ТАНАЙ, МАНАЙ КОНЦЕСС
“Монгол төрийн бодлого одоо тодорхой болчихно оо. Хэдхэн хоног хүлээчих. Тэгээд л та нар хөрөнгө оруулж болно. Нээрээ итгэж болно шүү. Засгийн газраа бид тун удахгүй эмхэнд нь оруулчихна”. Ийм утгатай үгийг тун саяхан болоод өнгөрсөн Хятад-Монголын хамтарсан экспогийн индрээс нөлөө бүхий улстөрч хэлээд зогсч байх аж.
Хөрөнгө оруулагчаа хүлээж буй том том төслүүдээ танилцуулж, “Энэ бүхнийг бариад өгчих. Дараа нь бид мөнгийг чинь гаргаад өгнө. Та нарт тийм боломж бий болгоно. Хувь эзэмшиж болно. Манай Засгийн газар мөнгөтэй болоод төлчихнө” хэмээн царай алдсан ч нааштай үг унагах хөрөнгө оруулагч тэнд цөөхөн байлаа.
Тогтворгүй байдал, хамтын ажиллагааны гэрээг хулгай, луйвар гэж гүтгэдэг улсад хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэж дуугарч байна лээ, тэд. Нээрээ ч бид тун удахгүй эмхэлчихнэ шүү дээ. Хэдхэн хоног хүлээчихэд нь сүртэй юм бэ хэмээн бутарсан төр засгаа өмгөөлөн бодож сууснаа нуух юун.
Гэвч бизнесийн салбарынханд хүлээлт гэдэг ойлголт байхгүй. Цаг хугацаа хэтэрхий үнэтэй учраас ажлаа эхэлнэ, үгүй бол сонголт надад бий гэсэн хууль үйлчилдэг. Хөөрхий зайлуул, Монголын улстөрчид төрөө эмхэлж байгаа гэнэ лээ. Тэгэхээр ажлаа түр хүлээж байя хэмээн бидний толгойг илж суух хөрөнгө оруулагч гачлантай нь олдбхгүй. Бизнес ийм л хатуу. Улс төрийн тогтворгүй байдал, тодорхойгүй нөхцлөөс үүдэн хөрөнгө оруулагчид биднээс нүүр буруулж, олон бүтээн байгуулалт улстөржилтөөс үүдэн гацчихлаа. Хоёр жилийн хугацаанд Монголд нэг ч шинэ бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Сэрийж сарайсан араг яс аятай дутуу баригдсан барилгууд хотын гудамжаар дүүрэн байна. Хаа нэгхэн улстөрч сургууль, цэцэрлэг засварласан гэхээр баярлаж суух ч улсын төсвөөр баригдсан сургууль, цэцэрлэгийн тоо чамлахаар санагдана. Энэ бүхэн өсч буй эдийн засагтай улс орны дүр зураг хэрхэвч биш. Гадаад дотоодоос дарга цэрэггүй гуйлга гуйна. Валютын сан тунихаар сандарч давхилдаад л, урд хормойгоороо хойдхоо нөхөж байгаа хүнд үед замыг чинь бариад өгье гэж орж ирдэг мөнгөтэй компани байгаад баярлаж суухаас өөр яалтай. Төр мөнгөгүй учраас хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай “Эхлээд та бүхэн барьчих, дараа нь бид мөнгөө төлье” хэмээн гуйлга зарчмаар ажил ярьдаг болсон.
Ерөөс Ч.Сайханбилэг, Н.Алтанхуягийн Засгийн газар ч ийм замаар л бүтээн байгуулалт хийж, сайн нэр зүүгээд сууж байгаа. Н Алтанхуяг мөнгөтэйдээ баруун солгойгүй цацаж барилга барьж, зам тавьчихсан хэрэг огт биш. Бидний ад үзэж, авлига мэтээр ойлгоод байгаа концессын гэрээгээр бүтээж чадсан юм. Өнөөдөр ч энэ зарчмаар ажил явж байна. Төр мөнгөгүй учраас хувийн хэвшилд санал тавьж, барилга бариулж, зам тавиулна. Хувийн хэвшил мөнгөө гаргаад замаа барьсны дараа төрөөс авах ёстой төлбөрөө авдаг. Ийм л энгийн процессыг ч суудалд шунасан хэсэг бүлэг улстөржүүлж, тэрбум тэрбумаар нь мөнгө идчихсэн гэж байна. Суудиын төлөөх явцуу улстөржилтөөс үүдэж олон том төсөл тодорхойгүй байдалд орчихлоо. Хатуухан хэлэхэд, албан тушаалын төлөө улсынхаа эдийн засгаар “туг тахиж” орхижээ.
Сүүлийн 15 жилийн хугацаанд төрөлт 3.5 дахин нэмэгдсэн ч төрөх эмнэлэг нэг ч нэмэгдээгүй. Гэтэл концессын гэрээгээр төрөх эмнэлгийг чинь бариад өгнө гэхэд “Чиний ард хэн байна. Чамайг шалгана. Чи яаж эмнэлэг барих мөнгөтэй болов” хэмээн хардаж суудаг төр засаг байж болох уу. Яармагийн төрөх эмнэлгийн тухайд өмнө нь төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдэж, гэрээ байгуулсан компани нь барьж чадахгүйд хүрч эхнээсээ хууль хяналтаар шалгуулаад замхарсан юм билээ. Ийм ажлыг гүйцээгээд өгнө гэхэд харин ч баярлах ёстой биз дээ. Оюутолгой, Цагаан суваргын дэд станцын төсөл ч ялгаагүй. Ер нь мөнгөтэй компани гарч ирээд бариад өгье гэж байхад бариулаад авахад буруу нь юу байна вэ. Тэд барьсан замаа аваад явах биш. Төрөх эмнэлгийг хувьчилна гэх биш. Үхэхдээ авсандаа аваад орохгүй учраас үлдэж хоцрох ашгийг нь бодох ёстойсон. Энэ бүхэн Монголын эдийн засагт хэрэгтэй. Готов нь авна уу, Шадав нь авна уу гэгчээр бүтээн байгуулалт хийчих, зам бариад дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдээд өгчих чадалтай компани байвал ажлыг нь хийлгэе. Юмыг сайн талаас нь харах гээд үзье. Заавал улстөржүүлж, нэг улстөрчийн бизнес гэж харах хэрэг байна уу. Үнэхээр төсөвт өртөг нь нэмэгдсэн, ашиг олох гэсэн зүйл байгаа юм бол хууль хяналтын байгууллага нь тогтооно биз. Буруутай этгээд хариуцлагаа хүлээчихнэ. Эцсийн дүнд долоон концесс миний, чиний, бидний амьдралд хэрэгтэй юм бол явуулаад үзье. Чадаж байгаа юманд арга байхгүй гэгчээр чадах нь ялаад ажлаа хийг. Бид харин тэндээс нь хожих ёстой.
Тухайлбал, 2010 оноос яригдаж 2012 онд сонгон шалгаруулалт зарлагдсан Оюутолгой, Цагаансуваргын дэд станцын ажил хийгдчихвэл томоохон орд газар ашиглалтад орж, гаднаас гуйлга гуйхгүй л хэмжээнд очно. Зам дагаж хөгжил ирдэг зарчмаар нутгийн иргэдийн амьдралд ч өөрчлөлт гарах учиртай. Төрөх эмнэлгийн коридорт амаржиж байгаа бүсгүйчүүдэд эмнэлэг шиг хэрэгтэй зүйл алга. Бид л үр ашгийг нь хүртчих юмыг МАН, АН-ын концесс гэж зааглаж, манай, танай улстөрчийн бизнес гэж ангилах хэрэг байдаг ч юм уу.
Б.Өнөртогтох
URL: