М.Уранцэцэг Ташкентын гранприд чансаагаараа тэргүүлэв

ялатэМонголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон гранпри ангиллын тэмцээнд амжилттай оролцлоо. “Turkish airlines”-aac ниссэн тэд Ташкент очсон хойноо гурав хоног ачаагаа авч чадаагүй аж. Ачаанд тамирчдын тэмцээнд өмсөх кимоно, жин хасдаг хувцас зэрэг нь байсан тул жүдочид бэлтгэлээ хийж чадаагүй, улмаар Ташкентын гранприд оролцож чадахгүйд хүрээд байв. Гэсэн ч манайхан зорьж очсон тэмцээндээ зодоглож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна. Энэхүү гранпри нь 2020 оны олимпийн эрхийн оноо олгохоороо ач холбогдолтой байсан юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр тэмцээний турш дөрөв барилдахдаа бүх өрсөлдөгчөө цэвэр ялжээ. Түүнчлэн тэрбээр Ташкентын гранприд оролцсон бүх жүдочийг чансаагаараа манлайлав. Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн мөнгө, Д.Алтансүх хүрэл медалийн эзэн болж олимпийн чансаандаа оноо нэмлээ. Г.Хэрлэнгийн хувьд финалд шалгарсан ч Беларусийн бөхөд цэвэр ялагдсан байна. Харин Д.Алтансүх торгуулийн тойрогт Бельги, хүрлийн төлөөх барилдаанд Кыргизстаны залуу жүдоч Артурыг хожсоноор медалийн тавцанд зогсох эрхтэй болжээ. Үүнээс гадна эрэгтэйчүүдийн 81 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн Узбекстаны хоёр бөхийг дараалан ялж финалд шалгарсан бөгөөд шигшээ барилдаанд Израилийн шилдэг жүдочдын нэг Муки Сагид дийлджээ. Ташкентын гранприд манай залуус багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна.

Жич: Тэмцээний сүүлийн өдөр манай жүдоч Б.Тэмүүлэн барилдсан юм. Монголын жүдочдын дараагийн тэмцээн Абу Дабигийн “Их Дуулга” байх аж. Уг тэмцээнд дэлхийн аварга Д.Сумъяа барилдахаар бэлтгэлдээ оржээ.

Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих