Туул голын асуудал дэлхий нийтийн анхааралд оржээ
Дэлхий нийт “Эрүүл гол-Healthy River” гэсэн санаачилга гаргаж, доройтолд өртсөн голын сав газрын экологийн төлөв байдалд “оношилгоо” хийж, үр дүнгээ бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэж, бохирдлын шалтгааныг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
Энэ санаачилгыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн АНУ дахь салбар болон Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын төвөөс “Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаатай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.
Хатан туулын асуудал өнөөдөр зөвхөн нийслэл Улаанбаатар хотод амьдардаг хүмүүсийн асуудал биш нийт монголчуудыг асуудал болоод буй. Учир нь жил бүрийн хавар Туул гол нийслэл хот орчимд хэд хэдэн газар урсацгүй болж шурган, загас жараахйа олноор үхсэн тохиолдол гарсаар байна. Түүнчлэн Туул голын хамгаалалтын бүсэд амралт зугаалгын газар, хайрга дайрганы үйлдвэрүүд нэмэгдсээр, уул уурхай, барилгын болон ахуйн хог хаягдал экологийн доройтолд хүргэх хүчин зүйлүүд болжээ.
Төслийн хүрээнд оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын 6 давхарт “Хөх асар” хурлын танхимд эхэллээ. Хэлэлцүүлэг энэ сарын 19-нийг дуустал үргэлжлэх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн АНУ дахь салбар болон Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын төвөөс хамтран зохион байгуулж байгаа аж.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, Горхи –Тэрэлжийн байгалийн цогцолорт газрын хамгаалалтын захиргаа, Цэнгэг цсны нөөц, байгаль хамгаалах төв, “Монгол Ус” ТӨҮГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Газарзүй геологийн хүрээлэн, Байгалт орчин, хэмжил зүйн лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ШУТИС, орон нутгийн төлөөллүүд, ус ашиглагчид, төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцоно.
П.Наран
zaluu.com
URL: