Япон, Тайванийн зохион бүтээгч, бизнесмэн Андоу Момофүкү 1958 онд анхны бэлэн гоймонг худалдаанд гаргажээ. “Nissin food products” компанийн үүсгэн байгуулагч тэрээр бэлэн гоймон, рамен, савтай гоймонг зохион бүтээгчдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд 2007 онд 97 настайдаа өөд болсон юм байна. Дайны дараа Японд хүнс хомсдож хүмүүс хангалттай идэж чадахгүй, цадах гэдэг мэдрэмжийг бүр мартаад байв. Энэ байдлыг Андоу анзаарч “Яагаад бид тусламжаар ирсэн улаан буудайгаар зөвхөн талх л барьж идэх гэж вэ. Цадах өөр хоол хийж идэж болно шүү дээ” гэж боджээ. Гоймон, түргэн хоолны газар бий ч хүн бүрт үйлчилж чаддаггүй байв. Ингээд Андоу түргэн хугацаанд болох амттай гоймон хийх санаагаа ажил хэрэг болгож олон удаагийн туршилт нь үр дүнгээ өгч 1958 оны наймдугаар сарын 25-нд 48 настайдаа анхны бэлэн гоймонгоо худалдаанд гаргажээ. Тэрээр “Хүн төрөлхтөн гэдэс цатгалан цагт л энэ дэлхийд энх тайван тогтноно” гэж ярьдаг байжээ. “Chikin Ramen” гэх нэртэй тэрхүү бэлэн гоймон нь зах зээлд байсан удон, соба гоймонг бут цохиж хэрэглэгчдийн хүрээ нь өдөр өдрөөр нэмэгдсээр байжээ. Тухайн үедээ тансаг хоолонд тооцогдож байсан бол одоо Японы нийт зоогийн газрын 30 хувьд нь уг гоймонг борлуулдаг бөгөөд хамгийн хямд бэлэн гоймон нь.
Япончуудын өнгөрсөн зуунд хийсэн шилдэг нээлтүүдийн тоонд бэлэн гоймонгийн технологийг оруулах нь бий. Японоос улбаатай энэ бэлэн гоймон нь өнгөрсөн хагас зуунд дэлхий даяар тархаж улс орон бүр өөр өөрийн технологиор бэлэн гоймон хэмээх түргэн хоолыг үйлдвэрлэж байна.
Монголчуудын хувьд 1990 он гарснаас хойш бэлэн гоймон гэх зүйлийг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад оруулчихаад байгаа. Солонгосын олон ангит кинонууд дээр бэлэн гоймон идэж байгаа дүр зураг ихээр гардаг нь Монголд бэлэн гоймонгийн бизнес цэцэглүүлэх нэг том суваг нь болсон. Нэг үгээр Солонгос цуврал кинонууд араасаа бэлэн гоймонгоо “цувруулсан” гэж болно. 2000 оноос хойш бэлэн гоймон монголчуудын өдөр тутмын хүнсний тоонд зайлшгүй нэрлэгддэг түргэн хоол нь болжээ.
Амт, үнэр нь сайхан, сорж идэж, дараа нь халуун шөлийг нь ууна гэдэг заримдаа сайхан мэдрэмж төрүүлдэг ч үнэндээ тэрхүү бэлэн гоймон гэх зүйл хүний ходоодонд ороод цаашилбал бие организмд хэрхэн нөлөөлдгийг тэр бүр сонирхдоггүй. Яагаад вэ гэвэл “Би бэлэн гоймонг ямар өдөр болгон иддэг биш. Хааяа нэг идэхэд гоё шүү дээ” гэцгээдэг.
Интернэт дэх хайлтын томоохон сайтуудаас бэлэн гоймонтой холбоотой мэдээллийг цуглуулахад нийт мэдээллийн 80 гаруй хувь нь бэлэн гоймонг сайшаагаагүй, түүнийг зарим оронд худалдахыг хориглосон, аюултай хүнсний бүтээгдэхүүний тоонд оруулсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зэрэг таагүй мэдээ сэлт гарч ирж байна.
Манай урд хөршийн хувьд дэлхийн хамгийн их бэлэн гоймон хэрэглэгчтэй орон бөгөөд жилд дунджаар 44 тэрбум сав бэлэн гоймон иддэг аж. Үүнийг нь нарийвчлан гаргавал тус улсад секунд тутамд 1400 хүн бэлэн гоймон иддэг гэсэн үг. Харин энэ тоо Өмнөд Солонгост 16 тэрбум, Индонезид 14 тэрбум, Японд 5.4 тэрбум. Өмнөд Солонгост нэг хүн жилд дунджаар 69 бэлэн гоймон иддэг. 2022 он гэхэд дэлхий даяар жилд 200 тэрбум бэлэн гоймон худалдаанд гарах бөгөөд хэрэглэгчид нь хөгжиж буй орны хүн ам байх болно гэдгийг Дэлхийн бэлэн гоймон үйлдвэрлэгчдийн нийгэмлэгээс мэдэгджээ.
Бэлэн гоймон идээд ходоод нь цоорчээ, нас баржээ, ходоод, бүр тархинаас нь өт гарч иржээ гэх элдэв бараан мэдээллийг та олж сонссон л байх. Энгийн хоол хүнс ходоодонд ороод 20 минутын дотор бүрэн задардаг бол бэлэн гоймонг ходоодны шүүс хоёр цагийн дараа ч задалж чаддаггүй юм байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас бэлэн гоймонг хортой хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан бөгөөд бэлэн гоймонгийн хэрэглээгээрээ тэргүүлдэг Хятад, Индонез, Япон, Америк, Өмнөд Солонгос болон бусад улс орнуудын иргэдэд энэ бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Дэлхий дээр одоогоор 1000 гаруй төрлийн бэлэн гоймон байдаг юм байна.
Бэлэн гоймонг жирэмсэн эхчүүд болон тав хүртэлх насны хүүхдэд ерөөсөө идүүлж болохгүй. Ургийн өсөлт нь зогсч, зулбах эрсдэлтэй бол бага насны хүүхэд гоймон идсэнээр амин дэм, тэжээлийн дутагдалд ордог гэнэ.
Олон улсыг хамруулсан судалгаагаар хүмүүсийн “Амин дэмтэй, тэжээлэг, шингэц сайтай” гэж нэрлэсэн 15 гоймонг судлахад хүний биед хэрэгтэй байтугай орцонд нь дурдагдаагүй бодис найрлагад нь орсон байжээ. Бэлэн гоймонгийн гурилын найрлагад сода их хэмжээгээр агуулагддаг. Хүнсний сода их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлд хүргэхийн зэрэгцээ багтраа, цусны даралт ихэсгэж, бөөрийг гэмтээдэг. Гоймонг үйлдвэрлэлийн явцад хэт өндөр хэмд боловсруулахад хорт хавдар үүсгэгч бензпирен гэх хорт бодис үүсгэдгийг Их Британийн эмч нар судалжээ. Мөн гоймонгийн амтыг сайжруулахын тулд глутамат натри хийдэг бөгөөд энэ бодис нь харшил үүсгэдэг. Гоймон идсэний дараа толгой өвдөх, суулгах, гэдэс базлах, бөөлжих, сульдах, зүрхний хэм алдаж, нүүр цээж халуу оргих шинж тэмдэг илэрвэл бэлэн гоймонг дахиж амсалтгүй.
Бэлэн гоймонг 1-3 жил идсэн хүмүүсийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, бодисын солилцоонд өөрчлөлт орж эхэлдэг. Тогтмол идэх нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж улмаар хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг. Улмаар бөөрөнд нөлөөлснөөр шээс гадагшлахгүй болж, жингийн илүүдэл хэт таргалалтад өртөнө. Бэлэн гоймонгийн гол найрлага нь пропиленгликол гэдэг химийн нэгдэл байдаг юм байна. Энэ нь хөлдөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд гоймонг чийгшүүлж хэт хуурайшихаас сэргийлдэг аж. Эл химийн нэгдэлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүний дархлалын тогтолцоог сулруулж зүрх, элэг, бөөрөнд муугаар нөлөөлдөг нь судалгаа болон амьдрал дээр нотлогджээ. Мөн бэлэн гоймонд агуулагддаг Tertiary-Butyl HydroQuinone хэмээх химийн өндөр найрлага бүхий бодис нь нефть үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн юм байна. Хямд, хадгалах хугацаа ихтэй, түргэн хоол болон даршилсан хүнсэнд нэмэлтээр ашиглагддаг энэ бодисыг хоол хүнс гэлтгүй, гоо сайхны бүтээгдэхүүнийг түргэн муутгахгүйн тулд нэмэлтээр ашигладаг аж. Энэ нь яваандаа арьсны хорт хавдар, ходоод гэдэсний шархлаагаар өвчлүүлэх үндсэн нөхцөл болно.
Зарим хүн бэлэн гоймонг далайн байцаа, кимчи, өндөг, хиам зайдас зэрэг хүнсний бүтээгдэхүүнтэй хольж бэлтгэдэг. Энэ нь бэлэн гоймонгийн сөрөг нөлөөг тодорхой хувиар л бууруулахаас хорт чанарыг нь дардаггүй аж. Иймээс ДЭМБ болон улс орнуудын эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд бэлэн гоймонг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтаас гаргаж зах зээл дэх борлуулалтад нь хязгаарлалт тавихыг санал болгосоор байгаа юм. Сүүлд хийсэн судалгаагаар бэлэн гоймон нь хүний элэгний үйл ажиллагааг хямрааж, генийн мутаци үүсгэдэг болохыг тогтоожээ. Мөн цусны бүтцийг өөрчилж, бохирдуулдаг бөгөөд нөхөн үржихүйн эмгэг үүсгэж байгааг нарийн судалгаа, шинжилгээгээр тогтоогоод байгаа аж.
Эх сурвалж: Өдрийн сонин