Хулгайн хэргээр ял эдэлж байсан хүн АТГ-т ажилладаг юм байна
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараахь мэдээллийг өгөв.Тэрбээр “АТГ-ын олон нийтийн зөвлөл есдүгээр сарын 25-нд байгуулагдсан. Үүнээс хойш АТГ-ын 2016,2017 оны батлагдсан төсөвтэй танилцаж, зарцуулалтад нь хяналт тавьсан. Туслах үйлчилгээний зардал гэгч зардал байдаг юм байна. Төрийн төв байгууллага болох 109 байгууллагад цалингийн 40 хувийн нэмэгдэл аваад тэнд байгаа ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцдаг 1570 ажилтан байдгийг мэдлээ. Мөн 21 аймагт 300 мянган төгрөгөөр цалинждаг нийслэл, дүүрэг, яам, тамгын газар агентлагуудад 500 мянгаар цалинждаг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд гэж байдаг юм байна. Энэ хүмүүс яг ямар үр дүнтэй ажиллаж байгааг бид энэ сарын сүүлээр олон нийтэд дахиад мэдээлнэ.
Олон нийтийн зөвлөлд иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байна. Одоогоор 28 өргөдөл ирсэн байгаагаас хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замын эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон хүмүүс АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тодорхойлолт авахгүйгээр шууд томилогдсон юм байна. 2015 онд авлигын хэргээр ял авсан хүн тэнд Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэж хүн Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдсон байна.
Зам тээврийн яамны дэд сайд нь өөрийн машины шатахууныг Төмөр замаас авдаг байжээ
Хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэдэг хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг юм байна. Энэ асуудлыг шийдэхийг хүссэн өргөдөл гомдол АТГ-т ирж байсан ч шийдэхгүй өдийг хүрчээ. Тиймээс манай Олон нийтийн зөвлөлд асуудал тавьсан. Бид энэ асуудлаар Улаанбаатар төмөр замд хандахад тэдгээр албан тушаалтнуудыг аравдугаар сарын 2-нд ажлаас халсан гэсэн албан бичиг ирүүлсэн.Өчигдөр ажлаас халсан гүйцэтгэлийг шалгахаар очиход тухайн хүмүүсийг албан тушаал бууруулаад орлогч болгоод, ажлаас нь халаагүй байсан. Монголд чадвартай мэргэжилтэнүүд ажилгүй байхад яагаад заавал залилан, хулгай, авлигын хэргээр яллуулж байсан этгээдүүдийг албан тушаалд нь хадгалаад байгаа вэ гэдэг анхаарал татаж байна.
Мөн “шилэн” хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг юм байна. Энэ нь ашиг сонирхолын зөрчлийн тухайн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Энэ байдлыг АТГ одоо хүртэл зогсоогоогүй байна.
Манай олон нийтийн зөвлөлөөс цаашид Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Дээд Шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын хороо гээд яг АТГ-тай харилцаатай, авилгалын үр дүнг гаргаж байдаг байгууллагуудтай энэ сарын 16-наас уулзалт хийх саналуудаа хүргүүлсэн.
Энэ сарын 04-нд манай Олон нитийн зөвлөлийн утас улайстлаа дуугарч, хөдөлмөрчдөөс маш олон шүүмж хүлээж авлаа. Юу вэ гэвэл АТГ-т улс төрийн захиалгаар ажил явагдаад байгаа юм биш үү. Та нар энэ байдлыг хянаж чадаж байна уу гэж асууж байна. АТГ улс төрөөс ангид байна уу, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадаж байна уу гэдгийг бид хянах үүргээ хариуцлагатай гүйцэтгэх болно” гэв.
URL: