“Чимээгүй байх тоглоом”

527-15077685667rs22unb55s53thcp16fuqkv17-“Төлбөртэй” гэсэн юм бүхнийг өнөөдөр төрөөсөө эхлээд дээр дооргүй “шуналын улмаас” гэж ойлгодог, үүнээсээ болоод нүд үзүүрлэдэг нийгмийн хандлага газар авав. Тийм ч учраас улсын төсвийн тодотгол УИХ-д өргөн баригдсанаас хойш “хувьсах зардлыг нь хасъя” гэдэг санаачилга хувийн цэцэрлэг, сургуулиуд дээр яригдаж, хэвлэлүүд ч энэ сэдвээр шуураад эхлэв…-

Цэцэрлэгийн багш нарт нэг хөөрхөн тоглоом бий. Хүнд хэлэхэд хэцүү ч тэрхүү тоглоом нь “чимээгүй байцгаая” гэдэг нэртэй. Хоёр багштай хэр нь тавь, жаран хүүхэдтэй улсын цэцэрлэгийн зарим ангийнхан үе үе “чимээгүй байх тоглоом” тоглоцгооно. Хүүхдийн хөлийн чимээ битгий хэл сандлын хөлийн чимээ гарахгүй гэдэг дүрэмтэй. Стандартаас давсан ачаалалтай цэцэрлэгийн багш нар хааяа ийм заль хэрэглэх нь хэн, хэнд нь хэсэг ч болов тайвшрал өгдөг байх нь…
Ер нь цэцэрлэг гэдгийг манай дарга нар юу гэж ойлгодог бол?! Ухаалаг төр бол хорин жилийн дараах улс орныг авч явах иргэд маань бэлтгэгдэж байгаа тэр л байгууллагуудыг одооноос анхаарч, хайр, халамжаа хүртээж байх учиртай.
Харин манай төр сургуулийн өмнөх боловсролын байгууллага гэдэг статусыг хэдэн жилийн өмнөөс бүр мартчихаад хүүхэд агуулах байшин, барилгын түвшинд хараад хэвшчихэв. Цэцэрлэг гэж ярих болгондоо цэцэрлэгийн барилгын тоо, тэр барилгадаа багтаах хүүхдийн тоо л ярих болсноос биш нэг багшид ногдох хүүхдийн тоо, хөтөлбөр агуулгын талаар ярихаа байсан. Уг нь олон барилга бариад олон хүүхэд хамруулах нь зөв боловч энэ нь эцсийн зорилго хараахан биш. Тэнд хүүхдүүд баяр баясгалантайгаар сурах ёстой. Үүнийг ч “Цөм” хөтөлбөр шаарддаг. Энэ л эцсийн зорилго болохоос биш тэнд хүүхдүүд тавь, жараараа нийлж аваад “чимээгүй байх тоглоом” тоглох гэж цугладаг юм биш шүү дээ.
Хувийн хэвшлийн зарим цэцэрлэг хүүхдүүдээ зураг, хөдөлмөрийн хичээл дээр бараг л “гурил, будаагаар” тоглуулж байна. Амандаа хүргэх битгий хэл идсэн ч аюулгүй гэдэг стандарттай шавар, будаг, харандаа гэх мэт сургалтын хэрэгслийг ашигладаг. Япон, Солонгос, Германаас сургалтын хөтөлбөрийн лицензийг худалдаж авдаг. Зориод байгаа “Цөм” хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжих бололцоо “төлбөртэй” гэж ад үзэгддэг хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулиуд дээр л ойртож очиж байгаа нь үнэн.
Эцэг, эхчүүдээс авдаг төлбөрөөрөө хувилбар бүхий хөтөлбөр, стандартын ор, хэрэгсэл авахаас гадна багш нэмж авдаг, багш нарынхаа цалинг нэмдэг. Улсын цэцэрлэгүүдийн ачааллыг хуваалцах, хүрэлцэхгүй байгаа цэцэрлэгийн тоог нэмэхэд хувийн хэвшлийн буюу төрийн бус өмчийн 450 гаруй цэцэрлэг өнөөдөр хувь нэмрээ оруулаад явж байна. Тэдний дунд мэдээж сайн нь ч бий, тааруу нь ч бий. Гэхдээ л тэд дор бүрнээ төлбөртэйгөө дүйцэх үйлчилгээ үзүүлээд үүргээ гүйцэтгэж байгаа.
Төлбөртэйгөө дүйцэх орчин, сургалт, хөтөлбөрийг хүртээж чадаж байна уу гэдэгт төр болон эцэг, эх хяналт тавиад, шаардлага хангахгүй бол чангалаад яваад байх бололцоо ч бий. Тийм байтал “төлбөртэй” гэсэн юм бүхнийг өнөөдөр төрөөсөө эхлээд дээр дооргүй “шуналын улмаас” гэж ойлгодог, үүнээсээ болоод нүд үзүүрлэдэг нийгмийн хандлага газар авав.
Тийм ч учраас улсын төсвийн тодотгол УИХ-д өргөн баригдсанаас хойш “хувьсах зардлыг нь хасъя” гэдэг санаачилга хувийн цэцэрлэг, сургуулиуд дээр яригдаж, хэвлэлүүд ч энэ сэдвээр ид шуурч байна. Эдийн засаг хүнд үед төсвийн хэмнэлт, сахилга бат чухал ч аливаа нийгэмд хүн амын өсөлт, хүний хөгжил дагаж бий болдог зайлшгүй зардал гэж бий. Цэцэрлэгүүд болон ерөнхий боловсролын сургуулиудад хувийн, төрийн гэж ялгалгүй олгож байгаа “ХУВЬСАХ ЗАРДАЛ” гэдэг ойлголт бол чухамдаа хүний хөгжил дагасан зардал.
Хүүхдийн регистрийн дугаарын бүртгэлээр төсвөөс гарч байгаа энэ зардлыг хэн аваад байна гэдэгт анхаарлаа хандуулах биш хүний хөгжил дагасан зайлшгүй зардал гэж харах бодлогын хэмжээний сэтгэлгээ төрд ч, олон нийтэд ч дутаж байгаа хэрэг. Хүүхдийн тоо зааж олгодог уг зардлыг хуульчлахдаа “багшийн цалин болон нийгмийн даатгал, хичээл, сургалтын хэрэгсэлд зарцуулна” гэж зориулалтыг нь зааж өгдөг.
Хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулиуд багш, ажилтнуудынхаа цалинг эцэг, эхчүүдээс авч байгаа төлбөрөөс болон төрөөс олгож байгаа хувьсах зардлаас бүрдүүлж байж улсад ажиллаж буй багш нарынхаас өндөр цалин олгодог. Өнөөдөр тэмцэл өрнүүлж буй багш нарын хүсээд буй 1.6 сая төгрөгт дөхөх хэмжээний цалинг хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулиуд багш нартаа өгч байгаа учраас тэд эсэргүүцлийн ажил хаялтад нэгдэхгүй байгаа хэрэг. Гэтэл тэдэнд нэмүү цалин болж очиж байгаа хувьсах зардлыг танах замаар бусад багш нарын цалинг нэмнэ гэдэг бүр буруу.
Хүүхдийн мөнгө гэдэг халамжийн бодлого дээрээ хүүхдийг баян, ядуу гэр бүлд төрснөөр ялгаварлаж ирсэн бол өнөөдөр төлбөртэй, төлбөргүй цэцэрлэгт сурснаар нь ялгаварлахаар төрийн түшээд нь ярьж байна. Хүн амаа өсгөх, хөгжүүлэх бодлого чухал гэж үзэж байгаа бол аль алийг нь ялгаваргүйгээр олгох нь шударга биш үү. Хүүхэд ч бас иргэн. Энэ улс орон өнөөдөр хямарч байж болно, энэ бол хоёр, гурван жилийн л циклтэй түр зуурын үзэгдэл.
Харин энэ улс цаашид зуу, зуун жилдээ оршин тогтнож, хөгжин дэвших хувь заяатай гэж итгэдэг бол тэрхүү ирээдүйд улс орныг авч явах хүүхэд-иргэдээсээ хэмнэлт бүү хай. Хичээж байгаад зайлшгүй зардлыг нь төлөвлөж, цаашлаад төсвийг нь нэмэгдүүлэх нь ирээдүйг харсан бодлого болно. Хувьсах зардлыг хуваарилж буй механизм, хүлээж буй үр дүндээ хяналт, шаардлага тавих нь харин зөв байх. Хүндээ, иргэндээ, тэднийхээ хөгжилд зориулж буй зардал дээрээ хэлээ хазаж байгаад ч болов төрийн түшээд минь “чимээгүй байх тоглоомын” дүрэм хэрэгжүүлбэл ямар вэ?!
З.Боргилмаа
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Нэр: зочин Огноо: 12 October 2017

СУРГУУЛЬ,ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ЗААХ АРГА БАЙХГҮЙ БҮДҮҮЛЭГ НЬ ТУЙЛДАА “ОРК”,ХҮҮХЭД ДАРАМТАЛЖ ЗОДОХООС ӨӨР ЮУ МЭДДЭГ ЮМБЭ?ЯДУУ ЗҮДҮҮ АМЬДРАЛЫНХАА БУХИМДЛЫГ ЮМНЫ УЧИР МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ГАРГАДАГ НЬ ХУДЛАА ЮМ УУ?иМАНАЙ 2Р АНГИЙН ХҮҮХЭД БАГШ ӨНӨӨДӨР НАМАЙГ ЗОДСОНГҮЙ ДЭВТРИЙГ Л ШАЛГАЛАА ГЭЭД БАЯРЛАЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ0

Сэтгэгдэл бичих