Э.ПҮРЭВСҮРЭН: МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ МОНГОЛ ЗУРГАА ХАРЬД ӨВЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ

213263-18082017-1503023819-1577252967-180829-11032016-1457694392-923600050-turiin_ordon oltgrtБНХАУ-д уригдан ажиллаж байгаад ирсэн Зураач Э.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Түүнтэй зураачдын ертөнц хийгээд, тэдний амьдрах нөхцлийн талаар ярилцсанаа хүргэе.

-Хөх хотод ажиллах боломж хэрхэн олдсон талаар яриагаа эхлэх үү?

-Би 2015 онд сургуулиа төгсөөд БНХАУ-ын Хөх хот руу явсан. Их сургуулиа төгсдөг жил манай улсаас Өвөрмонгол руу 100 гаруй зураачийн бүтээлийг явуулж, үзэсгэлэнд оруулсан юм. Түүнд миний диплом хамгаалсан зураг багтсан. Уг үзэсгэлэнгээс таван зураг шилдгээр шалгарсан. Бас л миний зураг тэр тавын нэг болсон. Уг үзэсгэлэнг Өвөрмонголын “Мөнх зул” соёл урлагийн компанийнхан үзээд миний зураг таалагдсан тул надад ажиллах санал тавьсан. Би дөнгөж төгссөн учир диплом хамгаалсан нөгөө зургаас өөр надад ямар ч зураг байгаагүй. “Очно оо” гэсэн хариу хэлчихээд байгаад л байсан. Явж чадахгүй байгаа ганц шалтгаан нь зураггүй шүү дээ. Тэгээд ганц зураг зурчихаад л явсан даа. Хоёр зураг аваад Хөх хотод очсон. Тэнд Дүүрэнтөгс гээд нэг зураач ах бий. Тэнд манайхаас олон зураач байдаг. Урилгаар очиж ажилладаг. Тэр компани нь Монгол зураачдын зургийг тодорхой хэмжээний үнээр аваад цааш нь мөнгө нэмж зардаг. Мөн Хятадын болон дэлхийн зах зээлд гаргах журмаар ажилладаг. Анх би урагшаа явахгүй. Хотдоо ажиллаж, амьдаръя гэж бодож байсан юм. Гэтэл сургуулиа төгсөөд маргааш нь юу хийх билээ. Яаж амьдрах билээ гэх мэт олон юм бодогдсон. Хамаг амьдрал нуруун дээр буугаад ирсэн. Тэгтэл тэр компаниас хэд хэдэн удаа залгаж, намайг ирээч гэж хүсэлт тавьсан. Бүр миний замын зардлыг хүртэл явуулсан. Тэгэхээр нь очихоор зориг шулуудсан юм. Тэнд жил ажиллахдаа тасралтгүй зураг зурдаг байсан. Мөн тэнд Өвөрмонголын зураач, багш нарт хоёр удаа монгол зургийн талаар сургалт явуулсан.

-Сургалт хийхийг санал болгоод байхыг бодоход тэндхийн хүмүүс монгол зургийг их сонирхдог юм байна. Тийм үү?

-Тийм ээ. Гэхдээ монгол ахуйг мэдэхгүй юм чинь зурж чадахгүй. Энэ нь монгол зургийн онцлог. Заавал орчинд нь байж, түүнийг мэддэг, ойлгодог хүмүүс л зурна. Өвөрмонголчууд монголын түүхийн зургийг монголчуудаар их зуруулдаг. Мөнгөнд нь болоод манайхан ч татгалзалгүй зурж, худалддаг. Харин тэд авсан зургаа зүгээр л хадгалдаг. Тэд чинь их алсыг хардаг хүмүүс. Хожмоо биднийг үгүй болсны дараа, хэдэн зуун жилийн хойно гаргаж ирээд “Энэ монгол зураг манайхаас үүсэлтэй. Энэ хар л даа. Баталгаа нь энэ” гээд мэлзэхийг үгүйсгэхгүй. Манайхан өөрсдөө хадгалаагүй, залуучууд нь тэдэн шиг монгол зургийг суръя гэж эрмэлзэхгүй байгаа юм чинь тэр үед яаж ч тэмцэж чадахгүй. “Хятадаас гаралтай юм байна” гээд л үлдэнэ. Тэгэхээр бид өөрсдөө түүнийгээ зурж, архивт хадгалвал дээр юм шиг санагддаг. Энэ зүгээр л миний бодол. Буруу ч байж магадгүй. монгол зураачдаа дэмжиж, манайхаас үүсэлтэй энэ урлагаа өвлүүлэх хэрэгтэй байх. Бид, би үүний төлөө хичээж ажиллана.

-Тэнд очоод хэчнээн зураг зурж, хэдэн төгрөгөөр худалдав?

-Би очоод 50 гаруй зураг зурсан. Хүмүүсийг сараар цалинжуулдаг юм билээ. Намайг болохоор бүтээлээр чинь цалинжуулж байсан. Миний бүтээл хэдий чинээ зарагдана, төдий чинээ их мөнгө олно гэсэн үг. Миний бүтээлийг нэг хүн авлаа гэхэд 30 хувийг компани, үлдсэнг нь би өөрөө авдаг байсан. Жил гаруй ажиллаад, саяхан энд ирсэн. Зургийн чанар, хэмжээнээс шалтгаалаад зургаа янз янзын үнээр худалдаалдаг байсан. Америкаас нэг эгч миний зургийг сонирхоод зорьж ирсэн. ‘Ан” гэдэг зургийг минь авсан. Компани хувиа аваад би гар дээрээ долоон сая төгрөг авсан. Тэр л миний хамгийн үнэтэй зарсан зураг. Зураг зурахад захиалга гэж байхгүй. Би өөрийн мэдрэмж, төсөөллөөрөө зурна. Миний бодож санаж буйд бусад хүмүүс халдах эрхгүй. Түүнийг минь хүмүүс янз бүрээр ойлгож мэдэрнэ. Тэгээд таалагдвал авна. Би өөрөө хөдөө өссөн. Аав, ээж минь малчин. Ер нь хөдөөний амьдралд их дуртай. Ан, амьтан, хөдөөгийн ахуй амьдралыг голдуу зурдаг. Сүүлийн үед нүүдэл их зурж байна. Учир нь бид хаа сайгүй техникжсэн. Мал, ан, нүүдэл гээд л ахуй амьдралдаа дандаа техник ашигладаг болж. Намайг жаахан байхад тэмээгээр нүүж, биднийг байнга бөмбөрт (араг) хийгээд ачдаг байсан. Мөн багадаа аавыгаа дагаад байнга ан, гөрөө хийдэг байлаа. Хөдөө очихоор багийн зүйлс минь байхгүй болсон байна билээ. Бүх зүйл нь механикжсанд маш их эмзэглэсэн. Тэр эмзэглэлээ зургаар илэрхийлж, “Монголчууд ийм байхдаа сайхан шүү” гэдгийг хүмүүст уриалахын тулд нүүдэл, ахуй амьдрал зурдаг. Зурахын тулд ер нь бүх юмыг судлах хэрэгтэй болдог. Нэг морьтой хүн зурахад, хэддүгээр зууны хүн байх уу гэдгээс шалтгаалаад морины эмээл, хазаар, хувь хүний дээлийн товч, энгэр гээд бүгдийг судална. Зургаар дамжуулж хүмүүст мэдээлэл өгч байгаа хүн худлаа юм зурж болохгүй шүү дээ. Мөн нүүдлээс гадна цастай зураг их зурж байна. Загасчны морь усгүй гэдэг шиг хөдөө нутаггаа амьдарч байхдаа цас хийгээд, байгалийн сайхныг мэдэхгүй явдаг байж. Би Говь-Алтай аймгийн харьяат. Тэнд төрж, өссөн. Сүүлд нутагтаа дөрвөн жилийн дараа очсон чинь хэчнээн сайхан байсан гэж санана. Цас, байгалийг нь дахин мэдэрсэн. Ийм сайхан байдаг билүү гэж бодсон.

-Их гүрэн учир амьдралын хэв маягаас эхлээд олон зүйл нь өөр байсан байх. Урлагийг үнэлэх нь ч гэсэн манайхаас өөр байх.

-Амьдрахад өртөг өндөр санагдсан. Харин урлагийн бүтээлийг үнэлэх үнэлэмж нь илүү сайн. Миний ажиллаж байсан монгол зургийн чиглэлээр төгссөн, зурдаг хүн Өвөрмонголд хоёр л байдаг юм билээ. Монгол зургийг хүмүүс нь мэдэхгүй тал руугаа гэх үү дээ. Одоо л монгол зураг дэлгэрч эхэлж байгаа. Монголчуудыг аваачиж л дэлгэрүүлж байна. Очоод жил гаруй болоход олон улсын хоёр үзэсгэлэнд орсон. Эхнийх нь Хятад, Монголын хамтарсан үзэсгэлэнд улсаа төлөөлж оролцсон. Тэр үзэсгэлэнд “Их нүүдэл” хэмээх сургуулиа төссөнөөсөө хойш зурсан хамгийн том бүтээлээрээ оролцсон, Уртаараа гурван метр 20 см, өргөнөөрөө нэг метр 10 см хэмжээтэй зураг. Монголчууд ингэж нүүдэг байсан. Ийм ахуй амьдралтай ард түмэн байсан гэдгийг илэрхийлсэн бүтээл юм. Тус үзэсгэлэнд зориулж зурсан. Мөн үүнээс арай жижиг “Нүүдэл”, “Түмэн агтын төвөргөөн” зэрэг зургаа тус үзэсгэлэнд дэлгэсэн. Дараагийн үзэсгэлэн нь Өвөр-монголын урлагийн сургуульд Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн болсон. Түүнд мөн өөрийн бүтээлүүдээ олны хүртээл болгосон юм. “Их нүүдэл” зургаа дөрвөн cap зурсан.

-Таны зургуудад хүн нь мориноосоо том байдаг. Яагаад ингэж зурдаг юм бэ?

-Морийг зурахад хүртэл учиртай. Монгол морь ямар байх вэ. Намхан, чийрэг гээд шинжүүд бий. Миний бүтээл дээр морьд нь жижиг, хатад нь том байдаг. Яагаад ингэж зурдаг юм гэж их сонирхож асуудаг. Манай өвөг дээдэс дайн байлдаанд яваад амь үрэгдэхэд хатад нь улсаа удирдаж, ар гэрээ авч явдаг байсан. Маш эрэлхэг, зоригтой, хүчирхэг. Тиймээс хатдыг том дүрсэлдэг. Одоохондоо би суралцаад л явж байна. Өөрийн гэсэн уран бүтээлийн чиг баримжаагаа олох гэж хичээдэг. Манай багш СУИС-ийн ДУДС-ийн монгол зургийн ангийн багш Чинбат гэж хүн бий. Арав гаруй жил багшилж байгаа. Хуучин Монголын урчуудын эвлэлийн хорооны тэргүүн байсан.

-Монгол зургийн онцлог нь юу байдаг вэ. Мэдээж үндэсний хэв маягийг хадгалдаг байх?

-Монгол зураг их нарийн байдаг учир удаан зурдаг. Уран зураг алслалттай байдаг бол Монгол зураг тийм биш шууд харагдаж байгаагаар нь л зурдаг. Нэг хавтгай дээр олон дүрслэлийг тодорхой харуулдаг Монгол зургийг “Шувууны өндрөөс хардаг” гэж ярьдаг шүү дээ. Есдүгээр ангиа төгстлөө зураач болно гэж бодож байгаагүй. Математикийн хичээлдээ сайн байсан болохоор тэр чиглэлийн хүн болно гэж боддог байсан байх. Харин есдүгээр анги төгсөх жил манай сумын сургуульд СУИС-ийг төгссөн Баасанжав гээд багш ирж зургийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн.

Тэр цагаас хойш л зурагт дурлаж, зураач болохоор шийдсэн. Хамгийн дуртай байсан математикийнхаа дугуйланд явахаа болиод, зугтсан. Түүнээс хойш байнга зураг зурсан. Би нэгдүгээр ангиасаа хойш сургуулийнхаа дотуур байранд байсан. Тав дахь өдөр болгон аав дүү бид хоёрыг мориор ирж авдаг байсан тэр бүхэн минь намайг монгол зураг зурахад нөлөөлсөн юм болов уу. Өдөр хичээлээ тарж ирээд цайгаа уугаад шууд багшийн өрөөнд орж зургаа зурдаг байсан. Багш манай дээд давхарт амьдардаг. Тэгээд хотод ирж их сургуульд ормоор байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээгүй бол их сургуульд авахгүй шүү дээ. Гэтэл арван жилээ төгстөл хүлээх гэхээр хурдхан л их сургуульд орж зураач болмоор байдаг. ЕБС-д сурах ямар ч сонирхол байдаггүй. Тэгэхээр нь хурдан төгсөхийн тулд коллежид элссэн. Гэтэл зургийн чиглэлийн ямар ч анги байдаггүй юм билээ. Тэгээд талх нарийн боовны ангид арван жилийн гэрчилгээтэй болохын тулд сурсан даа. Дараа нь ангиа солиод мужаан сийлбэрийн ангид орсон. Зурагтайгаа бас арай дөхөж байгаа биз. Гэтэл коллеж 2.5 жилээр төгсдөг юм билээ. Онц сурвал хоёр жилээр төгсч болдог гэхээр нь хичээж байгаад хоёр жилээр төгслөө. Одоо тэгээд бушуухан зургийн ангид л орох юмсан гээд СУИС-д очсон. Тэгтэл элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй хүүхдийг авахгүй гээд намайг бүртгэсэнгүй. Тэгэхээр нь Пүрэвбат ламын бурханы хөрөг зургийн сургуульд орохоор болов. Зураг л зурж байвал ямар сургууль нь ямар хамаатай юм гэзд түүнд бүртгүүлэхээр очсон. Дөрвөн удаа очсон боловч бүртгүүлж чадаагүй. Хүн байхгүй, би бичиг баримтаа орхисон зэрэг шалтгаантай, яагаад ч юм ямар нэгэн бэрхшээлүүд тохиолдоод байсан. Гэтэл аз болж СУИС-ийн монгол зургийн анги нэмэлт элсэлт аваад өөрийн хүссэн мэргэжлээрээ сурч, зураач болох мөрөөдлийн минь эхлэл тавигдсан юм.

-Зураачдын амьдрах нөхцөл хэр байдаг юм бэ.аг Мөнгө олох боломж муу байдаг юм шиг санагдд Буруу бодож байж ч болох юм?

-Байр сууриа олсон мундаг зураачид олон байна Харин бидэн шиг залуу зураачдын хувьд хэцүү. Тэр тусмаа манай улсад зураачид амьдрахад тун бэрх. Манайд зургийг ойлгож, үнэлэх хүмүүс ховор. Тийм учраас мөнгө олохын төлөө ихэнх хүмүүс зургаа хаядаг гэсэн. Tэр тал дээр жаахан эмзэг санагдаад байдаг юм. Эр хүн гэр бүлээ тэжээхгүй бол болохгүй шүү дээ. Аргагүй амьдралын эрхэнд зургаа орхиж байгаа юм. Би одоохондоо зургаа орхихгүй, үүгээрээ л хоолоо олж идэж, бүхий л сэтгэл зүрхээ зурагтаа, монгол зургийн төлөө зориулсаар байх болно гэж бодож байгаа. Яваандаа юу болохыг одоохондоо мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л зураг хэмээх сайхан ертөнцөд, энэ салбарт ажиллаж, мөнхрөхийн төлөө хичээнэ. Одоо ганц нэг захиалга аваад зургаараа амьдраад болоод л байна. Миний урдаас ирсэн нь том шалтгаантай. Хөх хотод ашгаа бодоод байгаад байвал болж л байсан. Гэвч миний зурсан зураг эх оронд минь үлдэхгүй. Харьд байх болохоор надад харамсалтай санагдсан. Ашиг олсон, олоогүй өөрийн оюуны өмч, үндэстний бахархалт оюуны бүтээл болох монгол зургаа эх орондоо л үлдээе гэж бодсон. Миний зургийг ихэвчлэн хятадууд худалдаж авч байсан. “Их нүүдэл” зургаа зураад л би үүнийг ухаарсан. Хүмүүс өндөр үнэ санал болгасон ч би яагаад ч юм зараагүй. Монгол хүн авна гэвэл хямдхан зарна гэж бодож байгаа. Даанч манай монголчууд сонирхдог л болохоос биш худалдаж авдаггүй. Харин Хятадаас яриад л байна. “Зургаа аваад ир. Авъя” гээд байгаа. Би зарахгүй. Монголын гэх юмаа хайрламаар байна. Хятадууд монгол зураг чинь манайхаас үүсэлтэй юм шүү гэж ярьдаг. Тийм биш шүү дээ. Тэгэхээр монгол зургаа монголынх, бидний өмч гэдгээр нь дэлхийд таниулж үлдээмээр байна. Гэхдээ сонгодогуудын хэмжээнд хүргэмээр байна.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: i Огноо: 26 October 2017

Uhaantai huu yma .

Нэр: Тогтох Огноо: 3 November 2017

Бас нэг МОНГОЛ ЯЛНА. Зураг, урлаг хоёрт хил хязгаар яс ундэс гэж байхгуй. Монгол зурагыг чинь хятад тоогоод худалдаж авч байгаа бол одоо жинхэнэ МОНГОЛ ЯЛЖ байгаа хэрэг. Тэрнээс МОНГОЛ нь зураад л МОНГОЛ нь хямдхаан худалдаж аваад байвал хэнд ч хэрэггуй хог болж байгаа нь тэр дээ.

Сэтгэгдэл бичих