Дуулиант томилгоог хувьцааны хэрүүл үргэлжлүүлж гал өрдлөө

-Парламент Ерөнхийлөгч хоёрын үл ойлголцол дуусч  сүүлийн хагас жил гаруй хугацаанд удирдлагагүй байсан АТГ эзэнтэй  болов. Үүнээс зарим  УИХ-ын гишүүн прокурорын байгууллага УИХ-ын бүрэн эрхэд халдаж парламентын буюу хуулийн хамгаалалтад халдашгүй эрхтэй байгаа АТГ-ын дарга нарыг албан хорьж шүүхээр шийтгүүлсэн гэж үздэг байсан. Үүнийгээ ч ил хэлж байв. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс пүрэв гаригийн өглөө АТГ-ын дарга нарт цагдаагийн хурандаа Н.Ганболд, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц нарыг санал болгож өдөрт нь ногоон гэрлээр батлууллаа. Энэ томилгоог хөндлөнгөөс янз бүрээр дүгнэж байна. Н.Ганболд хурандаагийн хувьд цагдаа, тагнуулд олон жил ажилласан албан тушаал, эрх мэдлийн хор нь гарсан бурхи л гэсэн үг гэжээ дүгнэжээ. Харин Б.Хурцын хувьд байдал арай өөрөөр дүгнэгдсэн. Түүнээс өөр хүн олдсонгүй юу? Ерөнхийлөгч түүнийг Германы шоронгоос суллуулан авчирахдаа онгоцонд юу амласан бэ?  гэдэг таамгийн хариу гарлаа гэж байна. Байнгын хороо УИХ-ын чуулганыг нэг өдөр зэрэг хуралдуулаад нэг амьсгаагаар санал хураалт явуулахад нөгөө хууль зөрчин АТГ-ын даргыг огцруулж буй талаар яриад байсан нөхдүүд амаа үдүүлсэн мэт дуугүй. Үдээс хойшхи хуралдаанд сууж харагддаггүй гишүүд нэлээд ирц сайтай оролцсон нь хоёр намын хэмжээнд, дээрээс тохиролцсон үйлдэл байхыг үгүйсгэхгүй юм. Тэдний хувьд Тагнуулын байгууллагад  мөр зэрэгцэн ажиллаж дарга цэрэг явж үзэн нөхдүүд. Н.Ганболдыг Тагнуулын ерөнхий газрын дарга байхад Б.Хурц Сөрөх тагнуулын албаны дарга байжээ. Одоо тэд яг энэ эрэмбээрээ АТГ-ыг удирдах нь. Ийм нэг хурц томилгоог өнгөрөгч долоо хоногт хийлээ. Үнэхээр хоёр намын тохиролцоогоор гарч ирсэн хоёр бол сонгууль өнгөртөл эрх баригчдаас нэг нь ч АТГ-т дуудагдахгүй нь. Тэгэхээр шинэхэн дарга нар акулуудтай бус жараахайнуудтайгаа зууралдсаар хагас жилийшг үднэ гэсэн үг.

-Тавантолгойн ордын нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй олгоно. Дахин 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр эзэмшүүлнэ гэсэн УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх 10 хувийн хувьцааг эргүүлэн  татаж иргэдэд олгохоор хуулийн төсөл санаачилсан гишүүдийн саналыг байнгын хороогоор дэмжиж УИХ-ын чуулганд оруулсан. Чуулганы хуралдаанаар энэ тухай хэлэлцэхэд гишүүд мөн дпэмжиж байв. Үүнийг эсэргүүцсэн хувиар хөдөлмөр эрхлэгч  тодотголтой 60 мянга гаруй аж ахуйн нэгжийнхэн боож үхэхэд бор шидэмс дутав гэгч болж  хуулийн төсөл санаачилсан гишүүдийг хэрүүл талбарт дуудав. Хатуу үгээр нэгийг шидэлцэж халуухан хэрүүл дэгдээхэд бэлэн байгаагаа хэлж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдээ  дэмждэггүй төр засаг байснаас байгаагүй нь дээр гэж байна. Эндээс харахад алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгч болж байна. Гэтэл Тавантолгойн нүүрсний уурхайг хуваахгүй гэж байсан эрх баригчид өнөөдөр хараа бэлчээх тэр их орд газрыг баруун зүүн  цанх гэж хуваагаад баруун цанхыг гурван улсад хувь хүртээгээд тэднээс үлдсэн жаахан хэсгийнхээ 10 хувийг хэнд нь өгөх вэ хэмээн иргэдээ хооронд нь уралцуулж байна.

-Монгол Улсаас Москва хотод суух Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг БНПУ-ын Люблин дэх Прокурорын газраас гурван сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан гэсэн албан тоот манай Элчин сайдын яаманд ирсэн байна. Учир нь тэрээр тухайн улсад албан томилолтоор  ажиллаж байхдаа хууль зөрчин тамхины наймаа хийсэн хэрэгтээ шалгагдаж байгаа аж. Польшийн тал манай Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлсэн албан бичигтээ ”Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн нэг, 258 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэн тус улсын Баруун Люблин дүүргийн шүүхээс гурван сарын хугацаатай хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал 2004-2007 онд БНПУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа янжуур тамхи  хилээр хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн байж болзошгүй гэж сэжигтнээр татан шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл ирсэн аж.

-Долоо хоногийн бас нэг дуулиан нь МАН-ын байр шатсан тухай мэдээлэл байлаа. Ням гаригийн өглөө 11,30 цагийн үед Онцгой байдлын шуурхай албанд МАН-ын шинэ байр буюу Тусгаар тогтнолын ордонд гал гарсан тухай мэдээлэл иржээ. Шуурхай албаныхан  таван минутын дотор галын газарт ирж  унтраасан байна. Галынхан ирэхэд шинэхэн байрны дээгүүр хар утаа огойтон угтжээ. Өнөөдөр ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байсан байрны долдугаар давхрын хурлын зааланд цахилгааны утаснаас болж гарсан гэж урьдчилан дүгнээд байгаа галын шалтгаан энэ долоо хоногт тодорхой болно.

Б.Ургамал


URL:

Сэтгэгдэл бичих