Р.БУРМАА ЯАГААД “ГОЛОГДСОН” БЭ?
Ерөнхийлөгч Х.Баттулга аравдугаар сарын 05-нд захирамж гарган Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулах саналтай байгаагаа мэдэгдсэн юм. Р.Бурмаа Сонгогчдын Боловсрол төв хэмээх байгууллагыг тэргүүлж явсаар 2000-2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Түүнийг Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц рүү зүтгүүлсэн нь нийгэмд хэсэгтээ мартагдаж байсан энэ эмэгтэйг тойрсон дуулиан дахин өндийхөд хүргэсэн юм.
Р.Бурмаа УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байхдаа Халх голын газраас олон компанид хууль зөрчиж олгосон. Үүнийх нь төлөө түүнийг Халх голд очиход нь Дорнодын хөөсөн. Орон нутгаас хөөгдсөн төрийн сайдын адал явдал монголын түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй. Албан тушаалаа ашиглаж өөрийн ойрын хүнийхээ компанид тендер авч өгсөн гэх мэт мэдээллүүд хөвөрч, асуудлыг хэлэлцсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авахад хүрсэн юм.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2017.10.13) УИХ-д илгээсэн Р.Бурмааг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон тухай бичиг хүргүүллээ. Мэдээлэлд ойр эх сурвалжууд Х.Баттулга гэнэтхэн Р.Бурмаагаас татгалзсан шалтгааныг “Р.Бурмаагийн дуулианыг даган 2012-2016 онд засгийн эрх барьсан АН-ын мартагтаж буй олон адал явдал сөхөгдөж мэдэхээр болсон тул түүнийг байранд нь тавихаар шийдсэн” хэмээн тайлбарлаж байна.
URL: