Он гараад мөнгөний ханш унана гэнэ үү

Наймаачид гэдэг маниас илүү мэдээлэлтэй байдаг хүмүүс юм уу даа. Он гараад мөнгөний ханш унана гэж цуурч байна, цаадуул чинь. Бүр үнэн гэж баталж байна. Тээр жил Д.Бямбасүрэн гуайн  Засгийн газрын үед 20 дугаар хар тогтоолын нууцыг дарга, сайд нар, тэдний гэр бүл, хамаатан садан, дотно найз нөхөд нь аль хэдийнэ мэдчихээд бэлэн мөнгөө чулуу болгож, бүх зүйлээ жин тан болгочихоод мөнгөө хэд дахин өсгөөд авчихаж билээ. Харин жирийн ард түмэн л модоо барьсан санагдана.

Өглөө босоход 70 төгрөг байсан 70 кг-ын шуудай гурил 140 төгрөг болчихсон байсан юмдаг. Тухайн үед төрөөс бараа, бүтээгдэхүүний үнийг барихгүйгээр үнэ чөлөөлөх тухай 20 дугаар тогтоолыг гаргасан юм. Тогтоол хэрэгжиж эхэлсний маргаашаас л бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байлаа.

Үүнийг өнөөгийн үетэй харьцуулахад бэрх ч “Хоёрдугаар тогтоолын хоёрдугаар хувилбар” шинэ оны нэгдүгээр сарын 1-ний өглөө ард түмэнд “сюрприз” болж сонсогдохгүй гэхийн баталгаа алга. Мөнгөний ханш унана гэдэг мөнгө үнэгүйднэ гэсэн үг. Өнөөдөр таны хэтэвчинд байгаа 10 мянган төгрөг дээрх шиг тогтоол гэнэт гарах л юм бол тавхан мянган төгрөг болж хувирна гэсэн үг. Бүр түүнээс ч долоон дор болж мэднэ.

Ширхэг талх 2000 төгрөг болоход ч гайхаж эргэлзэх юмгүй болно. Улстөрчид, төр засгийн тэргүүнүүд иймэрхүү аргаар их мөнгөнийхөө амлалтыг хэрэгжүүлэх, ирэх сонгуулийнхаа зам мөрийг тэгшлэхгүй гэхийн баталгаагүй юм байна. Тээр жилийн 20 дугаар тогтоол цагаан сарын өмнөхөн гарч, модоор ууц зорж тавих нь холгүй юм болж байсан.

Тэртэй тэргүй килограмм махныхаа үнийг дийлэхгүй байгаа ард түмэн жинхэнээсээ цаасаар цагаан сарынхаа тавгийг чимж, модоор cap шинийнхээ ууцыг зорж тавих вий дээ. Муу амлаж байгаа юм биш шүү. Сануулах л гэсэн юм. Энэ дээр суугаа эрхмүүд бидэнд “Маргааш мөнгөний ханш унана. Цуглуулж хуримтлуулсан тав гурван юм байвал хатуу юм болгоорой” гэж хэлэхгүй нь лавтай.

Их гарын ченжүүд иймэрхүү л юм ярьж байна. Тэд нэг нэгнээ, ах дүүсээ, танил талаа оноос өмнө чадах чинээгээрээ зээл ав гэж ятгаж байна. Бас бэлэн мөнгө юу л байна, бүгдээрэнгээр нь хэрэгтэй юмаа худалдаж ав, ноён долларыг сонгосон ч болно гэнэ. Өөртөө, гэр бүлдээ, үр хүухэддээ хэрэгтэй юу л байна, тэр бүхнээ гар татахгүй худалдаж авч гэнэ.

Он гараад банкин дахь сая төгрөг чинь 100-200-хан мянган төгрөг болчихсон байх ч юм бил үү гэнэ. Иймэрхүү яриа гадуур тархаад байна. Ирэх жил сонгууль болно, нам, улстөрийн хүчнүүдийн их мөнгөний амлалтууд эхэлнэ. Импортын татварын хууль шинэ оноос хэрэгжиж эхэлнэ. Мөнгөний ханш унаж болох дүр зурат ажиглагдаад байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Ирэх жилээс ахмадуудад эх орны хувь хишиг болгож нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргасныг ч үүнтэй холбож тайлбарлах хүн байна. Мөнгөний ханш он гараад уналаа гэж бодъё. Нэг сая л бол нэг сая. Өөр асуудал байхгүй. Мөнгөний ханш унасан гээд хоёр саяыг өгөхгүй нь мэдээж.

Энэ мэт наад захын жишээнээс он гаруут мөнгөний ханш унана гэдэгт итгэх хэрэгтэй болох нь. Харин бид энэ талаар мэргэжлийн хүмүүсээс тайлбар авч сониндоо нийтлэх болно.

С.ХЭРЛЭН


URL:

Сэтгэгдэл бичих