Монголын хөрөнгийн бирж ”мода”-нд орох нь
Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжил С.Батболдын Засгийн газрын амжилт, ололтуудын нэг байх болно хэмээн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Б.Болд ярьж байсан билээ. Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохын тулд 20 жилийн настай Монголын хөрөнгийн биржийг өөрчлөхөөр зориглосон нь яах аргагүй С.Батболдын Засгийн газрын санаачлага байсан юм. Өнгөрсөн жилээс эхлэн Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх, хөгжлийн шинэ шатанд гаргах түнш хайж Лондонгийн хөрөнгийн биржийн багийг сонгосон нь зөв байсан гэдэгт эдийн засагчид санал нэгддэг. Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэхээр 14 сая ам.долларыг зарцуулж байгаа бөгөөд 11 сая ам.доллар нь зөвхөн техникийн шинэчлэлд зориулагдах юм.
Харин үлдсэн гурван сая ам.доллар нь Лондонгийн хөрөнгийн биржийн багийнханд Монголд ажиллах хугацаанд олгох цалин хөлсөд зарцуулагдана. Дэлхийн хэмжээний баг Монголд ийм бага хөлсөөр Монголын хөрөнгийн биржийг хөл дээр нь босгохоор зүтгэж яваа гэж Хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ч ярьдаг. Тус баг өнгөрсөн хугацаанд юу хийсэн, гэрээг үзэглэж, төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш Монголын хөрөнгийн биржид ямар өөрчлөлт орсон талаар өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд танилцуулсан юм. Энэхүү танилцуулах уулзалтаар Монголын хөрөнгийн зах зээлийн цаашдын төлөв, чиг хандлагын мэдээллүүд болон Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан ажлын мастер гэрээний хүрээнд хийж байгаа ажлуудын талаарх мэдээллийг өглөө. Тус багаас нэн түрүүнд шийдвэрлэсэн ажил нь дэлхийн хөгжингүй хөрөнгийн зах зээлтэй улс орнуудын ашигладаг секундэд 50 мянган арилжаа хийдэг “Millennium IT” системийг суурилуулсан явдал гэнэ. Энэ системийг 25 орны 30 гаруй хөрөнгийн бирж, арилжааны төвүүд ашигладаг байна.
Ирэх он хүртэл туршилтын хугацаа үргэлжлэх бөгөөд цаашдаа “Millennium IT” системийн хажуугаар Т нэмэх гурван хувьцаан дахь төлбөрийн автомат тогтолцоог бий болгохоор Монголын хөрөнгийн биржийн менежментийн багийнхан ажиллаж байна. Дээрх зорилт хэрэгжвэл хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцохдоо заавал дансандаа бэлэн мөнгөтэй байх шаардлагагүй, бусад улс орны жишгээр хөрөнгө оруулагч хувьцаа худалдан авсныхаа дараа гурван хоногийн дотор төлбөрөө хийх боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Техник технологийн шинэчлэлээс гадна манай боловсон хүчнийг чадавхжуулахад Лондонгийн хөрөнгийн бирж гурван жилийн төслийн хүрээнд багагүй туслалцаа үзүүлэх ажээ. Түүний нэг нь мэргэжилтэн сургах. Өнгөрсөн хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржийн академийн сургалтад Монголын хөрөнгийн биржийн 12 мэргэжилтэн хамрагдаад ирсэн талаар Х.Алтай захирал танилцуулав.
URL: