АН ажиллаж ахиад, МАН самуурч сарниж байна уу ?
2016 оны сонгуулиар далаараа тавиулсан АН-ыг дахин сэргэнэ гэхэд эргэлзсэн нийгмийн хандлага хүчтэй байв. Ялалтандаа ташуурсан МАН эх толгойгоо алдаж, хагаралдан сарнихдаа тулсныг сүүлийн үеийн улс төрийн үйл явдлууд гэрчлэх болов. Тэгвэл ялагдсан АН жил гаруйн хугацаанд ямаршуухан байна вэ.
АН удирдах байгууллагаасаа авахуулаад доод шатандаа хүртэл цөөн хэдэн лидерийн фракцын “халуурал”-д өртөж, хөл толгойгоо олоход бэрх хуваагдалд живсэн үе саяхан. Ялагдлын дараа, энэ бүхнийг зөв голдрилд оруулах амаргүй ажлыг хийх, АН доторх бугшсан идээ бээрийг эмчлэх үүргийг хүлээх хэн хүлээх вэ гэдэг асуулт дагуулж байв.
2016 оны арванхоёрдугаар сарын 6-7-нд АН-ын VI Их хурал хуралдаж, намын даргаа бүх гишүүдээс сунгаагаар сонгох дүрэм баталсан. Ингээд арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс сунгаанд нэр дэвшигчдийн кампанит ажлыг эхлүүлэв. Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, Ж.Батзандан, Д.Эрднэбат, С.Эрдэнэ нар нэр дэвшин “уралдаж”, 40 хоногийн дараа буюу 2017 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр АН-ын гишүүдийн санал хураалтаар түрүү магнайд С.Эрдэнэ “давхиж”, түүнийг VII Их хурлаараа АН-ын даргаар батламжлав.
АН даргын асуудлаа Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар шийдэж байсан үе саяхан. АН-ын ҮЗХ дахь олонх нь намын эрх мэдлийг авч, улмаар ялалтыг бялууг ахиу хүртдэг жишиг тогтоогоод байв. Үүнээс улбаалж фракцууд мэндэлж, “хөгжсөн” нь ч нууц биш. Намын даргын суудлын төлөөх тэмцэл нь АН-ын талцах өвчнийг сэдрээж, энэ нь засаглалын хямралд хүртэл даамжирч байсан. Өдгөө намын шинэчлэл хэмээх зорилтынх нь нэг хэсэг намын даргыг тогтвортой ажилуулах, фракц бүлэглэлийн савраас ангид байлгах, тодруулбал АН-ын даргын дархлааг найдвартай хамгаалах явдал гэж тунхаглан зарлаад байгаа билээ. Тэгэхээр 21 аймгийг тойрч, намын гишүүд, партизануудтайгаа нүүр учирч, тэдний итгэлийг өвөртлөн сонгогдсон С.Эрдэнэд ажиллах, зүтгэх л үлдсэн. Харин С.Эрдэнэ АН-ыг даргын ажлыг авсанаас хойш юу амжуулсан бэ.
Монголын улс төрийн тавцанд АН, МАН гэсэн хоёр нам улс төрийн тэргүүлэх хүчин болж ирсэнтэй хэн ч маргахгүй байх. Харин хоёр намын өнгөрсөн ирээдүйг биш, яг өнөөгийн байдлаас юу анзаарагдаж байна вэ гэдэг л бодит асуулт юм.
Википедияд “Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага юм” гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл АН гэх улс төрийн энэ байгууллагад 180 мянган гишүүний албан ёсны бүртгэл байна /татвараа төлж, бүртгэлд баталгаажсан мэдээгээр/. Энэхүү 180 мянган гишүүн нь АН-ын даргыг сонгож, Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшигчийг тодруулсан. Улмаар 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны 17.320 гишүүн, Үндэсний Бодлогын Хороо/ ҮБХ/-ны 380 гишүүнийг сонгожээ. Ингэхдээ хөрөнгө бэлтэй нэгний нөлөөнд автахаас сэрэмжилж, бүх шатны удирдах байгууллагуудад нэр дэвшигчид дотоод сонгуулийн хөрөнгө мөнгийг өөрсдөө гаргах шинэ жишиг, журмыг тогтоосон гэж байгаа. Өөрөөр хэлбэл, олуулаа хэлэлцвэл буруугүй хэмээх зарчим нь энэ намын тулгуур болж, хамтын шийдвэр, эв нэгдлийг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлж байна гэж дүгнэж болох юм. 180 мянган гишүүний ар гэр буюу 2-4 дэмжигч байна хэмээн тооцвол энэ тоо даруй 500-600-д хүрнэ. Энэ нь Монголын нийт сонгогчийн 30-40 хувьтай тэнцэх аж.
АН шинэчлэлийн аян өрнүүлсэн өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа Их хурлаа хуралдуулж, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө хийжээ. Хоёр удаагийн Их хуралд эх орны өнцөг булан бүрээс 6000 гаруй гишүүн оролцжээ. Үүнд ажиглагчдын зүгээс АН гишүүд дэмжигчидтэй хүйн холбоогоо зузаатгаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ялагдлынхаа алдаанаас суралцаж, хамтын хүчээ зузаатган урагшлах зам руугаа эргэлт буцалтгүй орсон гэсэн дүгнэлтийг өгсөн байна.
МАН-ын Бага хурал бол 280 орчим хүнээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга нарыг тодруулж илгээдэг. Явцуу хүрээнээс гарсан шийдвэр, бодлого нь явцуурлын туйлд хүрч, Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь бүдэрч, бодлого тодорхойлогчид нь хагаралдан бутарч, УИХ-д дийлэнх олонх болсон эрх баригчид өөрийн байгуулсан засаглалыг хямралд түлхэв. Ингэснээр Монголын улс төрийн түүхэнд УИХ-д 65 суудалтай нам өөрийн байгуулсан Засгийн газрын унагаасан гэх хар тэмдэглэл үлдээхэд хүрэв.
МАН эрх мэдэл, хөрөнгө мөнгөний бялууралд согтож, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөж тэмцэлдэж байх зуур АН-ын дарга С.Эрдэнэ Монгол Улсыг дөрвөнтөө тойрч, 30 мянган бээр замыг туулж, ард иргэдтэй уулзаж, гишүүн дэмжигчдээ нэгтгэн эмхлэж, УИХ дахь цөөнхийн бүлгийг хүчтэй сөрөг хүчний хэмжээнд удирдаж, АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийг Төрийн тэргүүн болгож чадсаныг онцлон тэмдэглэхээс өөр аргагүй.
МАН дагнаараа төрийн эрх барих энэ цаг үед багш эмч нар ажил хаяж, өдөр бүр жагсаал цуглаан өрнөсөн улс төрийн бужигнаант өдрүүдийг монголчууд бид үдэж байна. Бүтээн байгуулалт, хийж босгохыг тэд мартсан бололтой.
Ч.ОЛДОХ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: