Туйлшрал

823fa4c410fec67c2dffc73d2a4268e2_1200Монголчууд туйлширахаараа эргэж буух газраа мартатлаа хөөрцөглөж тэнэгтэх  юм гээч.   Хэдхээн жилийн өмнө  бараг л бүх хүн оросоор  мэнд устай,  орос дэлгүүр таарч, орох боломж олдох аваас  ойр зуурын зүйлээ,  хүнсний бараа бүтээгдэхүүнээ худалдаад авчих хэмжээний,  дээр нь 100 хүртэл тоолчихдог байсан юм. Гэтэл одоо дэлгүүр  хэсэх байтугай “мама, папа” ч үгүй болтлоо орос хэлийг  хоолтойгоо холиод идчихэж.

 Бас орос хэл шиг хэрэггүй зүйлгүй болж. Эдүгээ   бүх хүн л  англи хэмээн туйлширч, гурван настай балчир үрсдээ хүртэл энэ хэлийг сурталчилаад зогсохгүй  өдөр ,шөнөгүй хүүхэлдэйн киногоор “зодож” байна.  Англи хэл нь чухал нь чухал л даа.  Хэлтэй бол хөлтэй гэдэг нь ч үнэн.

Гэхдээ  хоёр их гүрний дунд аж төрдөг  жижиг   улсын хувьд хоёр хөршийнхөө тэр дундаа  орос хэлгүй бол хол явахгүй санагдана.  Сүүлийн жилүүдэд Хятадын ард түмэн орос, англи хэлийг эх хэл шигээ эзэмших болсон. Төр нь ийм бодлого барьж буй. Бээжингийн томоохон захын хаалгыг татахад л наймаачид  орос, монголоор  хазгай ч гэлээ бидэнтэй ярилцах хэмжээнд хүрснийг хэн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Гэтэл манайхан яав.

Дөчөөс дээш насныхан нь л ойр зуурын хэдэн үгтэйгээ хоцорсон. Залуучуудын тухайд  сурах сонирхолгүй болсны дээр  хатуу хэлэхэд  “үзэн ядах” болж.   Тийм учраас  Гадаад харилцааны яаманд нь хагас  орос хэлтэй мэргэжилтэн   ажиллаж,  төрийн өндөр хэмжээний айлчлалыг орчуулна гээд сууж байх юм даа.  Бас Ерөнхийлөгчид орчуулга хийх юм гэнэ.

Шулуухан хэлэхэд, Хөрш орнуудын газарт  ажиллаж байгаа   орос  хэлгүй нөхдүүдийг үтэр түргэн солихгүй юм бол  хоёр орны  өнө эртний найрсаг, ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгаж,  Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагана  уу гэхээс  сайн үр дүнд хүрэх   талаар горьдоод  ч нэмэргүй байх.  БНХАУ –аас Монгол Улсад хийж буй албан ёсны төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг  ямар баг бүрэлдэхүүн дагалдаж,  орчуулагч нарынх нь мэргэжлийн ур чадвар ямар хэмжээнд бэлтгэгдсэн байдгийг бид бэлхэнээ мэднэ.

Тэд хоёр тийшээ хараад хоёр өөр хэлээр синхрон орчуулга хийх хэмжээний ур чадвартай байдаг. Гэтэл манай орчуулагч нарын  ур чадвар Монгол Улсыг төлөөлдөг гэхээр ичиж үхмээр.  Төрийн хариуцлагатай албанд арын хаалга, бэл бэнчинтэй нэгний үр сад  шургалсны гайг бид саяхан эдэлж, улсынхаа Ерөнхийлөгчийг түмний өмнө эвгүй байдалд оруулж орхисон.

Ц.Мөнх-Оргил сайд ч ийм л нөхдүүдээр багаа бүрдүүлсэн  байж.  Тэрбээр албан тушаалаа өгөх нь тодорхой болсон тул ингэсхийгээд орхий, монгол зангаараа.  Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д   хийсэн албан ёсны айлчлал ГХЯ-ны үйл ажиллагаанд  зохих   дүнг нь  тавиад өгсөн болов  уу гэж санаж байна.  Хэрэг хуучирдаггүй учраас эл жишээг онцолсон хэрэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  төрийн албан ёсны, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг ГХЯ хариуцдагийн хувьд дахин ийм алдаа гаргах аваас сайд нь төдийгүй баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог байх тогтолцоог  шинэ Засгийн газар  бий болгоосой  билээ.

Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийг маань дахиад л эвгүй байдалд оруулж,  хэлсэн үгийг нь эхлүүлээд л төгсгөлгүй хаяж сүйд хийх байх шүү. ГХЯ-нд орос хэлтэй хүн байхгүй , бэлтгэгдсэн боловсон хүчин нь хөгширч тэтгэвэртээ суугаад дууссан юм бол улсынхаа нэрийг бодоод УИХ, Засгийн газарт байгаа  сайн сайн орчуулагч нарыг дагуулаад явж байгаарай, Ерөнхийлөгч минь.

 Б.Билгүүн –Очир

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих