Допингийн хар хөшигний цаана юу байна вэ?
Эхлээд 16 бөхөөс допинг илэрсэн гэж байгаад 13 болсон. Тэгснээ найм, зургаа болж цөөрсөөр сүүлдээ хоёр бөх допинг хэрэглэсэн болж таарлаа. Тэгээд одоо тэр хоёр шийтгүүлэх юм байх. Хоёр жилийн хугацаанд огт барилдаж болохгүйгээс гадна Бөхийн өргөөнд болох том, жижиг ганц ч барилдаанд зодоглож болохгүй гэх хатуухан шийтгэл ноогдуулна гэнэ.
Шийтгэл авахаар болсон гээд байгаа улсын харцага Г.Алтангэрэл, улсын начин Ч.Цогбаяр нар “А” сорьцоосоо допинг илэрсэн гэх мэдээг дуулаад үүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн. Учир нь наадмаар бөхчүүдийн шээсээс нь сорьц авдаг нөхцөл, орчин нь үнэндээ хэнд ч итгэл төрүүлэхээргүй агаад сорьцыг сэм сольж, хольчих боломж дэндүү их гэсэн. Мөн шинжилгээ авч буй ажлын хэсэг, эмч нарын хэсгийнхнээс хэн нэгэн нь ямар нэг бөхийн өмнөөс шээгээд өгчих боломж хангалттай байдаг аж. Чухам ийм шалтгаануудын улмаас дээрх хоёр бөх “А” сорьцын хариуг эсэргүүцэхээр барах уу “В” шинжилгээгээ шинжлүүлээгүй аж.
Хэрэв “В” сорьцоо шинжлүүлбэл өмнөхөөсөө ялгаагүй. Өөрсдийнх нь гээд байгаа тэр сорьцууд өөр бөхийнх байхаас сийхгүй учир шинээр шинжилгээ өгсөн байна. Спортын анагаах ухаанд хүч тамир нэмэхээр хэрэглэсэн сэргээшийн төрлийн бодисын тун хүний мах цусанд тодорхой хэмжээгээр 1.5 жил хүртэлх хугацаанд хадгалагддаг гэж үздэг. Ийм болохоор дахин шинжилгээ өгчээ.
Харин шинжилгээний хариугаар допингт хамаарах ямар ч бодис илрээгүй байна. Бөхчүүд “Манай бөхчүүд бүгд л допингоддог болсон ш дээ” гэж ярихыг олонтаа сонслоо. Ер нь тэгээд үндэсний бөхөд сэргээшийн асуудал хавтгайрчихаад байгааг бөх сонирхогчид гэлтгүй Монголын ард түмэн мэдрээд удсан шүү дээ.
Энэ жилийн наадам өмнөх наадмуудаасаа олон түүхт ой давхцсан гэдгээрээ ялгагдаж, илүү нэр хүндтэй мэт сэтгэгдэл төрүүлсэн. Гэтэл БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын лабораториос бөхчүүдийн “А” сорьцын хариуг ирүүлсэн наймдугаар сарын эхээр 16 бөхөөс допинг илэрсэн гэх яриа шуугиан дэгдээж өнөө сайхан наадмын уур амьсгалыг дарж байлаа. Тэгснээ допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн тоо буурсаар буурсаар Г.Цогбаяр, Г.Алтангэрэл нараар цэг тавьчих шиг боллоо.
Тэр 16 бөхийн тоонд үзүүр, түрүүний бөхөөс эхлээд, том, шинэ цолтнуудын нэрс жагсч байсан. Энэ бүхнээс харахад тэр том цолтой бөхчүүд яаж ийж байгаад допингийн хар жагсаалтаас нэрээ сугалчихсан юм шиг. Мөнгөгүй, хэнэггүйгээрээ Ч.Цогбаяр, Г.Алтангэрэл хоёр л үлдчихсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм. Өнөө жилийн наадмын допингийн асуудлыг ерөнхийд нь харахад бусад бөхчүүд энэ хоёр бөхөөрөө туг тахьчихаад байна уу даа гэлтэй. Ер нь тэгээд 16 байна уу, найм, зургаа, хоёр байна уу гэдгийн эцсийн тоог Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо биш Допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний олимпийн хорооныхон үнэнээр нь мэдэж байгаа. Бүр тодруулбал Допингийн эсрэг үндэсний төвийнхөнд БНСУ-аас ирсэн шинжилгээний хариунууд шинэхэн эхээрээ хадгалагдаж байна. Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр хоёр шийтгэлээ аваад барилдахгүй байна уу, цолоо хураалгана уу хэнд ч хамаагүй.
Та бидний анхаарал тавих хамгийн гол зүйл бол БНСУ-аас ирүүлсэн хариунуудыг манайхан яг тэр чигээр нь, шударгаар нийтэд дэлгэдэг эсэхэд юм.
Хөшиг нээвэл нууц тайлагдана гэдэг шиг үү дээ. Албаны хүмүүс допингийн хар хөшгийг нээх цаг болсон. Ядаж энэ жилийн наадмаар бөхчүүдээс авсан шинжилгээний “А” сорьцын хариуг БНСУ-аас ирсэн тэр хэвээр нь нийтэд харуулах ёстой. Тэгэхээс нааш энэ жилийн наадмаар хоёр бөх допинг хэрэглэсэн гэдэгт хэзээ ч итгэж чадашгүй нь.
Д.ГАНСАРУУЛ
URL: