Тусгаар тогтнолын ордон яагаад шатав

Өчигдөр 11.30 цагийн үед Сүхбаатарын талбайн хажуугаар ажил руугаа алхаж явтал Тусгаар тогтнолын ордны дээврээс хар утаа олгойдож байлаа. Гол хаалганых нь өмнө яаравчлан очиход хэдэн ажилчид гүйлдэн гарч ирцгээв. Тэдний нэгнээс юу болоод байгаа талаар лавлахад “Бүү мэд, дээврээс гал гарч эхэллээ” гэсээр гүйн одов. Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай алба гал гарснаас хойш ойролцоогоор найман минутын дараа анхны дуудлагыг авсан аж. Энэ нь 11.38 цагийн үед гэсэн үг. Харин 11.42-11.45 цагийн хооронд Онцгой байдлын ерөнхий газрын хоёр, Гал командын дөрвөн машин ирж галыг шуурхай унтраах арга хэмжээ авч эхлэв. Тухайн үед эргэн тойронд хүмүүс бу­жиг­налдаж байсан тул ойр орчмыг цаг­даагийнхан бүслэн хам­гаалж байлаа.  Гэтэл Онцгой байд­лын ерөнхий газрын ажилтнууд “Арын цонхноос гал гарч байна” хэ­мээн гал унтраах машинаа тус ордны арын талбай руу хөдөлгөв.  Тусгаар тогтнолын ордны ар талын хамгийн дээд та­лын цонхноос буюу 7-10 дугаар давхрын хэд, хэдэн цонхноос утаа гарч байлаа.

Төд удалгүй арын хаалганаас барилгачин залуу ханиалган гарч ирэв. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд зарим асуултад хариулт өгсөн юм.

-Гал гарсан шалтгааныг мэдсэн үү. Дотор өөр хүн байгаа юу?

-Намайг наймдугаар давхарт ажиллаж байхад гэнэт утаа ороод ирсэн. Цахилгаан шат руу гүйсэн боловч ажиллахгүй байсан. Дотор дахиад гурав, дөрвөн барилгачин байгаа байх. Би сайн мэдэхгүй байна.

Ийнхүү тэрбээр онцгой байд­лынхны анхан шатны тусламжийг авлаа. Ойролцоогоор 12.05 цагийн үед гал унтраах багийн хоёр дахь цу­ваа төв хаалгаар дотогш нэвтрэв. Тусгаар тогтнолын ордны доторх байдал бүхэлдээ утаагаар дүүрсэн, угаартай байлаа. Подваль болон нэгдүгээр давхарт засварын ажил дуусаагүй байсан бололтой. Энд, тэндгүй будаг, замаск, шил толь харагдав. Үүдэнд нь харуул хамгаалалтын  гурван ажилтан “Онцгой байдлын ажилтан болон дарга нараас өөр хүнийг оруулахгүй гэсэн тушаалтай” хэмээсэн юм. Тусгаар тогтнолын ордны гаднах хэсэг нь галд өртсөн шинжгүй харагдаж байсан юм. Ямартай ч 12.23 цагийн үед дээврээс гарч байсан гал унтарсан бололтой утаа ч үзэгдэхээ болив. Харин барилгаас МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан гарч ирсэн. Түүнээс зарим зүйлийн талаар тодруулсан юм.

-Тусгаар тогтнолын ордны нээл­тийг энэ сарын 26-нд албан ёсоор зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Гал гарсан явдал нь ямар нэгэн хардлага төрүүлж байна уу?

-Одоогийн байдлаар гал унтраах багийнхан маш сайн ажиллаж байна. Тэдний хэлснээр ил гал төдийлөн газар авч амжаагүй гэсэн. Тусгаар тогтнолын ордны нээлтийг энэ сарын 26-нд хийх төлөвлөгөөтэй байсан нь үнэн. Харин ямар нэгэн хардлага сэрдлэгийн талаар би хэлж мэдэхгүй байна.

-Хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох бол?

-Хохирлын хэмжээг шинжээчид гаргана. Ямар ч байсан эд зүйл шатаж, их хэмжээний хохирол гараагүй талаар гал командынхан мэдээлсэн. Мэргэжилтнүүдийн таамаглаж бай­гаагаар гагнуурын аппаратнаас гал алдсан байж мэднэ гэсэн. Тиймээс ямар ч байсан шинэ ордны нээлтийг энэ сарын 26-нд хийхийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж засварын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна.

-Галын осолтой холбогдуулан хэн нэгнийг сэжигтнээр татаж баривчилсан уу?

-Одоогийн байдлаар баривчилсан хүн байхгүй. Гадны нөлөө байж болзошгүйг холбогдох хүмүүс удахгүй тодорхойлно. Энэ талаар ал­бан ёсны мэдэгдлийг маргааш /өнөө­­дөр/ хийнэ гэв.

Дашрамд сануулахад, УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн ард түмний жагсаалын үеэр МАН-ын байрыг галдан шатааж, ашиглах боломжгүй болгож байсан. Үүний дараа 2009 оны долоодугаар сараас “Өндөр буянт” ХХК-ийнхан Тусгаар тогтнолын ордныг барьж эхэлсэн билээ. Уг нь өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан боловч засал чимэглэлийн ажил дуусаагүй тул засварын ажлыг үргэлжлүүлэн хийж байсан юм. Энэхүү ордныг барихын тулд улсын төсвөөс зургаан тэрбум төгрөг гаргасан гэдэг юм билээ. Мөн МАН-ын гишүүд, дэмжигчдээс тодорхой хэмжээний хандивыг авсан нь ч тодорхой болсон. Ойролцоогоор нийт 14.7 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн мэдээллийг холбогдох ал­баны хүмүүс мэдэгдэж байсан удаатай. МАН-ын Хэрэг эрхлэх газрынхан өнгөрсөн долоо хоногт шинэ байрандаа нүүж орсон талаар хэвлэлүүд мэдээлж байсан.

Ямартай ч өдийд гал гарсан шалтгааны талаар шинжээчдийн урьдчилсан дүгнэлт, цагдаагийн байгууллагын албан мэдээллүүд  МАН-ын удирдлагуудад хүрсэн нь лавтай. Гэхдээ гадны нөлөө байсан эсэх талаар хэн ч үгүйсгээгүй нь хачирхалтай. Учир нь тэнд байсан хүмүүс бүгд л “Гадны нөлөөтэй байж болзошгүй” хэмээн ам дамжин ярьцгааж байв. Энэ асуудлыг Ардын намынхан хэрхэн улстөржүүлэх бол. Эсвэл “Энэ бол зөвхөн тохиолдол бай­сан. Галын дөл өөдөө” гээд тайван суух уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Б.Баатар

“Улс төрийн тойм” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих