Зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил
Алдаж байна гэдэг амьдарч байгаагийн шинж гэж ярьдаг. Алдаагаа ухамсарладаг хүн амжилтад хүрдэг гэх үг ч бий. Дахиж яасан ч алдаа гаргахгүй гэж боддог хүн бүхэнд доорх зөвлөгөөг зориулж байна. Хэрэв тийм бол та яаж ажиллаж, амьдрах ёстой вэ? Амжилт огт харагдахгүй байсан ч гараа хумхиад суулгүй, зүтгэснээрээ зүтгээд байх уу, эсвэл миний асуудал, бэрхшээл бусад хүнийг бодвол дааж давшгүй асар их гэдэгт бүрэн итгээд, өөрийгөө голж явах уу.
Амьдрал тэр бүр тэгш шулуун байдаггүй ч түр зуурын бүтэлгүйтлээсээ болоод өөртөө тавих шаардлага болон ирээдүйн төлөвлөгөөгөө нураасан гутранги байдалд орохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Та уранхай ноорхой хувцас углан, өөртөө гутарч гуниглан, амандаа бувтнаж явбал амжилт олох боломжоо алдаж, хэзээ ч ялалт байгуулж чадахгүй. Тиймээс та
1. Хувь тавилангаа өөдөө татаж яв
2. Амьдрал гэдэг хэзээ ч тэгш шударга байдаггүй гэдэгт итгэ.
Өөдрөг санаа амжилтын түлхүүр
Та ажил үүргийнхээ ихэнх хэсгийг нугалаад байтал зохих шан, хүндэтгэлийг өөр хүн хүртээд байж ч болох. Та хамтран зүтгэгчээсээ бодол ухаанаараа ч хол давуу, хичээл зүтгэлээрээ ч илт илүүтэй атлаа түүнээс бага цалин авч байж ч болох.
Та бидэнд
- Хүссэн газартаа хэзээ ч гэсэн очих хөл
- Өглөөний мандах нар, өөрийн хайртай бүхнээ харах нүд
- Шувуудын жиргээ, хүмүүсийн уянгат дууг сонсох чих байна.
- Энэ бүхэн байхад яагаад өөдрөг амьдарч чадахгүй гэж?
Өдөр бүрийг өөдрөг санаан дээрээ тулгуурлан босгож бай. Бодитой ч бай, бодол санааны ч бай, өөрийн дутагдал, доголдолдоо бүү эмзэглэ. Би бурхны бүтээл. Тийм болохоор зөвхөн өөрийн сэтгэлийн хүч зоргоор ямар ч хүсэл мөрөөдлөө биелүүлэх хувьтай гэдгээ өөртөө байнга сануулж бай. Үнэхээр би чадна гэж итгэх аваас та нисч ч чадна. Учир нь бидний амжилт, алдааны аль аль нь авьяас чадвар, эр зориг, дотоод чадавхийнхаа тухайд юу бодож, хэрхэн үнэлж явдаг тэр санаа, бодлын шууд үр дүн гэдгийг мэргэд аль дээр үеэс баталж ирсэн.
“Зөв санаа сайн үрээ, буруу санаа муу үрээ өгдөг” гэдэг дээ. Эртний Римийн гүн ухаантан Марк Аврелий “Бидний бодол санаа амьдралыг хэрхэн төсөөлж байна, сайн, муу, баяр баясгалантай, гутранги, ялан давамгайлсан, эсвэл дуулгавартай юу гэдгээс л хамаардаг” гэжээ.
Харин Будда бүр ч ойлгомжтойгоор “Бидний хүрсэн амжилт, гаргасан алдаа бүгд бодол санааны маань үр дүн юм. Ухаан бүхнийг жолоодно. Бид юу бодож байна, тийм л байна” гэж сургасан. Өөрийн ур чадвар, ухаан мэдлэгээ дорд үзсэнээс болж цогцлоон босгох ёстой ирээдүй улам бүрхэг болно. Тиймээс сөрөг буруу санаа бодол, үйл хөдлөлөө сайтар цэгнэж байхыг мэргэдийн онч сургаал алхам тутамд маань сануулдаг. Харамсалтай нь бид түүнийг тэр бүр ойшоож үздэггүй. Хэрэв та өдөр тутмынхаа амьдралын хэвшил, хуваарьт бага зэргийн засвар оруулаад, багагүй амжилтад хүрэх боломжтой бол алт шиг хайран цагаа хий хоосон бужигнаан дунд дэмий үрэх ямар хэрэг байх билээ.
Өөдрөг амьдарч, амжилтад хүрэхийг хүсвэл аар саархан зүйлд живэхээ боль, ололт боломжоос зайлсхийхээ боль. Өөрийгөө боловсруулан хөгжүүлэхэд цаг заваа зориулаарай.
1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар.
2. Бүх зүйл бүтэлгүй, хүн бүхэнд дургүй хүрээд байх үе заримдаа тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ? Аливаа тохиолдолд муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.
3. Хийх хэрэгтэй, шаардлагатай ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэлзүйчид тогтоосон байна. Түүнчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг.
4. Та цагийг үр ашиггүй өнгөрөөх ёсгүй. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлсэнээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.
5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй.
6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч байсан ялгаагүй. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой.
7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай. Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл.
8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг хүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. Өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг.
9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур. Өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ.
10. Үр ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үр дүнг нь урьдчилан тооцоол. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл бүх л зүйлд хамаатай.
11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. Өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бий болго.
URL: