүлэхээс нааш Туул голын бохирдлын асуудлыг шийдэх боломжгүй тул хууль зөрчиж буй ААН-тэй хариуцлага тооцох хэрэгтэй гэв. Мөн Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоог энэ асуудлаар өөрсдийн саналаа Байнгын хороонд ирүүлэхийг хүслээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-ын 74 дүгээр тогтоол, Байнгын хорооны тогтоол хэрэгжихгүй байгаа учраас хариуцаж буй албан тушаалтнуудад хугацаатай даалгавар өгөх” санал гаргав.
Хуралдааны төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудал шийдэгдээгүй байна. Дараа зун дахиад улаанбаатарчууд өмхий үнэрт эрүүл мэндээрээ хохирсоор байх нь. Малын гоц халдварт өвчин Улаанбаатар хотод гарч байгаа нь арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг бид шийдэх ёстой. Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж Засгийн газарт дахин чиглэл өгөх болно” гэлээ.
Оллоо.мн
URL: