Хоёр тэрбум ам.долларын валютын нөөцтэй улсад иргэн нь яагаад зээл авч болдоггүй юм бэ, Л.Пүрэвдорж ерөнхийлөгч өө!
Төв банкны валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрлээ. Энэ бол иргэдийн хувьд таатай мэдээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээл авах гэсэн олон мянган иргэн, бизнесийн ажлаа үргэлжлүүлэх гэсэн зуу зуун жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тодорхой хувь нэмрээ өгөх нь гарцаагүй.
Гэхдээ Төвбанкны валютын нөөц өнөөдөр хоёр тэрбум ам.долларт хүрсэн ч маргааш нь түүний ашиг тус иргэдэд ямар боломж олгох вэ? Уул уурхайг дагаад Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна гэж удаан ярьсан. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар 1.8 тэрбум ам.доллар байсан Монголбанкны валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрчээ.
Монголбанкнаас зарласан албан ханш оны эхнээс 14 орчим хувиар чангарсан байна. Харин бодит үйлчилж буй ханш аравдугаар сарын байдлаар 18.5 хувиар өсчээ. Ханшийн чангаралтыг судалж үзвэл, 67 хувь нь нэрлэсэн ханшийн чангаралтаас, 33 хувь нь инфляцаас хамаарчээ. Гэвч энэ их мөнгө иргэдэд хэр өгөөжөө өгч буйг өнөөдрийн өндөрлөгөөс харахад чамламаар. Учир нь банкны зээл, орон сууцны зээл авах гэж сар жилээр арилжааны банкны хаалга сахиж байгаа иргэд олон мянгаараа бий.
Хилийн чанадаас хэд хэдэн тэрбумаар орж ирж байгаа тэр их мөнгө бидний амьдралд яагаад мэдрэгдэхгүй байна вэ, Л.Пүрэвдорж ерөнхийлөгч өө? Монголбанкны валютын нөөц 1,3 тэрбум ам.доллар байхад хөөцөлдөж эхэлсэн миний орон сууцны зээл Төвбанкны маань валютын сан хоёр тэрбум ам.долларт хүрсэн ч хэвээрээ л байна. Ирээдүйд гурван тэрбумд дөхөөд ч байдал энэ хэвээрээ л байх уу, Монголбанкны ерөнхийлөгч өө?
Э.Өнөр
URL: