АНУ Бээжинг ятгаж эхэллээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Бээжин хотод албан айлчлал хийлээ. Тэрбээр Хятад улсын дарга Си Жиньпинтэй Ардын их хурлын ордонд өнгөрсөн сарын 30-нд уулзсан байна. Энэ үеэр Си Жиньпин “Хятад АНУ-ын харилцаа тогтвортой хөгжиж байна. Хоёр талын ажлын хэсэг Төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтын дагуу, хоёр орны харилцааны чиг хандлагыг баримталж, харилцан хүндэтгэсэн, ашигтай, хөнгөлөлттэй, хамтран ажиллаж, санал зөрөлдөөнөө эвтэй зохицуулан, хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийг ахиулах ёстой. Цагаан ордны тэргүүний Хятадад ирэх сард хийх төрийн айлчлалыг манай улс ач холбогдол өгч дээд хэмжээнд бэлтгэж байна” хэмээв. Мөн “Хоёр тал, бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлагатай олон төсөл бий. Харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж, олон улсын болон бүс нутгийн сэдвээр хамтын ажиллагааны шинэ өсөлтийг бэхжүүлэх шаардлагатай” гэж Хятад улсын дарга онцолжээ. Харин Р.Тиллерсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Си Жиньпинд хүргүүлсэн мэндчилгээг уламжлаад, Цагаан ордны тэргүүний Хятадад хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцсон байна. “Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг Вашингтоны тал чухалчилдаг. Талууд харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, дипломат харилцаагаа эрчимжүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай. Мөн олон улсын болон бүс нутагт тулгарч буй сорилтуудыг хамтдаа даван туулахад бэлэн байна” гэж Рекс Тиллерсон онцоллоо. АНУ- ын Төрийн нарийн бичгийн даргын Бээжинд хийсэн айлчлалын талаар шинжээчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, “Карнеги” сангийн Азийн салбар хариуцсан захирал Дуглас Паал “Хятадын Умард Солонгост үзүүлэх нөлөөг сулруулах зорилгоор Вашингтоны тал Төрийн нарийн бичгийн даргаа илгээлээ. Хятад улс Умард Солонгост худалдааны хориг тавибал Пхеньяны орлогын эх үүсвэр тасалдана. АНУ-ын Төрийн Департаментын мэдээлснээр Умард Солонгос 2016 онд Хятадаар дамжуулж 1.5 тэрбум ам.долларын бараа эргэлт хийжээ. Умардын тал Хятадын байр суурийг хүлээн авдаг. Тиймээс Хятадын удирдагчийг ятгаж чадвал АНУ зорилгодоо хүрэхэд нэг шат ахина” хэмээн дүгнэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүнийг “Хятадын сүүлийн 100 жилд төрсөн хамгийн хүчирхэг удирдагч. Бид нягт хэлхээ холбоотой ажиллаж байгаа” хэмээв. “Вашингтон пост” сонинд мэдээлснээр, Д.Трамп Хятад, АНУ-ын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны оройн зоогт оролцохдоо ийнхүү хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн үгийг Оросын агентлагууд эш татаж байна. Тухайлбал, “Вашингтон Умард Солонгосыг дарахын тулд Бээжингийн эрх баригчдыг ятгаж эхэлсэн. Д.Трампын үг Си Жиньпинд тал зассан хандлагатай нь илэрхий байна. НҮБ- аас Умард Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-ын эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулж буй Умард Солонгосын компаниудыг хаах шийдвэр гаргасан. Эдгээр компанийг 2018 оны нэгдүгээр сард бүрэн татан буулгахаар тохиролцжээ. Хятад, Умард Солонгосын хамтарсан компаниудад ч энэ хууль үйлчлэх аж” хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.
Умард Солонгосын гол холбоотон болох Хятад улс бөс даавуун эдлэлийн худалдааг хориглож, газрын тосны экспортод хязгаарлалт тавиад байгаа билээ. Энэ тухай Хятадын тал “Умард Солонгосын зүгээс хийсэн хүчирхэг цөмийн зэвсгийн туршилтыг эсэргүүцсэн алхам. Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан тогтоолыг дэмжиж баталсан” хэмээн мэдээлжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
URL: