Н.Батбаяр: Оюутолгойд хөрөнгө оруулалтын гэрээ байх албагүй
Оюутолгойн гэрээний Монголд ногдох хувиас үүдэлтэй үүсээд буй маргааны талаар УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа.
Та Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилж байгаа гишүүдийн нэг. Гэрээний алдаатай заалтуудыг засах ёстой гэсэн байр суурь дээрээ хэвээрээ юу?
Өнөөдөр Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд байгаа заалтууд Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна. Тиймээс гэрээний заалтуудыг өөрчлөх ёстой. Би анхнаасаа үүнийг л хэлсээр ирсэн. Тэр байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Гэрээг өөрчлөхийн төлөө Монголын төрийн байгууллагууд, төрийн түшээд, холбогдох хүмүүс ажиллах үлдээд байна. Хүсэх үү, эс хүсэх үү, хүсч байгаа хүн олон байна уу, хүсээгүй нь олон байна уу гэсэн эргэлзээ бий. Гэрээ байгуулсан хүмүүс өнөөдөр албан тушаал дээрээ байгаа. Тэд гэрээнд алдаа байна гэж ойлгож байна уу, үгүй юү гэдгээс олон юм хамаарна. Гол нь алдсан хүн алдаагаа засдаг байх ёстой. Үгүй гэж зөрүүдлээд байвал үүний цаана юу нуугдаж байна вэ, ямар эрх ашигт үйлчлээд байна вэ гэсэн дараагийн ноцтой давхар асуудал үүснэ. Монгол Улсын эрх ашиг гэж нэг л юм бий. Байгуулсан гэрээ үг үсгээрээ мөрдөгдөөд явдаг. Гэтэл байгуулсан гэрээний үг үсэг Монголын эрх ашгийг ноцтой зөрчсөн тул өөрчлөх, залруулах ёстой. Санамсаргүй алдаа гаргасан гэж үзвэл тэр шүү дээ. Санаатай хийсэн бол хариуцлага тооцож байранд нь тавих ёстой гэсэн байр суурьтай байна.
Давуу эрхийн хувьцаа гаргаснаар Монголын талын хувьцаа яаж буурна гэж та тооцоолоод байгаа билээ?
Оюутолгой ХХК-д санхүүжилтийн хугацааны үед давуу эрхийн хувьцаа гаргах аргаар дөрвөн тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө босгох тохиолдолд манай талын хувьцаа эзэмшилтийн харьцаа алдагдахаар байгаа юм. Үүнийг тайлбарлавал, хөрөнгө босгохын өмнө Монголын тал компанийн 34 хувийг эзэмшихээр байгаа. Компанийн хэмжээ нь нэг тэрбум ам.доллар. Харин хөрөнгө босгосны дараа компанийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллларт хүрч, хөрөнгө босгохоос өмнө хувь эзэмшлийг 100 хувь бүрдүүлж байсан энгийн хувьцааны эзлэх жин 20 хувь болж буурна. Давуу хувьцаанаас манай талд ирэхгүй. Энэ юуг хэлээд байна гэвэл хөрөнгө босгосны дараа компанийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигч Монголын тал давуу эрхийн хувьцаа авах эрхгүй тул нийт компанид эзлэх хувь 6,8 хувь болж буурна. Айвенхоу Майнз компани 93,2 хувийг эзэмшинэ гэсэн үг.
Компанийн хуульд энгийн болоод давуу хувьцааг яаж эзэмшинэ гэж заасан байдаг юм бэ?
Компанийн тухай хуульд компанийн нийт хувьцаа энгийн болон давуу эрхийн хувьцаанаас бүрдэнэ гээд биччихсэн байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үүргийг УИХ-аас өгөхдөө компанийн нийт хувьцааны 34 хувь Монголын талд ногдоно гэчихсэн байгаа. Үүнд энгийн хувьцаа ч орно, Давуу эрхийн хувьцаа ч орно. Гэтэл үүнийг Оюутолгойн гэрээнд заахдаа энгийн хувьцаа гээд өөрчилчихсөн. Компаний тухай хуульд давуу эрхийн хувьцаанаас талууд хувь эзэмших, ногдол ашиг авах эрхтэй гэсэн заалт бий. Түүнийг захиран зарцуулах эрх бас бий. Хүнд зарж, барьцаалж, ер нь яаж ч болно. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр дүн өөрчлөгдөхгүй гэдэг биз дээ. Гэтэл нэмэгдэхүүн дотор нэмсэн тоо хоёр байснаа гурав болчих юм бол, нэг юмыг хоёр хүн хувааж байснаа гурван хүн болчихвол нэг хүнд ногдох хувь хэмжээ буурна аа даа. Тиймэрхүү л зүйл Оюутолгойн гэрээнд болоод байна.
Гаднынхан монголчуудыг хамгийн тэнэг хүмүүс ч гэж боддог байж магадгүй. Тэгвэл Монгол бол Африк биш. Төрт ёсны 2200 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа улс. АНУ гэж байгаагүй байхад Монголын эзэнт гүрэн байсан. Юун Австрали гээд хэлчихье. Тийм болохоор монголчуудтай “Хойноос ирээд хот миний, хотонд ороод хонь миний” гэж харилцаж болохгүй л дээ. Аливаа гэрээ шударга, харилцан ашигтай байх ёстой. Бидэнд баялаг, тэдэнд техник технологи, мөнгө байвал хамтраад ажиллах ёстой. Гэтэл нөгөө тал мөнгө гаргах биш, манай баялаг дээр дөрөөлж хувьцаа гаргаж мөнгө босгоод тэндээс орж ирсэн орлогоо манайд өндөр хүүтэйгээр зээлүүлэх гэрээ хийчихсэн.
Айвенхоу Майнз компанийн хувьцаа өнөөдөр үнэлэгдээд нийт компанийн үнэлэмж нь 13 тэрбум ам.доллар болчихсон байна. Нэгж хувьцаа нь Нью-Йоркийн бирж дээр 20 гаруй ам.доллар болоод өсчихсөн. Энэ яаж ингэж өсөв өө. Монголын Оюутолгой гэдэг газарт баялаг байж байгаа учраас Айвенхоу Майнзийн хувьцаа өссөн. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө Оюутолгой Монголын өмч байсан биз дээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан цагаас хойш өмчлөлийн харьцаа нь сонгодог утгаараа Айвенхоу Майнзийнх болчихсон. Хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг бол Засгийн газрын баталгаа болчихож байгаа юм. Манай орд Айвенхоугийнх болчихоод, манай Засгийн газрын баталгаан дээр Монголын ордоос Айвенхоу хөрөнгө босгож байна. Тэр мөнгө нь шууд хөрөнгө оруулалт болоод ороод ирэх ёстой байтал түүнийгээ давхар бидэнд зээл болгож өгөөд давхар хүү босгочихож байгаа юм. Манай баялаг дээр мөнгө босгочихоод түүнийгээ зүгээр хөрөнгө оруулалт болгоод оруулчихгүй жилийн 10 гаруй хувийн хүүтэй зээл болгочихсон. Ингэж болохгүй гэж би хэлээд байна.
Зээлийн хүү нь бас нэлээд өндөрт тооцогдож байгаа байх аа?
Зээлийн хүүг 9,9 хувь гээд хатуу тогтоочихсон байгаа. Хэзээ ч үүнээс доош хувьтай байхгүй. Гэтэл дэлхийн зах зээл дээр хүү хамаагүй доошоо буучихсан. Дээр нь АНУ-ын хэрэглээний үнийн индексийг нэмнэ гэж гэрээнд хийсэн байгаа. Америкийн үнийн индекс ер нь манайд ямар хамаатай юм, тийм биз дээ. Ийм байж болохгүй. Харилцан ашигтай, аль аль талдаа үр өгөөжтэй гэрээ хийвэл болохгүй юм байхгүй л дээ. Гэтэл ашиг нь ингээд нэг талдаа байгаад байгаг гайхаж байна. Ингээд өнөөдөр манайх дөрвөн тэрбум ам.доллар алдаад сууж байна.
Та зөвхөн Оюутолгойн 34 хувь биш, Айвенхоугийн нийт хувьцааны 34 хувийг манай тал эзэмших ёстой гэж хэлж байсан бил үү?
Монгол Улс Оюутолгойн 34 хувийг эзэмшинэ гэж байгаа л бол хөрөнгийн зах зээл дээр боссон хөрөнгийн мөн 34 хувийг эзэмших ёстой биз дээ. Гэтэл манайх гэрээ байгуулахдаа жижиг Оюутолгой дээр байгуулчихаад том толгой компанийн хувьцаан дээр оролцох эрхгүй хийчихсэн. Тэр компаний хувьцааны үнэ Монголын Оюутолгой дээр дөрөөлж өсч байгаа л бол толгой компани, охин компани хоёрын хувьцаа хоорондоо ямар ханшаар хөрвөх ёстой юм гэдгийг тогтоож өгөх ёстой байсан. Түүнийг хийгээгүй. Тэрнээс болоод өнөөдөр бид дор хаяж дөрвөн тэрбум ам.доллар алдчихаад сууж байна. Дээр нь нэмээд өртэй болчихсон. Оюутолгойд гаднынхан эзэн суучихаад монголчууд тэднээс ажил гуйдаг. Хэвлэлүүд ч манайд реклам тавиад өгөөч гээд ажил гуйдаг биз дээ. Эцсийн эцэст бидний юмыг Айвенхоу Майнз луйвардаж авчихаад эргүүлээд үнэтэй зарж байна.
Өнгөрсөн жил Канадын хамгийн өндөр цалинтай топ менежерүүдийн эхний гуравт Оюутолгойн меенежерүүд орсон гээд бод. Тэд жилийн бараг 10 сая ам.долларын орлоготой байна. Хүний юмаар хүүдэгнэнэ гэдэг тэр. Манай Засгийн газар яагаад ингэж доромжлуулаад байна гэсэн асуудал эндээс гарч ирж байна. Мэдэхгүйдээ ингээд байна уу, мэдэн будилаад байна уу. Яагаад буруу байгуулсан гэрээгээ засахгүй байгаа юм. Энэ бол Монголын 2,7 сая иргэний хувьцаа болохоос биш Н.Батбаярын, С.Баярцогтын хувьцаа биш биз дээ. Оюутолгой, Тавантолгой босчихоор монголчуудын амьдрал сайхан болно гэсэн чинь байхгүй. Орж ирж байгаа мөнгө нь нийт ард түмэнд биш, хэсэгхэн бүлэг хүн рүү явж байна. Бүр Монголын хил рүү ч тэр мөнгө орж ирэхгүй. Монголын нэрээр мөнгө босгоод л гадаадаас гадаад руу явчихаж байна.
Оюутолгойн ТУЗ өнөө маргаашгүй хуралдах гэж байна. Рио Тинтогийн Ерөнхий гүйцэтгэх захирал Том Албаниз ирэх юм байна. Тэр үеэр манайх барьцаа чангалж авч чадах болов уу?
Манай талын хүмүүс яаж оролцох вэ гэдгээс л дахиад хамаарна шүү дээ. Гаднын хүн бол гар бариад бугуй барихыг л хүснэ. Ийм асуудал босоод байхад Ерөнхий сайд С.Батболд дуугүй суугаад байгааг гайхаж байна. Монголын хувь заяаг ярьж байна шүү дээ, одоо. С.Батболд бол энэ зэргийн юмыг мэдэхтэйгээ толгой шүү дээ. Гэрээ байгуулсан Засгийн газрын гишүүд хувьцааны хувь буурсан юм байхгүй гээд суугаад байгаа. Аргагүйдээд одоо би захидал бичээд сууж байна.
Ерөнхий сайдад уу?
ҮАБЗ-д захидал бичиж байна. Янз янзын асуулга зөндөө тавьсан. Айвенхоу Майнзийн хувьцааны үнийн өсөлтийг л аваад үзье л дээ. 2009 оны зургадугаар сарын 29-ний өдөр хувьцааны үнэ 5,48 ам.доллар, зах зээлийн үнэлгээ 2,9 тэрбум ам.доллар байсан байна. Гэтэл энэ 2010 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар компанийн үнэлгээ 14,3 тэрбум ам.доллар болж тав дахин өссөн байна. Гэтэл тэднийд ашиг, манайд зөвхөн өр нэмэгдээд байгаа биз дээ. Яагаад 2009 оны зургадугаар сарын 29-ний өдрийг онцолсон бэ гэвэл УИХ тэр гэрээг хэлэлцэж эхэлсэн өдөр. Бүр тодруулбал, Ардчилсан намын бүлэг дээр хэлэлцэж эхэлсэн өдөр. Манай бүлгийн олонх гишүүн гэрээг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан өдөр. Тэгэхэд ганцхан хоногийн дотор, маргааш нь л Айвенхоу Майнзийн хувьцааны ханш 30 хувиар өссөн байдаг. Ердөө л Оюутолгойн гэрээг хэлэлцэх нь зүйтэй гэсэн бүлгийн гишүүдийн шийдвэр гарахад ханш 30 хувиар өсч байна гэдэг нь Айвенхоу Майнзийн хувьцааны ханш Оюутолгойгоос шууд хамааралтайг нотолж байгаа эдийн засгийн үзүүлэлт гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь толгой компани, охин компанийн хувьцааны харьцаа хоорондоо 1:1 гэсэн ханшаар холбогдох ёстой гэдгийг эдийн засгийн нотолгоогоор харуулж байна гэсэн үг. Оюутолгойн орд байгаа учраас, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан учраас л Айвенхоу Майнзийн хувьцаа ингэж өсчээ. Тэгэхээр Монгол Улс зөвхөн жижиг Оюутолгой гэдэг компанийн хувьцааны 34 хувийг эзэмших биш, том компанийнх нь бас 34 хувийг эзэмших ёстой байсан. Эсвэл том компани, охин компани хоёрын хувьцаа хоорондоо хөрвөх ханштай байх ёстой. Тэгсэн бол бид шууд бусаар ашгаа эзэмшээд явах байсан. Гэрээ байгуулахдаа толгой компани, охин компанийн хувьцаа хоорондын хөрвөх харьцааг тогтоогоогүйгээс болж Айвенхоу Майнзийн олон улсын бирж дээрх үнэлгээ нь Монголын талд хамааралгүй болжээ. Гэрээ байгуулснаас хойш Айвенхоу Майнзийн зах зээлийн үнэлгээний өсөлт 7,2 тэрбум ам.долларт хүрсэн. Түүнээс Монголын талд ногдож болох байсан 34 хувь буюу 2,45 тэрбум ам.долларыг манай тал эзэмших боломжоо алдаад байна. Хэрэв үүнийг авсан бол, бид зүгээр л 34 хувиа зарчих юм бол дөрвөн тэрбум ам.доллар ороод ирэх байжээ. Тэгвэл тэр мөнгө хэний халаасанд орсон юм бэ.
Арбитрын шүүхэд энэ асуудлаар хандаж болох уу?
Арбитрын шүүх үүнийг яах ч үгүй. Анхнаасаа хууль зөрчөөд гэрээ байгуулчихсан. Тэр дөрвөн тэрбум ам.доллараа алдаагүй бол манайх хөрөнгө оруулалтын асуудлаа толгой өвдөхгүй шийдчихсэн байх ёстой байсан. Анх 2007 онд хөрөнгө оруулалт нь 2,4 тэрбум ам.доллар гэж орж ирж байсан. Одоо тэгтэл таван тэрбум болчихсон явж байна. Бүр 6,8 тэрбум ам.доллар ч болчихсон байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоолд бол анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх ёстой. Харин энэ янзаараа бол бидний мөнгөний бараа харах хугацаа цаашаа л яваад байна гэсэн үг. Энэ цаашаа даамжрах юм бол сайн юманд огт хүргэхгүй шүү. Дээр нь өнөөдөр Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль үйлчилсэн хэвээрээ байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цуцлагдана. Ийм байхад 68 хувийг цуцална гэсэн хүчин төгөлдөр болоогүй хуулийг үндэслэж Оюутолгойн гэрээг хийсэн.
Энэ алдааг засах боломжтой юу?
Гэрээг хүчингүй болгох ёстой. Тийм эрх нь манайд бий. Гэрээг байгуулсан Засгийн газар үүнд дүгнэлт хийх ёстой. Засгийн газарт гэрээ байгуулах эрх олгосон УИХ дахиж авч үзэх учиртайй. Заавал хөрөнгө оруулалтын гэрээ байх ёстой эсэхийг ч бодох ёстой. Үүнийг өнөө маргаашгүй болох ТУЗ-ийн хурлаас хүлээж байна.
URL: