Монголын хөгжлийн түлхүүр асуудал: КОМПАНИ БА ТӨР ӨМЧӨӨ ЗАСАГЛАХУЙ
Орчин үед КОМПАНИУДЫН нийгэм, эдийн засаг, бүр цаашилбал олон нийтийн ёс зүйд үзүүлэх нөлөө улам бүр ихсэж байна. Компани гэдэг зөвхөн өмчийн эзэддээ ашиг өгдөг эсвэл алдагдал, эрсдэлд оруулдаг байсан цаг нэгэнт ард хоцорчээ. Олон улсын тэргүүн туршлагаас харахад бүх талаараа САЙН ажилладаг компани сайн засаглалтай байдаг судалгаанууд байна. Өөрөөр хэлбэл сайн засаглалтай компаниуд байж болох хамгийн үр ашигтай үйл ажиллагааг явуулдаг. Ийм компаниуд улсдаа татвараа үнэн зөв тайлагнаж, төлж, ажилчид нь тухайн ажилдаа ХАНГАЛТТАЙ цалин авч, хэрэглэгчид нь ЧАНАРТАЙ бүтээгдэхүүн үйлчилгээ хүртэж, ШИНЭ ТЕХНОЛОГИ нэвтрүүлэх гэх мэтээр нийгэм, эдийн засагт ил далд олон чухал нөлөө үзүүлдэг.
Үйл ажиллагаа нь тааруу компани ихэвчлэн МУУ засаглалтай байдаг судалгаа бий. Тийм компаниуд ашиг муу олохын хамт ажилчидын цалингаа тавьж чадахгүй байх, улсад татвараа төлөх БОЛОМЖГҮЙ, хэрэглэгч үйлчлүүлэгчидийн итгэлийг алдах, хэд хэдэн тайлан гаргах гэх мэт ЁС ЗҮЙГҮЙ ХУУЛЬ БУС үйлдлүүд, АВИЛГА хээл хахуульд холбогдох, БАЙГАЛЬ орчинд сөргөөр нөлөөлөх шийдвэрүүд гаргах, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ олон гаргах, улмаар бүр ДАМПУУРАХ өндөр эрсдэлд үйл ажиллагаа нь явж байдаг.
Монгол улсад өмчийн олон хэлбэр бий болоод чамгүй хугацаа өнгөрч байна. Ер нь бол хувийн өмч давамгайлсан эдийн засгийг ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ гэж тодорхойлдог. Манай улсад нийт өмч хөрөнгийн хэдэн хувь нь хувийн, хэд нь төрийн өмч, хэд нь олон нийтийн өмч байгаа талаар албан ёсны статистик тооцоолол одоогоор байхгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар монгол улсад төрийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй, орон нутгийн өмчит 210 орчим компани лавтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, банк, санхүү, цаашилбал амралт сувилалын газар гээд ОЛОН салбарт ажилладаг.
Манайд үнийн хатуу бодлого барих, алдагдалтай байгаа хэсэгт үнийн зохицуулалт хийх, татаас төлөх зэргээр үйл ажиллагааг нь дэмжин тасралтгүйгээр үргэлжлүүлэх үүргийг хүлээн ажиллаж байна. Гэвч төрийн барьж буй эдгээр бодлогууд нь зах зээлийн чөлөөт байдалд ХАРШИЛДАГ, шударга өрсөлдөөнийг БООГДУУЛДАГ, төсвийг ҮР АШИГГҮЙ зарцуулдаг зэрэг шүүмжлэлүүдийг дагуулж байдаг. Эндээс засаглалтай холбоотой, компаний мөн чанартай холбоотой маш олон нарийн асуудлууд гарч ирдэг. Нийгэмд болон судлаачид, бодлого боловсруулагчдын дунд олон байр суурь ид яригдаж байна.
ҮЗҮҮЛЭЛТҮҮД БА АСУУДЛУУД
Төрийн өмчийн компанитай холбоотой, түүний засаглалтай холбоотой түгээмэл хоёр асуудал дээр хамтдаа шийдэл олох гэж оролдоод үзье.
- Зах зээлийн эдийн засагт төр өөрийн өмчийн компанитай байх шаардлагатай юу?
- Өнөөдрийн төрийн өмчийн оролцоотой компаниуд эдийн засаг, нийгэмд үүргээ хэр гүйцэтгэж байна вэ буюу төрийн өмчит компанийн засаглал.
1.Зах зээлийн эдийн засагт төр өөрийн өмчийн компанитай байх шаардлагатай юу?
ӨРСӨЛДӨӨН бол хөгжлийн хөдөлгүүр. Гэхдээ өрсөлдөөн мэдээж ШУДАРГА байх учиртай. Төрөөс өөрийн өмчийн компанидаа өгч байгаа янз бүрийн дэмжлэг, татаас нь хувийн хэвшилд өрсөлдөх боломжгүй байдлыг бий болгодог. Өнөөдрийн төрийн өмчит компаниудын ажиллаж буй салбаруудын дотор хувийн хэвшил орж ажиллах боломжтой ч байна, боломжгүй ч байна. Үүнийг товчхондоо гурван хэсэгт авч үзье. 1. Хувийн хэвшил олноороо оролцох БОЛОМЖТОЙ салбар 2. Хувийн хэвшлийн маш ЦӨӨН хэсэг нь оролцох боломжтой салбар 3. Хувийн хэвшил оролцох БОЛОМЖГҮЙ салбар
Хувийн хэвшил олноороо оролцох боломжтой салбарт төрийн өмчийн компани байх ШААРДЛАГАГҮЙ юм. Тухайлбал амралт сувиллын салбарыг авч үзье. Энэ салбарт хувийн хэвшил олноороо ажиллах боломжтой.
Хувийн хэвшил цөөн оролцох боломжтой салбаруудад төрийн өмчит компаниуд байх шаардлага зарим талаар бий. Өрсөлдөөн бага олигополи шинжтэй зах зээл тул оролцогч талуудад бий болох эрсдлийг багасгахын тулд төрийн өмчит компани байх боломжтой. Гэхдээ хувийн хэвшилтэйгээ шударга бус өрсөлдөж хүнд байдалд оруулахаас зайлсхийх нь маш чухал. Үүний тулд тухайн салбарын хэрэглэгчдийн төлөө, өөрсдийн тогтвортой үйл ажиллагааны төлөө МАШ НАРИЙН бодлоготой, компанийн САЙН засаглалтай ажиллах боломжийг бий болгож ажиллах шаардлагатай.
Харин хувийн хэвшил оролцох боломжгүй салбаруудад төрийн өмчит компаниуд байх ШААРДЛАГАТАЙ. Гэхдээ ийм компаниуд ашгийн төлөө байхаас илүүтэйгээр сайн засаглалын зарчмаар буюу ил тод, нээлттэй, тайлагналын хариуцлагатай, нийгмийн хариуцлагатай, шинэ технологи, бүтээмжит ажиллагааг сууриа болгосон, хяналт, эрсдлийн сайн удирдлагатай, улс төрийн оролцоог хязгаарласан орчинд ажиллах шаардлагатай.
2. Өнөөдрийн төрийн өмчийн оролцоотой компаниуд эдийн засаг, нийгэмд үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?
Товчхондоо төрийн өмчит компанийн засаглалын тухай яриа. 1970-аад онд эдийн засагч М.Фридман компанийн зорилго бол хувьцаа эзэмшигчдийн ашгийг их байлгах гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ сүүлийн үеийн олон улсын тэргүүн туршлагаас харахад компанийн зорилго бол оролцогч талуудын үр ашгийг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих болж өөрчлөгдөж байгаа. Гэсэн хэдий ч компанийн ашигт ажиллагаа талаас нь авч үзвэл Монгол улсын төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд тааруу ажиллаж байна. График 1-т төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг харуулав.
2016 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит компаниудын нийт алдагдал 182 тэрбум төгрөг, өр төлбөрийн хэмжээ нь 3.7 их наяд төгрөгт хүрсэн тоо мэдээ байна. Төрийн өмчийн компаниуд ашиггүй ажилладаг, муу менежменттэй, хариуцлагагүй гэдэг яриа нийгэмд бий болоод удаж байна.
Гэхдээ бүх төрийн өмчит компаниудыг ингэж дүгнэж болохгүй. Мөн яг юуг муу менежмент гээд байгаа, ямар үзүүлэлтүүд компанийн гүйцэтгэлүүдэд нөлөөлдөг, сайн, муу засаглал гэдгийг гүн гүнзгий авч үзэх шаардлагатай.
График 1. Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа
Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар.
Монгол улсад 2007 оноос хойш компанийн засаглал идэвхитэй яригдаж, компанийн хуульд өөрчлөлт орж, олон улсын байгууллагууд болон дотоодын их дээд сургуулиуд, эрдэмтэн, судлаачид компанийн засаглалын үнэлгээ, судалгаануудыг компаниуд дээр хийх оролдлогууд хийх нь түгээмэд болж байгаа нь сайн хэрэг. Аргачлал болон үр дүнгийн хувьд тэдгээр судалгаа ойролцоо учраас төрийн өмчит компанийн засаглалын түвшинг нээлттэй нийгэм форумын судалгаанд үндэслэн зарим орны засаглалтай харьцуулан хүснэгт 1-д харуулав.
Хүснэгт 1. Монгол ба Азийн зарим орны компанийн засаглалын түвшингийн харьцуулалт
№ | Улс орны нэр | Үнэлгээ хийсэн хугацаа | Үнэлгээний дүн /хувиар/ |
---|---|---|---|
1 | Вьетнам | 2009 он | 43.9 |
2 | Хонг Конг | 2008 он | 72 |
3 | Тайланд | 2011 он | 77 |
4 | Филипин | 2008 он | 72 |
5 | Монгол улсын хөрөнгийн биржэд бүртгэлтэй топ 20 компанийн дундаж | 2013 он | 27.5 |
6 | Монгол улсын эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компанийн дундаж | 2015 он | 36 |
7 | Монгол улсын уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компанийн дундаж | 2014 он | 28 |
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн засаглалын үнэлгээний дүн 2015 он
Үнэлгээ 70 болон түүнээс дээш байвал сайн засаглалтай компани гэсэн олон улсын хандлага байдаг. Тэгвэл бидний түвшин нэлээд доогуур байна. Үнэлгээнд хэрэглэгддэг шалгуур үзүүлэлтүүдийг төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын нэгдсэн үнэлгээнд хийсэн байдлаар хүснэгт 2-т харуулав.
Хүснэгтээс харвал МЭДЭЭЛЭЛИЙН ИЛ ТОД нээлттэй байдал МАШ МУУ байна. Энэ нь авилга, ашиг сонирхолын зөрчил үүсэх шимт хөрс. Мэдээлэлийн хаалттай байдал нь хяналтыг сулруулж санхүүгийн болон санхүүгийн бус эрсдлийн эх үүсвэр болдог.
Мөн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ), гүйцэтгэх удирдлагыг хэмждэг засаглалын багц үзүүлэлтүүд муу байна. ТУЗ-ийг хэн томилж байгаа, яаж хариуцлага тооцож байгаа, ажлаа хийж чадаж байгаа эсэхийг хэн хянадаг зэрэг асуудлууд ТААРУУ байна гэсэн үг. Гүйцэтгэх удирдлагын ажлын шалгуур үзүүлэлтүүд юу болох, түүнийг ТУЗ хянаж чиглүүлж чадаж байгаа эсэх, эсвэл чадамжтай эсэхийг мэдээлдэг тийм систем компанийн засаглалд байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Хүснэгт 2. Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын нэгдсэн үнэлгээ
№ | Үзүүлэлтүүд | Ерөнхий үнэлгээ |
---|---|---|
1 | Хяналтын тогтолцоо | 54 |
2 | Дүрэм ба бусад | 53 |
3 | Төлөөлөн удирдах зөвлөл | 34 |
4 | Гүйцэтгэх удирдлага | 34 |
5 | Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах | 34 |
6 | Хувьцаа эзэмшигчдийн хурал | 24 |
7 | Ноогдол ашиг | 20 |
8 | Зарим чухал хэлцлийг хийж буй байдал | 12 |
9 | Мэдээлэлийн ил тод нээлттэй байдал | 8 |
10 | Ерөнхий дүн | 28 |
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн засаглалын үнэлгээний дүн 2015 он
ТУЗ-ийн гишүүд, захирлуудыг улс төрийн сонгуульд ялсан намын тааллаар хийдэг нь олон нийтэд ил болсон зүйл. Ийм нөхцөлд бизнест тогтвортой, МЭРГЭЖЛИЙН, сайн удирдлага гарч ирэх боломжгүй. Энэ нь тухайн бизнесийг, тухайн бизнест оролцогч бүхий л талуудад томоохон эрсдлийг үүсгэсээр байна.
Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, томоохон хэлцлийг хийж буй байдал зэрэгт компанийн засаглалын гол шалгуур үзүүлэлтүүд тааруу байгааг судалгаануудаас харж болно. Гэхдээ хувийн өмчийн буюу нээлттэй компаниуд, эсвэл зарим салбар түүн дотор банкны салбарын бизнесүүд дээр компанийн засаглалын үнэлгээ бага багаар сайжирч байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.
Ер нь том зургаар нь харвал муу засаглалтай компани өөрийн оролцогч талуудын хувьд асуудлуудыг дагуулахын хамт нийгэм, улс төрийн харилцаа болон олон нийтэд муу “сургууль” болж байх талтай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл урт хугацаанд хүмүүсийн ёс зүй, үнэт зүйл, хариуцлагыг сулруулдаг ХАР хүч болдог гэсэн үг. Тухайлбал тайлагнал муу, оролцогч талуудын өмнө ил тод байж чаддаггүй муу засаглалтай компаний ард бүх төрлийн авилгал, хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагаа нуугдаж байдаг. Энэ нь ёс зүйгүй улс төрчид, компаний удирдлагуудад боломж олгож, улмаар нийгэмд буруу хандлага, үл итгэлцэх байдал үүсгэнэ.
ХЭРХЭХ ВЭ?
Тэгвэл төрийн өмчит компанийг тойрсон энэ олон асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ? Мэдээж маш өргөн ойлголт, маш том асуудал. Үүнийг нэг өгүүлбэрээр, нэг нийтлэлээр ойлголцох, дүгнэх боломжгүй. Гэхдээ энэ чиглэлд хийсэн олон хүмүүсийн судалгаанууд, олон улсын тэргүүн туршлагуудад тулгуурлан дараахь асуудлуудыг та бүхний өмнө нээлттэй орхиж байна.
- Хувийн бизнесүүд олноороо орох боломжтой салбаруудад төрийн өмчит компани байх шаардлагагүй юм.
- Хувийн хэвшил бага оролцох боломжтой салбарт төр тэдэнтэй яаж ажиллахыг, юугаар өрсөлдөхийг маш нарийн тодорхой болгох шаардлагатай. Ялангуяа хувийн хэвшлийг дэмжих бодлого зарчим бий болгож, мөрдөх. Ингэснээр хувийн хэвшил энэ салбарт олноороо ороод ирэх боломжтой болох үед төр бага багаар төр энэ салбараас өөрийн эзэмшилээ багасгах замаар бүрэн гарах бодлоготойгоор урт хугацааг харж ажиллах. Энэ хугацаанд төрийн өмчит компани сайн засаглалын зарчмаар ажиллах зайлшгүй шаардлагатай.
- Хувийн бизнесүүд орох боломжгүй салбарт мэдээж төрийн өмчит компани ажиллах шаардлагатай. Гэхдээ сайн засаглалтай ажиллах бүхий л бололцоог бүрдүүлэх нь бидний өмнөх сорилт болж байна. Улмаар тухайн салбарт хувийн хэвшил бага багаар орох боломжийг хамт хайх шаардлагатай.
- Улс төрийн оролцоог энэ төрийн өмчит компаниудад байхгүй болгож, хараат бус мэргэжлийн ажиллах шаардлага тулж ирж байна.
- Дээрхи ажлуудыг хийхийн тулд мэргэжлийн судлаачид, эрдэмтэд, туршлагатай эпспертүүд, төрийн бус байгууллагуудтай маш ойр хамтарч ажиллах.
- Төрийн өмчит компанийн засаглал менежментийг сайжруулах нь нэг жилийн дотор эсвэл хэдхэн жилийн ажил биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй болов уу. Энэ нь урт хугацаанд тасралтгүй явагддаг, маш нарийн дэс дааралалтай хийгдэх, зарим тохиолдолд хүмүүсийн ёс зүй, үнэт зүйлтэй хамт өөрчлөгдөнө гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүй.
ТҮЛХҮҮР АСУУДАЛ
Компанийн засаглалын зөвлөх Харвардын Кеннидигийн Их Сургуулийн
магистрант Содномдоржийн Санасэр
URL: