Судлаач Д.Ганхуяг МАН-ын гишүүн болж, “Прогноз”-д морилох нь
Бид МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал хүрээлэн” буюу хуучнаар “Прогноз” төвөөс нууц мэдээлэл алдагдсантай холбогдуулан ажилтнуудаа шалгаж, зарим ажилтнаа ажлаас нь халсан гэх баттай эх сурвалжийн мэдээллээс хүргэж байсан билээ. Харин МАН-ынхан “Бид ямар ч ажилтнаа халаагүй, халахгүй” хэмээн хэвлэлээр мэдэгдэж байсан ч цаанаа бол ихээхэн өөрчлөлт хийж байгааг эх сурвалж дахин хэллээ. Тэд энэ долоо хоногт “Нийгмийн ардчилал хүрээлэн”-гийн захирлыг ажлаас нь халж, томилгоо хийнэ гэдгийг хэлсэн.
Харин түүний оронд хүрээлэнгийн захирлаар хэн морилж очихыг хараахан тодруулаагүй ч нэгэн цагт энэхүү судалгааны төвийн бодлогыг барьж үзээд үзэл бодол нийлээгүй больсон, судлаач Д.Ганхуягийн нэр дуулдаж байна. Учир нь тэрбээр саяхан МАН-ын гишүүнчлэлийг хүлээж авсан байна.
Манай уншигчид Д.Ганхуягийг олон жилийн турш Н.Энхбаярын булхайг ил далд хурц шүүмжилж явсан манай нэртэй судлаач гэдгээр нь надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тэрбээр зөвхөн Н.Энхбаярын ч биш эрх баригчдын үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Хамгийн гол нь эрх баригчдын зүрхэнд шар ус хуруулдаг, ардчилсан үзэлтэй эрхэм гэнэт яагаад МАН-ын гишүүнчлэлийг хүлээж авах болсон нь өөрөө олон асуудлыг дагуулах нь мэдээж. Энэ тухай Д.Ганхуяг тэдэнтэй эвлэрэв үү, МАН түүнийг худалдаад авчихав уу, эсвэл МАН эрдэмтэн судлаачдыг цуглуулж эрүүлжих гээ юу, гээд их олон зүйл ярьж байгаа. Аль нь ч байж болох.
Гэхдээ манай улсын нийгмийн системийн ганц том онолч гэх энэ эрхэм мэдээж МАН-тай биш Н.Энхбаяртай дайсагналцаж явсан болохоор гишүүнчлэлийг нь хүлээж авсан байх. Нэрт судлаачийн МАН-ын гишүүнчлэлийг хүлээж авах, “Нийгмийн ардчилаи хүрээлэн”-гийн захирлыг халах процессууд давхцан, яах аргагүй олны анхаарлыг татах нь мэдээжийн хэрэг. Юутай ч судлаач Д.Ганхуяг “Нийгмийн ардчилал хүрээлэн”-д бодлого барих төвшний албанд очиж байгаа аж. Харин чухам тус төвийн захирлаар очих эсэхийг хараахан шийдээгүй байна. Энэхүү судалгааны төв нь МАН-ыг олон удаагийн сонгуульд амжилттай авч орсон төдийгүй энэ албыг үе үеийн эрх мэдэлтнүүд болон эрдэмтэн мэргэд толгойлж ирсэн байдаг. МАН сонгууль дөхсөн чухал үед “Нийгмийн ардчилал хүрээлэн”-гийнхээ бүтцийг үндсээр нь өөрчлөхөөр шийдсэн бололтой.
С.УУГАНБАЯР
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL: