Төв банкинд инфляцийг хазаарлах төлөвлөгөө бий юу
Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд эдийн засгийн томоохон хүндрэлтэй нүүр тулсан бол одоо өсөлтийн салхи нааш чиглэж байна. Олон улсын валютын сантай тохиролцож эхний мөнгө шилжсэн, үүнийг дагаад Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын томоохон байгууллагууд гэрээ хэлэлцээртээ гарын үсэг зурж, санхүүжилтээ хийх болсон хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна.
Мөн экспортын орлого эрчимтэй өссөн, гадаад зах зээлд нүүрсний үнэ тааламжтай болсон зэрэг өөдрөг мэдээлэл цааш цуврана. Үүнтэй зэрэгцээд төв банкнаас бодлогын хүүг 12 хувьд аваачиж эдийн засгийн өсөлтийг тэтгэх боломжийг нэмэгдүүлсэн нь бизнес эрхлэгчдэд таалагдаж байна. Нэг үгээр хэлбэл, эдийн засаг өсөх нааштай хандлагууд улам батажиж байгаа юм.
ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг 0.4, ирэх жил 1.9, 2019 онд 8.1 хувиар өсөх төсөөлөл гаргасан. Тэгвэл уг хүлээлтийг аль эрт даваад байна. Хэрэв эрдэс бүтээгдэхүүний ханш тогтвортой өсч, хөрөнгө оруулалт сэргэвэл ирэх онуудад эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөх магадлалтайг эдийн засагчид сануулж буй. Нөгөөтэйгүүр Сангийн сайд 2020 он гэхэд ДНБ-ийг 60 хувиар тэлсэн байх тухай хэлсэн. Өөрөөр хэлбэл, ДНБ 10.5 тэрбум орчим ам.доллар байгаа бол 2-3 жилийн дотор 16 тэрбум ам.доллар болж тэлнэ гэсэн үг. Манай улс өмнө нь ийм огцом үсрэлтийг хийж байгаагүй. Эдийн засаг 17 хувиар өссөн 2011-2012 оны үед ДНБ ингэж хурдацтай тэлж байгаагүй юм. Тиймээс ирэх жилүүдэд эдийн засаг хурдацтай өсөх нөхцөл бүрдэх нь ээ. Одоогоор гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу мөнгөө оруулаагүй байгаа ч сонгуулийн дараа уул уурхайн салбарыг сонирхох нь гарцаагүй юм.
Эдийн засгийн энэ өндөр өсөлт, ДНБ-ий тэлэлтийг дагаж аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж, үйлдвэрлэл эрчимжиж, хүмүүсийн орлого өснө. Үүнд хүн бүр талархалтай хандаж, нийгмийн уур амьсгал эерэг болно. Гэхдээ нэг анхаарах асуудал бол инфляци юм. Эдийн засгийн огцом өсөлтийг инфляци үргэлж дагаж явдаг. Эдийн засаг 17 хувийн өсөлт үзүүлсэн жил инфляци 14 хувь давж байсан саяханы жишээ бий. Энэ тохиолдолд өндөр өсөлтийн үр өгөөж буураад ирдэг. Өөрөөр хэлбэл, өмнө нь хямралтай үед 500 төгрөгийн орлого олдог байсан бол эдийн засаг өссөнөөр 1000 төгрөгийн орлого олдог боллоо гэж үзье. Мэдээж орлого нь өссөнөөр хүн бүр баярлана. Гэтэл дээрх өсөлтийг дагаад өмнө нь 50 төгрөгөөр авдаг байсан барааны үнэ нэмэгдэж 100 төгрөг болохыг инфляци хэмээн “хар ухаанаар” ойлгож болно. Энэ тохиолдолд эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр бий болсон 500 төгрөгийн орлогын үр шимийг инфляци буюу бараа таваарын үнийн өсөлт залгичихдаг. Ийм ч учраас эдийн засгийн өндөр өсөлтийг дагаж инфляцийг тогтвортой барих шаардлага тулгарч байна.
Ялангуяа, гадаад зах зээлээс хэт хамааралтай, өнгөрсөн оны мөн үеэс хойш ам.долларын ханш нь 20 орчим хувиар өсчихсөн нөхцөлд инфляцийн аюул улам ойрхон байна. Хүмүүс мөнгөжиж худалдан авалт хийгээд эхлэхтэй зэрэгцэж инфляцийн мэдрэгч ажиллаад эхлэнэ. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр өснө, махны үнэ нэмэгдэнэ.
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үед төв банкнаас инфляцийг онилох олон арга хэрэгсэл ашиглаж байсан ч амжилттай болсон нь цөөн юм. Бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, импортын бүтээгдэхүүнээс илүү дотоодын бараа таваараа түлхүү хэрэглэж байж эдийн засгийн өсөлтийн үед инфляцийн дарамтыг давж гарна хэмээн хэлж байсан ч үндэсний үйлдвэрлэл дорвитой хөгжсөнгүй. Мөн гадаадын валютын нөөц ч хангалттай түвшинд нэмэгдсэнгүй. Иймээс төв банкнаас инфляцийг тогтвортой барих нарийн төлөвлөгөө байна уу хэмээн асуумаар байна. Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд инфляцийг хэрхэн нам доор түвшинд барих вэ, ганц бодлогын хүү инфляцийг хазаарлах ногт чөдөр байж чадах уу хэмээх асуултад хариулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, төв банк инфляци, валютын ханшийг тогтвортой барихаас өөр зүйл рүү хуруугаа дүрж, хошуугаа цорвойлгоод байх хэрэггүй. Дээрх хоёр зорилтоо л сайн биелүүлчихвэл дээдийн гавьяа юм. Ямартай ч өнгөрсөн Засгийн үед төв банк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлснээс болж инфляцийг өсгөж, валютын ханшийг нэмэгдүүлсэн хэмээн чичлүүлсэн. Тэгвэл одоо яг энэ сорилт одоогийн удирдлагуудын өмнө ирж байна.
Инфляцийн нэг “ёр”-ын хор уршиг нь нэгэнт өссөн бол буурдаггүй. Үүнийг дотроосоо өтсөн шар тостой зүйрлэж болно. Гаднаас нь харахад эдийн засаг өсч, хүмүүсийн орлого нэмэгдээд байгаа боловч бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өссөнөөр хүмүүст хуримтлал үүсгэх боломж гардаггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн орлого өсдөг ч тэр хэрээр барааны үнэ нэмэгдчихдэг тул эргээд зарлагадчихдаг гэсэн үг. Ингээд эдийн засаг унаж хүмүүсийн орлого багасаад ирэхэд харин бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй. Үүнээс хамаарч амьдрахад улам л өндөр өртөгтэй болдог. Харин эдийн засгийн өндөр өсөлттэй үед инфляцийг тогтвортой барьснаар бодит үр өгөөж бий болдог.
Нийгмийн шуудан сонин
URL: