ЦЭЦ хэмээх ЦУГЛУУЛГА

ЦЭЦИЙН ДЭЭР УЛС ТӨРИЙН СОНГУУЛИЙН ЯЛАГЧ БАЙДАГ

 11910

Дээрээ хөх тэнгэрээс өөр “дарга”-гүй Монголын цорын ганц шүүх бол Үндсэн хуулийн цэц юм. Харамсалтай нь улс төрийн сонгуулийн дүнгийн аясаар гишүүдээ сольдог болчихсон юм. Иймээс Үндсэн хуулийн цэцийн үндсэн шинж нь алдагдаж, Үндсэн хуулийн цэцийн дээр улс төрийн сонгуулийн ялагч байдаг болчихжээ.

Гэхдээ ингэхээс аргагүй шалтгаан бий. Тэр нь УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар томилуулдаг хуультай юм. Тэгэхээр Цэцийн гишүүн болсон нөхөр өөрийг нь нэр дэвшүүлж томилсон хүмүүсийнхээ үгийг хүлээж авах нь ойлгомжтой.

Ерөөс яг одоо яригдаж байгаа жишээ үүнийг нотолно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Бурмааг нэр дэвшүүлжээ.

Р.Бурмаа УИХ дахь эрх баригч намын бүлгийн босгыг давж чадахааргүй л харагдаж байна. Энэ асуудлаар намын бүлгүүд ээлжлэн завсарлага аваад байна.

Угтаа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудал утгаа алдаж байгааг Р.Бурмааг хэрхэн зүтгүүлж байгаагаас харж болохоор байна.

Р.БУРМАА БА ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ШАЛГУУР

Үндсэн хуулийн цэцийн гишүүний үндсэн шалгуур бол мэргэшсэн, маш сайн хуульч байх учиртай юм. Гэтэл Р.Бурмаа хуульч биш.

Харин түүнийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хачин сонин тайлбар өгч байх юм. З.Энхболд “…Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд “…Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй” байна гэж заасан. Р.Бурмаа үүний “…улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн шалгуурыг хангаж байгаа” гэв. Бас Р.Бурмаа өөрөө “…Өмнө нь П.Очирбат, Т.Лхагва, Д.Чилаажав, Ж.Болдбаатар зэрэг олон хүнийг энэ шалгуураар Цэцийн гишүүнээр томилж байсан. Миний мэдлэг туршлага тэдэн шиг шаардлагыг хангана” гээд барьцаж байна билээ. Р.Бурмаагийн асуудлаар авсан намын бүлгүүдийн завсарлага өнөөдөр дуусч, түүний Цэцийн гишүүнээр томилох эсэхийг Байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ.

ҮНДСЭН ХУУЛЬ, ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁРЫН ХЭН НЬ ХҮЧТЭЙ ВЭ?

Үүнээс гадна Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “…Ерөнхийлөгчөөс зөвхөн Р.Бурмааг томилуулах тогтоолын төсөл оруулж иржээ. УИХ томилохоос гадна өмнөх гишүүнийг нь чөлөөлөх тогтоолыг хамт гаргах ёстой. Одоо хугацаа нь дуусаад байгаа Н.Жанцан, Д.Наранчимэг хоёрын хэнийх нь оронд Р.Бурмааг томилох гээд байна вэ” гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…Д.Наранчимэгийн оронд томилуулна. Н.Жанцан гуайн хувьд нэг хэсэгтээ ажиллаж байхад болно гэж Ерөнхийлөгч үзэж байгаа” гэж тайлбарлана билээ.

Хууль хаачив? Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилно гээд цагаан дээр хараар биччихсэн байдаг хууль бий. Мөн “…Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн байдаг. Н.Жанцан, Д.Наранчимэг нар 2011 оны тавдугаар сарын 5-нд томилогдсон. Тиймээс хугацаа нь дуусаад таван сар гаруй болж байна гэсэн үг. Гэтэл “…Ерөнхийлөгч Жанцан гуайг байж л байг” гэсэн гээд Тамгын газрын дарга нь тайлбар тавиад сууж байгааг юу гэх вэ.

Ингэж ярьж байгаа хүмүүсийн хариулт даанч тодорхой л доо. Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд “…Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно” гээд заачихсан байдаг юм. З.Энхболд даргын хариу тайлбар нь энэ юм. Энэ зөрчилтэй заалтуудыг хаана яаж ашиглахаа эд нар маш сайн мэднэ.

ЦЭЦЭД ГАРАХ ОРОН ТООНЫ СУРАГ

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Д.Одбаяр Цэцийн дарга, Н.Жанцан Цэцийн дэд дарга, Д.Ганзориг, Ш.Цогтоо, Д.Сугар, Т.Лхагва, Д.Солонго, Н.Чинбат нар Цэцийн гишүүд юм.

Тэднээс хуулийн хугацаа нь дуусчихсан Н.Жанцан, Д.Наранчимэг нар байна. Д.Сугар, Т.Лхагва хоёрынх 2018 оны тавдугаар сарын 9-нд, Д.Ганзоригийнх 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд, Ш.Цогтоо, Д.Солонго нарынх 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд, Д.Одбаярынх 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд, Н.Чинбатынх 2023 оны зургадугаар сарын 9-нд дуусах юм.

Ингэхээр ирэх оны тавдугаар сарын 9 гэхэд Н.Жанцангийнхтай нийлээд гурван орон тоо Үндсэн хуулийн цэцэд гарахаар байна.

ЦЭЦЭД ХЭН БАЙДАГ ВЭ?

2016 оны нэгдүгээр сард  Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд марган хянан шийдвэрлэх тухай хуульд зарим өөрчлөлтийг оруулжээ. Цэцийн гишүүн нэг удаа л улирах ёстой. Цэцийн гишүүнийг 65 нас хүрэхээр тэтгэвэрт нь суулгах хэрэгтэй гэсэн өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлтийн дараа анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг Цэцийн гишүүнээс чөлөөлөв. Оронд нь УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг томилж, улмаар Цэцийн дарга болгосон.

Цэцийн дарга байсан Ж.Амарсанааг чөлөөлж, Оюуны өмчийн даргаар, олон жил ажилласан Н.Чинбатыг Цэцийн гишүүнээр томилов. Сүүлд Ж.Амарсанаа “… Намайг улс төрийн шийдвэр биелүүлээгүй гэж чөлөөлсөн” гэж ярьсан байдаг.

Ер нь сүүлийн жилүүдэд Цэцийн гишүүдийн томилгоо нэг л асуудалтай болсныг жирийн иргэд ч анзаардаг болсон.   Ж.Амарсанааг улс төрийн шалтгаанаар чөлөөлж байсныг хүн бүр л мэддэг. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсны дараа орохуйц Монголын толгой хуульчдын нэг бол Ж.Амарсанаа юм. Салбар нь түүнийг мэднэ дээ. Тэгтэл оронд нь бараг л тэтгэвэртээ гарсан  Н.Чинбатыг Цэцийн гишүүнээр томиллоо. Өмнө нь П.Очирбат гуайг тэтгэвэрт нь суулгачихаад шүү дээ.

Үүнээс гадна Н.Жанцан гэж насаараа Цэцэд “амьдарч” байгаа хүн байна. Тэрээр 1992 оны долдугаар сарын 1-нээс хойш Цэцийн гишүүн, даргаар нь ажиллаж байгаа юм. 25 дахь жилдээ ажиллаж байна. Харин өнгөрсөн жилийн хуулийн өөрчлөлтөөр цаашид ажиллах хугацааг нь сунгах аргагүй болгожээ. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч “…Одоохондоо байж л байг” гэж “сунгаж” буй бололтой юм.

Цэцэд бас Д.Сугар гэж лут эр бий. Түүнтэй холбоотой эрүүгийн хэргүүдийн тухай хэвлэлүүд их бичдэг. Яригдаад л байдаг. Баахан бужигнуулж байгаад Цэцийн гишүүн болж орхисон.

Д.Сугар хуульчийн хувьд бол сайн. Тиймээс өнөөдөр Үндсэн хуулийн цэцээс ямар шийдвэр гарахыг Н.Жанцан, Д.Сугар хоёр мэддэг гэж улс төрийн хүрээнд ярьдаг болсон байна.

ЦЭЦ УДАХГҮЙ ТОМ ТОМ АСУУДАЛ ШИЙДНЭ

Цэцийн даргаар Д.Одбаярыг томилоод л, Н.Жанцангийн хугацааг хуулийн бус аргаар сунгагдаад л… Тун удахгүй Үндсэн хуулийн цэц том том шийдвэрүүдийг гаргах болно. Цэцийн түүхэнд байгаагүй ч байж мэднэ. Юу гэвэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан цэцэд очих нь тодорхой. Цэц “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь хэнийх вэ гэдгийг шийднэ гэсэн үг.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэд­гийг ч нэг талд нь гаргахаар ажиллах болно. Томуудаас нь дурдахад энэ.

Тиймээс энэ бүгдэд Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр, байр, суурьтай байхыг учир мэдэх хүмүүс бол Цэцийн гишүүдийг хараад л “уншчихаж” байх шиг байна. Цэц хэмээх цуглуулга болсныг эндээс харж болно. Угтаа Цэцийн гишүүдийг хараад биш Үнд­сэн хуулийг уншиж байж гарах шийдийн зүг чигийг мэдэх учиртай юм сан.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих