“ДА ХҮРЭЭ” ЗАХЫН ОЙРОЛЦОО ДЭН БУУДАЛ ШАТАВ

“Да Хүрээ” техникийн захын ойролцоо орших “Hero” дэн буудалд өнгөрөгч бямба гаригт гал гарлаа. Тэнд 13.30 цагийн үед очиход цонх, дээврээс нь утаа баагиж, гал унтраах ангийнхан унтраахаар ажиллаж байв. Тэд 15.00 цаг хүртэл 10 гаруй тонн ус цацсаны эцэст гал, утааг бүрэн зогсоосон юм. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ахлагч Я.Түвшинбат “Цахилгааны шийтний өрөөнөөс нь гал гарчээ. Шалтгааныг нь тогтоохоор манай шинжээчид ажиллаж байна. Хэрэв их хэмжээний гал гарсан бол нийлүүлж барьсан аж ахуйн нэгжүүд, техникийн захад аюул учруулах магадлал өндөр байлаа.

Барилгуудын хоорондын зайны стандарт алдагдсан, цахилгааны холболтоо чанаргүй хийдэг зэрэг нь ийм эрсдэл үүсгэх болсон” гэв. Энэ үед дэн буудлын ойролцоо зогсож байсан гурван залуу “Бид энэ буудлын хажуугийн дулаан гараашийг түрээслэхээр эзэнтэй нь тохирчихсон байсан юм. Бид “Цахилгааныхаа монтажийг янзлахгүй бол найдваргүй юм байна шүү” гэж эзэнд нь хэлсэн. Гэсэн ч бид ний үгийг ойшоохгүй байсаар ийм байдалд хүрлээ” хэмээн ярьж байв.

Мөн тэнд байсан зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ буудлыг эзэн нь банкны зээлийн барьцаанд тавиад өрөө төлөх хугацаа хэтэрсэн учир тухайн банк нь хувь хүмүүст түрээслүүлж байсан аж. Хоёрдугаар давхарт байрлах есөн өрөөтэй дэн буудалд гал гарах үед нэгдүгээр давхарт нь үйл ажиллагаа явуулдаг гуанзанд ажилчдаас нь өөр хүн байгаагүй гэнэ.

Б.ДЭЛГЭРХИШИГ

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих