Дорнод аймагт шүлхийгээр олон зээр үхжээ

p1bk34eibe16s51o6037n1mnmd5l1Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар таван удаа гарсан малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил цөөнгүй гарлаа. Тодруулбал, энэ жил Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Төв зэрэг долоон аймгийн 34 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчин гарч, 7000 гаруй мал устгасан байна. Саяхан л гэхэд Дорнод аймгийн Баян-Уул сумын хоёр өрхийн 12 үхэр шүлхийгээр өвчилсөн тул хорио цээрийн дэглэм тогтоожээ. Одоогийн байдлаар Төв, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 15 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутаг дэвсгэрт шүлхийн голомттой байна.

Нийслэлд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хоёр дүүргийн таван хэсэгт шүлхий гарсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн I, XXI, XXII хороо, Хан-Уул дүүргийн X, XII хороонд шүлхий өвчин гарч өнгөрсөн долдугаар сараас эхлэн голомтын бүс нутгуудад хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Үүнээс долдугаар сард Сонгинохайрхан дүүргийн XXII, I, өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн X хороонд гарсан шүлхий өвчний хорио цээрийг цуцалсан. Харин одоо Хан-Уул дүүргийн XII хорооны хоөр хэсэгт, Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд хорио цээрийн дэглэмтэй байгаа юм. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Дүн бүртгэл, мэдээ, мэдээлэл хариуцсан эмч Ч.Цэндийн хэлснээр хорио цээрийн хугацаанд мал нэмж халдварлаагүй, вакцинжуулалт 36.5 хувьтай байгаа аж.

Дорнод аймагт оны эхнээс л шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Тухайлбал, нэгдүгээр сард Матад, дөрөв, долдугаар сард Цагаан-Овоо, есдүгээр сард Булган, Хөлөнбуйр, Баян-Уул суманд шүлхий өвчин гарлаа. Үүнээс гадна cap гаруйн өмнөөс зээр олноороо үхэж эхэлжээ. Үхсэн зээрт шинжилгээ хийхэд шүлхий өвчинтэй болох нь тогтоогдсон байна. Энэ талаар Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын эмч Э.Пүрэвдорж “Малчдын хэлснээр наймдугаар сарын сүүлээр зээр үхэж эхэлсэн гэсэн. Шинжилгээ хийхэд шүлхийгээр өвчилсөн нь тогтоогдсон. Тоог нь нарийвчлан гаргах боломжгүй байна. Ямартай ч маш олон зээр үхсэн. Бид үхсэн зээрийг устгалд оруулж байгаа. Мөн Баян-Уул суманд шүлхий гарч 12 үхэр устгасан. Шүлхийг малаас, зээрээс халдварласан эсэхийг мэдэхгүй. Манай газарт шинжилдэггүй” гэв.

Шүлхий туссан малыг устгалд оруулж, хорио цээр тогтоон бусдад нь халдварлуулахыг хориглож болдог. Харин хээрийн өвчтэй амьтныг хориглож, мал амьтанд халдварлуулахгүй байх хэцүү билээ. Гэвч одоогоор үхсэн зээрийг булж, малдаа вакцин тарихаас өөр авч буй арга хэмжээ алга.

Нэгэн баримт дурдахад, 2010 онд зүүн аймгуудын нутгаар шүлхий дэгдэж олон мянган мал өвчилсөн. Тухайн үед зээрийг шүлхий өвчин тараасан гол буруутан болгож, олон мянгаар нь буудан устгаж байлаа. Гэтэл шүлхий өвчин анх гарсан үеэс өмнөхөн нь зээрүүдээс ийлдэс авч шинжилгээ хийхэд хариу нь сөрөг урвалтай гарсан байдаг. Үүнээс үзэхэд анх зээрээс мал халдварласан уу, малаас зээрт халдварласан уу гэдэг нь тодорхой бус юм. Тиймээс тухайн үед олон мянган зээр устгасан нь байгаль хамгаалах байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байв. Ийм байдал энэ жил ч давтагдахгүй гэх баталгаа алга. Учиргүй устгаж буудаж, хядахгүй ч шүлхийн голомтыг тэлэхгүй байх талаас нь арга хэмжээ авмаар байна.

С.БАТХУЯГ: ШҮЛХИЙ ЗЭЭРЭЭС МАЛД ХАЛДВАРЛАСАН ЭСЭХИЙГ ТОГТООГООГҮЙ

Зарим мэдээллийн хэрэгслээр зээрээс шүлхий халдварласан нь нотлогдсон тухай мэдээлэх болов. Харин мал эмнэлгийн байгууллагынхан шинжилгээний нарийвчилсан дүгнэлт гараагүй гэдгийг хэлж байна. Улсын хэмжээнд шүлхийн голомтын нөхцөл байдлын талаар Мал эмнэлэг үржлийн газрын Гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуягаас тодруулснаа хүргэв.
-Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан шүлхийг зээрээс халдварласан гэсэн мэдээлэл гарах боллоо. Шүлхий өвчин зээрээс малд халдварласан эсэхийг хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Нарийн тогтоосон зүйл байхгүй. Үүнийг нарийвчлан судалж мэдэхээс нааш мэдэх боломжгүй. Одоогоор нарийн тогтоосон зүйл байхгүй. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид оношилгоо хийдэг. Гэхдээ зөвхөн шинжилгээний дүн гэхгүй нөхцөл байдлыг судалж байж дүгнэлт хийх ёстой.

-Энэ жил олон газар шүлхий өвчин гарлаа. Энэ нь юутай холбоотой вэ?

-Он гарснаас хойш долоон аймаг, нийслэлийн 34 сум, хоёр дүүрэгт шүлхий өвчин бүртгэгдсэн. Шүлхий их гарч байгаа нь олон шалтгаантай. Малчид малдаа вакцин хийлгэхгүй байх, давтан вакцины хугацаа оройтох, хяналтгүй отор нүүдэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа.

-Вакцинжуулалт хэдэн хувьтай байна вэ?

-Шүлхийн голомттой бүс нутгийн малын вакцинжуулалт нийслэлд 36.5, Төв аймагт 32, Сүхбаатарт 89.3, Дорноговь аймагт 73.5 хувьтай байна. Хэнтий аймагт 10 мянган мал тарьсан байна. Тус аймгаас бүрэн мэдээлэл ирээгүй байна гэлээ.

ХҮЙТРЭХЭЭС ӨМНӨ ХОТООС МАЛАА ГАРГАЯ

Нийслэлийн бүс нутагт мал амьтны гоц халдварт өвчин их гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн нутаг дэвсгэр рүү нүүлгэхээр болсон юм. Ажлын хэсгийнхний судалгаагаар нийслэлд 438 мянган мал байгаагаас мал, амьтан тэжээхийг хориглосон бүсэд 602 өрхийн 16 мянга 704 толгой мал байгаа юм байна. Дээрх ажпын хэсгийнхний мэдээлснээр 3000 гаруй малыг орон нутаг болон зөвшөөрлийн бүс рүү нүүлгэжээ. Тухайлбал, Булган аймаг руу 700 гаруй, Сэлэнгэ аймаг руу 600 гаруй, Төв аймаг руу 1000 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн 1000 гаруй малыг хүнсэнд худалдан борлуулж, шүлхийн голомтод байсан 170 үхрийг устгасан байна. Энэ талаар нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат “Нийслэлд мал маллахыг хориглосон бүсээс зөвшөөрсөн бүс рүү малтай айлуудыг нүүлгэж байна. Одоо хориглосон бүсэд 13 мянга орчим мал үлдсэн. Ер нь малтай айлууд тухайн газраа суурьшчихсан болохоор нүүлгэхэд хүндрэл гарч байна. Гэхдээ бид захирамж гарсан учраас айлуудыг нүүлгэж л байна” гэв.

Нийслэлдээ хүн нь малтайгаа зэрэгцэн амьдардаг хот манайхаас өөр байхгүй байх. Уг нь Хан-Уул дүүргийн XII, XIII, XIV, Сонгинохайрхан дүүргийн XXI, XXXII хорооноос бусад хороонд болон Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим хороонд мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Гэвч иргэд хаа дуртай газраа мал маллаж, эрүүл ахуйг нь ч анхаарахгүй байна. Тиймээс хотын төвтэй залгаа орших мал амьтан тэжээхийг хориглосон бүс нутгаас малыг дариухан гаргая. Хүйтний улирал эхлэхэд cap хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаанд л амжуулж малтай айлуудыг нүүлгэхгүй бол хот даяараа шүлхийн хорионд орохгүй гэхийн аргагүй

Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих