Байнгын ажиллагаатай парламентын дэд хороо БАНДААШ-ны хэргээр хуралдлаа
УИХ-ын гишүүн Д.Гантулга зургадугаар сарын 11 -нд “Энканто таун”-ы саунаас найз эмэгтэйндээ очиж хоносон боловч хамтран байр түрээсэлдэг өөр нэг эмэгтэйн дүү 25 настай оюутан охиныг өглөө гарахдаа хүчиндсэн гэдэг мэдээлэл цацагдсан юм. Үүнээс хойш өдийг хүртэл УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчин хийсэн, хийгээгүй тухай маргаж байна. Төрийн түшээ маань Төрийнхөө ордонд ч энэ талаар мэдээлэл хийж байлаа. Уг хэргийг Баянзүрх дүүргийн прокуророос нотлох баримтгүй хэмээн хааж байсан. Гэвч өнгөрсөн наймдугаар сарын 24-нд УЕПГ-аас хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийгүндэслэн тус хэргийг дахин шалгах даалгаврыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн юм. Хэргийг одоо шалгаж байгаа бөгөөд хохирогч анх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн өгсөн нотлох баримтыг устгасан гэдэг гомдол гаргачихаад байгаа.
Тэгвэл өчигдөр УИХ дахь Ёс зүйн дэд хороо хуралдаж тус хороонд ирсэн санал гомдлыг хэлэлцжээ. Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан удирддаг бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй. УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3.2-т “Ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг эрхэлнэ” гэсэн байна. Өчигдрийн хуралдааны хувьд дээрх дурдсан хэрэгтэй хоёр гомдол ирсэн байж. Эхнийх нь УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн гомдол аж. Хоёрдахь нь “Өмгөөлөгчдийн Веритас Партнерс” ХХК-иас УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хувийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь УИХ-ын гишүүний ёс зүйд хэр нийцэж байгааг тодруулж өгөх өргөдөл юм байна. Эдгээр өргөдлүүдийн дагуу ёс зүйн дэд хороо хуралдах үеэр УИХ-ын гишүүн Х.Баделханы саналаар хаалттай горимд асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны төгсгөлд тус дэд хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй учраас ямар нэг байр суурь илэрхийлэх асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэж үзжээ. Харин “Өмгөөлөгчдийн Веритас Партнерс” ХХК-ийн өргөдлийг хэлэлцээд энэ талаар УИХ-ын жшүүн Д.Гантулгаас өөрөөс нь албан ёсны тайлбар авахаар болсон байна. Д.Гантулга гишүүн Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийхдээ ёс зүйд нийцэхгүй үг хэрэглэсэн асуудлаараа ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбараа гаргаж өгөх боломжгой аж. Эх сурвалжийн хэлж буйгаар бол өмгөөллийн компаниас гаргасан өргөдөлд Төрийн ордонд дотуур хувцас зэрэг ёс зүйгүй үг хэлсэн талаар үг үсэг байгаа гэнэ. Тиймээс Ёс зүйн дэд хороо дүрмийнхээ дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой юм байна. Тайлбараа өгсний дараа цааш үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой аж.
Түүнчлэн саяхан өмгөөлөгч Б.Мэргэн энэ хэргийн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. Тэрбээр Цэцэд гаргасан нэхэмжлэлдээ “Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Энэ нь ямар хэмжээ хязгаарын хүрээнд хаддашгуй байх вэ гэдгийг ердийн хуулиар зохицуулна гэсэн үг. 1992 оны УИХ-ын тухай хууль, 1997 оны УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “Эрх бүхий байгууллага УИХ-ын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөхийг УИХ-аас хүссэн эсвэл гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байсан. Энэ зохицуулалт 2006 онд шинэчлэн батлагдсан УИХ-ын тухай хуульд ч хэвээр туссан. Гэтэл 2010 онд тус хуульд өөрчлөлт оруулж “Эрх бүхий байгууллага, гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түтгэлзүүлнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж гишүүнд бусдаас хэтэрхий давуу байдал олгох замаар Үндсэн хууль зөрчиж байна” гэжээ. Өмгөөлөгчийн үзэж буйгаар бол УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэхийг дээрх хуулийн заалтаар хамгаалж байгаа нь хэргийг үнэн зөвөөр шийдэхэд ихээхэн хүндрэлтэй болгож байгаа аж.
Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ENE BOL TUUXEN YAVDAL UU? BANDAASHIIN XERGEER MONGOLIIN IX XURLIIN TUSGAI XYANALTIIN XOROO XURALDAJ BAIGAA YAVDAL N. ESVEL GUTAMSHIG UU? MAN-iin UED L IIM YUM GARDAG YUM BAINA. XURLIIN SHIIDVER XUDLAA YUM BAINA AA, TER XUUXEN L BURUUTAI YUM BAINA GEJ GARAX UU? ULAAN MAXNI XEREGTENUUDIIG IX XURLAAR ORUULJ SHIIDEJ BAIX UU? MAN-d DAXIAD 2-3 IIM YUMAND NER N OROOTSOLDSON GISHUUD BII SHDEE. TER DUNDAA XENTII NUTGIINX GEED BAIGAA SHDEE.