Ерөнхийлөгч Х.Баттулгын ҮГ, ҮЙЛДЛИЙН ЗӨРҮҮ

1f51408a84ed3186311dee1bd76c6c37Ерөнхийлөгч Х.Баттулгын Чуулганы хуралдаанд тавьсан илтгэлийг уншлаа. Санаа, зорилго нь зөв мэт боловч логик зөрүүтэй, үг ба үйлдлийн зайтай хэд хэдэн агуулгууд тууж байна.

ОУВС-гийн тавьж буй нөхцлүүдэд өөрчлөлт оруулах, Монголын онцлог нөхцлүүдийг оруулахыг УИХ-ын гишүүдээс хүсчээ. Гишүүдээс илүүтэйгээр Монгол банк, шинээр эмхлэгдэх засгийн газар, шалгалт орж бужигнаж байгаа арилжааны банкны удирдлагууд, мэргэжлийн эдийн засагчдийн оролцоо ба дуу хоолойг илүү тодруулах ёстой болов уу? Нөгөө талаас хамаг өр зээлүүдийг дамжуулан тараасан Хөгжлийн банкны асуудлыг хэн ч яагаад ч юм огт хөндөхгүй юм.

“Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг л санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй” гэжээ. Энэ заалтаар бол арилжааны банкуудын синдикат зээлүүд, төслийн ба худалдааны санхүүжилтүүд, цаашилбал олон улсын зах дээр бонд, хувьцаа гаргах боломжуудыг хүчээр шууд нь хаах нь байна. Ингэж болох юм уу? Дотоодынхоо дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэрээ өөрсдөө яаж босгох уу? Шууд мөнгө хэвлэх үү? Инфляци болон ам.долларын ханшаа зөрж яаж барина гэсэн үг үү?

“Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт би төрөөс хувийн сектороо дэмжих гэж л ойлгож байна” гэж дурджээ. Тэгсэн атлаа уул уурхайн салбар, тэр дундаа алтыг шууд улсын бүрэн мэдэлд авахаа зэрэг тунхагласан байна. Харин “Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй” хэмээн гутал, хувцасханы жижиг бизнесүүдийг төрөөс хувийн хэвшилд хүчээр өгсөн болох нь. Дахиад логикийн зөрүү! Товчоор том бизнесүүдээ төр удирдана, жижиг сажиг юмнуудаа хувийн хэвшил өөрсдөө учраа олоод хуваагаад авцгаа гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Хувааж авах ч биш төрийг “монополь худалдан авагч” болгон зарлаж байна. Ингэснээр өрсөлдөх чадваргүй, эрхэлсэн, төрд бараа үйлчилгээгээ шахаж амьдардаг бүлэг паразитуудын бүлэг шууд үүсэх нөхцлийг бүрдүүлж байх юм.

“Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио” гэж мөн хатуу хэлжээ. Өнгөрсөн жилүүдэд Таван толгой, төмөр замын хэрүүлийг хэн өдөөв, Оюу толгойн далд уурхайн төслийг хэн хойш татав? Үүнээс болж хэн хожив? Энэ байдлаар үргэлжлүүлж болохгүй юм бол үргэлжлүүлж болох хувилбар нь юу гэж? Уул уурхайг хөгжүүлнэ гэдэг нь газар дор ухаад авахад бэлэн байгаа бараг савлагдсан алт, мөнгө, зэсийг цагаан хэрэм давуулаад хүрздэх гэж хэний янаагүй ойлгоод л байх шиг. Үүнээс огт өмнөө ойлголт ба үйлдэл, стандарт гэдгийг улсынхаа ерөнхийлөгчөөс авахуулаад урагшгүй албат бид мэт нь бултаараа ухаарах болоогүй л байх шиг.

“Одоо байгуулагдах Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй” гээд мөн тамхины бизнестэй нэг гишүүнийг бас шүүмжилжээ. Энэ зарчим зөвөөс зөв боловч зөрөөд “Хүнс болон хүнсний ногооны хувьд ч төрөөс байгаа боломжоороо дэмжиж, худалдан авалт хийх ёстой. Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ажилчдын цайны газартаа Монголдоо үйлдвэрлэсэн хүнсний түүхий эдийг худалдан авдаг болох ёстой” хэмээн тунхаглажээ. Ерөнхийлөгч Баттулга энэ хэлсэн үгээрээ бол өөрөө нэн даруй хүнсний бизнесийнхээ хувьцаануудаасаа салах, энэ салбарт гэр бүлийн бизнесийн ямар ч хамааралгүй болох учиртай мэт. Эс бөгөөс зүгээр л муур багшийн үлгэр шиг уншигдав.

“Нотлох баримтгүй, улс төржилтөөс үүдсэн хэргүүдийг сүр бадруулах, шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн мэтээр зарлаж, улс төржүүлж байгаа нь энэ салбарт шударга ёс алдагдсаны нотолгоо гэж үзэхээс өөр арга алга” гэж хүчтэй илтгэсэн атлаа өөрөө бас л зөрөөд дараагийн өгүүлбэрээрээ “Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна” хэмээн хэн нэгнийг, хэсэг бүлэг хүмүүсийг “гөрджээ”. Өөрийнх нь хэлснээр бол нотлох баримтгүй, улстөржсөн, шүүхээр батлагдаагүй байхад хилс хэрэгт хийх стэйтментийг индэр дээрээсээ хэлээд буух юм.

Үг ба үйлдлийн зөрүү, үнэн ба худлын дэнс гэдэг нэрийг энэхүү илтгэлд нь өгмөөр санагдав.

В.Ганзориг

ZUV.MN


URL:

Сэтгэгдэл бичих