Шүлхийн хорио цээрийг ирэх долоон хоногт цуцална
Нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээлснээр шүлхийн хорио, цээр одоо ч үргэлжилж байна. Уг өвчнөөр өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог бууруулдаг журамтай байдаг. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг цуцлах аж. Үүний дараа шүлхийн улмаас яг хэдий хэмжээний хохирол учирч, ямар зардал гарсныг нэгтгэх юм.Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү тархаж, Улаанбаатарын ойролцоо амьдардаг өрхийн мал хүртэл халдвар авсан. Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн даваа”-ны задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
-Дундговь аймгаас ирж, Морингийн даваа орчимд зусаж намаржсан айлыг шүлхийн вакцинд хамруулаагүйн малаас халдвар тархсан болохыг албаны хүмүүс тогтоосон.
-Морингийн даваа орчимд 4х3 км талбайд тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулаагүй байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мөн шүлхий өвчин гарсан.
-Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Шижирийн аманд оршин суудаг малтай иргэний 17 үхэр гэнэт үхсэн юм. Тэгвэл үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин байгаа нь батлагдсан тул өвчин гарсан голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.
URL: