Бид цул байж чадахгүй бол дарангуйлагчид нэг нэгээр нь барьж иднэ
Өнөөдөр дэлхийн телевизийн өдөр тохиож байна. 1996 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-аас дэлхийн телевизийн анхны форумыг зохион байгуулж байсан түүхтэй. Харин 1998 оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ өдрийг Дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэхээр зарлаж байсан юм. Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа “ТV 9” телевизийн захирал Ц.Энхбатыг урьж, ярилцлаа.
Сүүлийн үед “ТВ 9” телевиз, Зууны мэдээ сонинг татан буулгаж, төрийн мэдэлд өгье гэсэн яриа эрх мэдэлтнүүдийн зүгээс гарах болсон. Мэдээж Н.Энхбаярын телевиз гэдэг утгаараа ийм хандлага гаргасан нь ойлгомжтой.
Гэвч үе үе дэлхий нийтэд дуулиан тарьж чаддаг “Wikileaks” сайт манай улсын хэвлэл мэдээллийн салбарт судалгаа хийсний эцэст 98 хувь нь улстөрийн нам, хүчний мэдэлд байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүнд “С1” телевиз ЗТБХБ-ын сайд Х.Баттулгынх /АН/, “Eagle” болон “Боловсрол” телевиз Батлан хамгаалахын сайд Лу.Болдынх /АН/, “NTV” телевиз УИХ-ын дэд дарга Х.Батхүүгийнх /АН/, “ТV 5” телевиз УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн болон МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Сарангэрэлийнх /МАН/, “TV 9” телевиз Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынх /МАХН/, “MN 25” суваг телевиз УИХ-ын гишүүн З.Алтай болон Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэх зэргээр АНУ-ын ЭСЯ-наас Төрийн ордондоо мэдэгдсэнийг “Wikileaks” сайт олон нийтэд дэлгэжээ. Харин сүүлийн үед нээгдсэн “SBN” телевиз УИХ-ын гишүүн асан С.Болдхэтийн /АН/мэдэлд байдаг бол “Шинэ дэлхий” телевиз МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Хүрэлсүхийнх /МАН/ ажээ. Мөн “BTV” телевиз УИХ-ын гишүүн Ц.Батбаярынх /МАН/, “Эх орон” телевиз “Ажнай”-н н.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Д.Батбаярынх /АН/, “Шууд” телевиз Монгол киноны гэгддэг Т.Солонгынх /АН/ бол “Star” телевиз УИХ-ын гишүүн С.Эрдэнийх /АН/ юм байна.
-Та болон танай хамт олонд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс Дэлхийн телевизийн өдрийн мэндийг хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
-Баярлалаа. Монголын телевизүүдийн ихэнх нь есдүгээр сард анхны эфирээ цацсан байдаг. Манайх ч мөн адил. Харин өнөөдрийн тухайд дэлхийн телевизийн өдөр тохиож байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн хамт олондоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Саяхан “Wikileaks” сайтаас хийсэн судалгаагаар хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрийн мэдэлд шилжсэн тухай дурдсан байсан?
-Тэр судалгаанд ямар үйл ажиллагаа явуулж, хэнд ажиллаж, ард нь хэн байна гэх зэргийн асуулгад хариулт авсан байсан. Тэгэхэд манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 98 хувь нь МАНАН-д үйлчилж байгаа дүн гарсан. Ард түмний төлөө ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллага бараг үгүй болж. Өөрөөр хэлбэл эрх барьж буй намуудын мэдэлд бүрэн шилжчихэж. МАНАН-гийн хамгийн том мэдээллийн хэрэгслээр МҮОНРТ гэж гарсан байна. Эрх барьж буй, төр засгийн төлөө тал засан дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж гэдэг утгаар нь иргэд ийнхүү тодотгож байгаа хэрэг. Тиймээс л ийм дүгнэлтэд хүрсэн. МҮОНРТ-ийн хууль гарсан ч амьдралд хэрэгжсэнгүй. Өөрөөр хэлбэл АН, МАН гэсэн улстөрийнхний мэдэлд ажилласаар ирлээ.
-Танай телевиз ч гэсэн Н.Энхбаярын үед МАХН-д үйлчилж байсан биз дээ. Өнөөдөр ч МАХН-ын телевиз хэвээрээ байгаа?
-Мэдээж “TV 9” телевизийн талаар дуугүй өнгөрөхгүй ээ. Үүсгэн байгуулагч нь Н.Энхбаяр дарга. Гэхдээ Н.Энхбаяр дарга хэзээнээс манай телевизийн үйл ажиллагаанд оролцдоггүй. “TV 9” телевиз өөрийн зорилготой. Тиймээс өнөөдөр олон нийтийн төлөө, ард иргэд, сөрөг хүчний цорын ганц дуу хоолой болж яваа.
-Сөрөг хүчний дуу хоолой болж чадаж байгааг тань бид харж байгаа. Гэвч улстөрийн хүчнүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ шүү дээ. Одоо бүр танай үйл ажиллагааг зогсох тухай ч яригдаж байна?
-Улстөрийн хүрээнийхэн албан тушаал, хөрөнгө мөнгө гээд бүхий л боломжийг ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрсдөдөө үйлчлэхийг хүсэж, шахаж байна. Засгийн газрын шахалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Телевизүүдийг зохицуулах журам”-ыг гаргасан. Хуулийнхаа дээр нь гарчихсан тэр журмыг Монголын телевизүүдийг “журамлах, цэгцлэх” зорилгоор бий болгосон. Телевизүүдийг эдийн засгийн дарамтад оруулах, үйл ажиллагааг нь боймлох журмыг энэ Засгийн газар гаргасан. Энэ журам нь 1990 онд татан буугдсан хэвлэлийг цензурддэг “Хэвлэл, утга зохиол хянах газар”-ыг санагдуулдаг.
Харин саяхан Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн барьсан. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьж буй нь Монгол Улс ардчиллын суурь үндсийг хадгалах зарчимтай төсөл байна лээ. Тиймээс УИХ-ын гишүүд дэмжээсэй гэж хүсч байна. Тэр төсөлд төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, боох, цензурдэж, хянах зэрэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг заасан. Хэрэв энэ хууль батлагдвал Монголд хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаараа хэрэгжүүлж, дөрөв дэх засаглалыг хөгжүүлэхэд бодитой дэвшил болно гэж үзэж байна.
-Танай телевизийн хувьд өөрсдийн байр сууриа хамгаалж чадаж байгаа юу?
-“TV 9” телевиз бол ард түмний үгээ хэлэх цорын ганц чөлөөт индэр, сөрөг хүчин болж байгаа. Тиймээс МАНАН бидэнд тааламжтай бус ханддаг. Хэдийгээр тэдний төлөө 20 гаруй телевиз дуугарч байгаа нь хангалтгүй бололтой. Тиймээс ганц телевиз эсрэг байр сууринаас хандаж буй нь тэдэнд таалагддаггүй.
Өнөөдөр улс орон, ард түмний эрх ашиг, ирээдүйн төлөө олон хүний зүрх сэтгэл цохилж байна. Зөвхөн УИХ-ын гишүүд Монгол Улсын төлөө ажилладаг юм биш. Мянга, мянган иргэн, мэргэжилтэн улс орныхоо төлөө санаа зовж, ирээдүйгээ яах вэ гэж санаашрах нь санааширч, шаналах нь шаналж явна. Энэ дуу хоолойг л таслах ёстой юм шиг байгаа юм. Тиймээс манай телевиз рүү янз бүрийн шахалтууд ирдэг л дээ. Цаашид ч улам ихээр оролдохыг үгүйсгэхгүй.
-Ямар дарамт үзүүлж байна?
-“TV 9” телевизийн сэтгүүлчдийг дарамталж, зүрх зоригийг нь мохоох оролдлого эхэлсэн. Дараа дараагийн алхмаа төлөвлөсөн гэх мэдээлэл бидэнд ирсэн. Гэхдээ бид эдгээр шахалт дарамтаас няцахгүй. Учир нь бидэнд мянга, мянган үзэгч, хамтран ажиллагч байгууллага бий. Эд маань манай телевизийн хүч, цөм болдог. Хэрвээ ямар нэгэн байдлаар “TV 9” телевизэд асуудал үүсвэл “TV 9” телевиз ямар хүчтэй вэ гэдгээ харуулна. “ТV 9” телевизийг хүрээлдэг олон нийт бидний талд зогсоно гэдэгт итгэлтэй байгаа. Монголын иргэний нийгмийнхэн дуу хоолойгоо нэгтгэхээ хэдийнээс амласан. Тиймээс хичнээн дарамт ирж байгаа ч хааж чадахгүй. Тийм үндэслэл ч байхгүй.
-Одоо бүр Сонгуулийн тухай хуулийн төсөлд ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдсан заалт оруулж байх шиг байна. Та мэдээж энэ асуудлыг сонирхсон байх?
-Өнөөгийн эрх баригчдын Сонгуулийн хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан заалтууд хэд хэд байна лээ. Ер нь өнөөдөр манай бүхий л үйл ажиллагаа сонгууль руу чиглэчихэж. Ирэх оны төсвийн төсөл л гэхэд маш үрэлгэн байх жишээтэй. Зорилго нь МАНАН-г 2012 оны сонгуульд ялуулахад чиглэсэн. Эндээс одоогийн эрх барьж буй хүмүүсийн өөрсдийнхөө суудлыг бэхжүүлэх гэсэн санаархал нь анзаарагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ч.Улаан эдийн засагч хүний хувьд “Ирэх сонгуулиар шинэ, эрүүл УИХ бүрдээсэй, улстөрийн шинэ хүчин хурдхан орж ирээсэй. Тэд УИХ-д орж ирэнгүүтээ ирэх оны төсвийг дахин эргэн хараасай” гэж хэлсэн. Энэ чинь улс орныг эдийн засгийн хямрал, сүйрэл рүү хөтөлж буй төсвийг маш хурдан хянаж, үзээсэй гэсэн хэрэг. Энэ тухай ОУВС-гийнхан ч хэлсэн байсан.
Ингэж бүх зүйлийг сонгууль руу хандуулж байгаа нь та бид хоёр тоглох гэж байж тоглоомын дүрмээ өөрсдөө зохиож байна гэсэн үг. Уг нь олон улсын жишигт тухайн сонгуульд оролцох хүмүүс нь Сонгуулийн тухай хуулиа баталдаггүй. Харин дараагийн удаагийнхаа хуулийг баталдаг.
-Телевизийн сурталчилгааны цагийг өдөрт 60 минут болгож багасгасан байсан. Энэ заалт манай салбар руу хэт дотогш давшилж буй хэрэг биз?
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа нь нэг сар орчим. Гэтэл энэ хугацаанд телевизүүдэд нэг өдрийн туршид ганцхан цагийн сурталчилгаа явуулах эрх өгч байгаа юм. Ердөө ганцхан цаг. Тэгээд тэр нэг цагаа өөрсдөө их мөнгө төлж, бүх телевизийн цагийг худалдан авах боломжтой. Тэгээд биднийг хуулиа мөрд гэнэ. Үүний цаана бие даасан, хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн хязгаарлах, боомилох зүйлээ шингээчихсэн. Ийм л байна. Иргэн танд ч чөлөөт сонголт үлдэхгүй шүү.
Булхайг хааж, зөвхөн өөрсдийнхөө хүссэн зүйлийг яриулахыг, нэвтрүүлэхийг хүсч байгаа юм. Үндсэндээ өөрсдийнх нь гарт маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсаар байтал сөрж дуугарах телевизүүдийг ч шахаж байгаа илрэл. Дахиад л ард түмний тархийг угаана гэсэн дохио шүү дээ.
-Энэ тохиолдолд хэвлэл мэдээллийнхэн ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?
-Хэвлэлийнхэн бид үүнийг анхаарах хэрэгтэй. УИХ-д байгаа хэвлэл мэдээллийн төлөө ажилладаг хүмүүс дуугаа нийлүүлэх ёстой. Сонгуулийн хуулийн төсөлд л гэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг сэтгүүлчтэй нь хамт яллах заалтыг шинээр оруулсан. Нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 35-70 дахин нэмэгдүүлж торгоно гээд айлгаж, сүрдүүлсэн утгатай заалт оруулсан байна лээ. Алдаа гэж үзсэн болгоныг 10 сая төгрөгөөр торгож, мэдээллийн хэрэгслийг эдийн засгийн дарамтад оруулж, хяналтдаа авах нь л дээ.
Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага бусдаас онцгой, давуу эрх эдлэх ёсгүй. Гэхдээ сонгуулийн үеэр бидний үүрэг асар өндөр. Энэ үүргийг хавчиж, шахах бодлого л яваад байна. Төсөв, хууль гээд бүх л стратеги нь ирэх 2012 оны сонгуулийг чиглэчихээд байна даа.
-Арилжааны телевизүүдийн сурталчилгааны цагийг заах нь шударга өрсөлдөөн юм байх даа?
-Энэ бол туйлшрал. Яах вэ, бага багаар багасгаад л байсан. Гэтэл одоо дэндүү туйлширч буй хэлбэр. Өнөөдөр төр засгийн мэдэлд бүх зүйл байгаа учраас “Та нар яах юм бэ, бид ингээд хязгаарлана” гэсэн янзтай их бардам хандаж байна.
-Энэ талаар Телевизийн холбоо ямар түвшинд ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар танайхтай хамтарч, санаа тавьж байна уу?
-Мэргэжил нэгтэй учраас коллегийн хүрээнд хамтарч ажилладаг. Мэдээж манай телевизэд асуудал үүсэхэд Телевизийн холбоо байр сууриа илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Юу гэсэн үг вэ. Өнөөдрийг хүртэл танайхыг боомилж буй асуудалд Телевизүүдийн холбоо санаа тавиагүй гэсэн үг үү?
-Холбооны хувьд хязгаарлагдмал байдлаас нь эхлээд шүүмжлэлтэй хандах зүйл их бий. Ер нь тун тааруухан ажиллаж байна. Тухайлбал Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журман дээр ажиллаж чадаагүй. УИХ-ын гишүүн З.Алтай ч сайн ажиллаагүй. Би өөрт нь хэлсэн, түүнд шүүмжлэлтэй ханддаг.
Холбоо жилдээ ганц л ажил хийдэг. Тэр нь “Алтан шонхор” наадмыг зохион байгуулж, телевизийн холбооны телевизийн уран бүтээлчдийг “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй”-гээр шагнах. Уг нь ийм цаг үед Телевизийн холбооны үйл ажиллагаа өөр байх ёстой. Хэрвээ бид цул байж чадахгүй бол дарангуйлагчид нэг нэгээр нь бариад идчихнэ.
-Манай өнөөгийн хэвлэл мэдээллийн байгууллагын хараат байдлыг гадны хамтрагчид тань хэрхэн үнэлж, дүгнэж байгаа бол. Та бүхэн хандсан уу?
-Манай телевиз Азийн Телевизийн холбоо болон Азийн Радио, телевизийн хөгжлийн институтийн бүрэн эрхт гишүүн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн. Одоогоор гадны байгууллагад асуудлыг танилцуулаагүй байна. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг дээ. Хүндрээд ирвэл бид мэдээж хандана. Эрх чөлөөг дэмжсэн өөр олон байгууллага бий. Тэдэнд дуу хоолойгоо хүргэнэ. Гэхдээ арай ч тийм зүйл болохгүй байх гэж бодож байна. Яагаад ганц сөрөг дуу хоолой байж болохгүй гэж. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.
-Хэвлэл мэдээллийн салбарт гарсан өөрчлөлт эргээд хуучин байрандаа оччихсон мэт харагдаад байх шиг. Та юу гэж бодож байна?
-Социализмын үеэс нам, төр нэгдчихсэн байсан шүү дээ. Төрийнхөө дээр гарсан намаас хэвлэлийг салгасан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хувьчилж, шинэ зохион байгуулалттай болгож ирсэн.
Гэтэл өнөөдөр ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард улстөрчид байна. Өөрөөр хэлбэл улстөр, бизнесийн хүрээний, намын хүрээний хүмүүс. Хүнээрээ дамжаад, намын хараат болчихсон. Ингэхээр анх хувьчилж байсан дэвшил маань эргээд ухарчихсан байгаа юм. Тэдгээр хүмүүс нь эдийн засгийн бүлэглэл бий болгочихсон байдаг. Энэ бол сэрэмжлэх ёстой асуудал.
-Чухам яаж сэрэмжлэх гэж?
-Ерөнхийлөгчийн өргөн барьж буй хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил тод болгох, редакцийг эздээс хараат бус байлгах талаар гэрээ байгуулах зэрэг заалт орсон. Эндээс л шинэ дэвшил гарах байх гэж хүлээж байна.
-Танай телевизийн хувьд үүсгэн байгуулагч Н.Энхбаяраас хараат бус байж чаддаг юм уу?
-Би энэ телевизийг 2005 оноос хойш удирдаад явж буй захирлын хувьд Н.Энхбаяр даргатай гэрээтэй ажилладаг. Тэнд редакцийн бодлого, ажилд оролцохгүй гэж тусгасан. Тиймээс энэ тал дээр асуудал үүсдэггүй.
-Гэхдээ тодорхой хэмжээгээр тэр хүний дэмжлэг байна биз?
-Н.Энхбаяр дарга албан тушаалтай байхдаа өөрийнхөө телевизийг дорвитой дэмжиж байгаагүй. Гадаад, дотоодод томилолтоор явахдаа “TV 9” телевизийг ямар нэгэн байдлаар асуудал үүснэ гээд авч явдаггүй. Аль болох өөр бусад телевизийг дагуулдаг байсан.
Тэр хүний хувьд өөрийнх нь ухамсартай холбоотойгоор зөв үйлдэл хийсэн байх. Гэтэл өнөөдөр хар л даа. Сөрөг хүчний дуу хоолой болж буй телевизийг төр түшилцэж яваа хүмүүс авч явахгүй байна шүү дээ. Харин өөрсдийг нь магтан дуулж байгаа нөхдийг л дагуулж явдаг. Өнөөдрийн эрх баригчид айж, ичиж, зовохгүй байгаа биз дээ. Сонсоход утгагүй байх, гэхдээ үнэндээ Н.Энхбаяр дарга телевизээ дэмждэггүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
-Та ийм байдаг юм гэж амыг нь асуугаа юу?
-Би хэлсэн, тэглээ гээд яах вэ дээ. Тэр хүний өөрийнх нь үзэл бодол, байр суурь юм чинь. Хамгийн гол нь Н.Энхбаяр даргын ичих булчирхай нь ажилладаг. Булчирхай нь ажиллахаа больчихсон хүн гадуур олон байна шүү дээ.
-Та гадаад, дотоод айлчлал, томилолтоос дутаалаа гээд гоморхож явдаг юм аа даа?
-Үгүй ээ. Гоморхох зүйл байхгүй. Манай телевиз маш эрчимтэй өсч байна. Ямар ч судалгаагаар эхний гуравт л жагсдаг. Энэ эрч хүч, байр сууриа алдахгүй. Ойрын үеийн олон том зорилтоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Саяхан “MN 25” суваг телевиз 15 жилийн ойгоо тэмдэглэх үеэрээ “Бид Монголын хамгийн анхны сөрөг дуу хоолойтой телевиз байлаа” гэж ярьж байсан. Үүнийг сонсоод би маш их харамссан. Байсныг нь бид, ард түмэн мэднэ. Гэтэл өнөөдөр “байлаа” гэж ярьж байгаа нь ухралт хийснээ харуулж байгаа хэрэг. Харин бидний тухайд өнөөдөр сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд явж байна. Үзэгчид ч манайхыг сонгож үздэг болсон гэдэгт итгэлтэй байдаг шүү. Эцэст нь улстөрчдөд бүү итгэ гэж мэргэжил нэгт нөхдөдөө хандаж хэлье. Шинэ төр, шинэ хүмүүсийг сонгоход хагас жил буюу 180 хоног үлдлээ. Бид улстөрчидтэй адил ийм богинохон насламааргүй байна. Сонгуулийн дараа хэвлэлийнхэн бид бие биенийхээ өөдөөс эгцэлж хармаар байна.
URL: