Цагдааг хүлээх зуур (Өгүүллэг)
- Ноён Уэйнврайт хаашаа явсан юм бол? гэж хатагтай Мэйтон асуув.
Түүний хаачсан нь хатагтайд огтхон ч сонин биш байлаа. Харин хоёрдугаар давхарт мухрын өрөө хөлсөлдөг түүний байр, хоол хийгээд усанд орсны төлбөрт долоо хоног бүр тогтмол өгдөг гурван гиней л чухал ажээ. Гэвч өөрийнх нь хөлсний байранд амьдрал нэгэн хэвийн үргэлжлэх бөгөөд оройн цагаар бүр ч их уйтгартай болдог тул хатагтай энэ тэрийг сониучирхах нь их ээ.
- Тэр гараад явчихсан юм уу? гэж Монти Смит асуув.
Өөрт нь ч бас хамаагүй боловч угаас эелдэг тэр цонхигор эр нэгэнт эхэлсэн яриаг цааш нь өрнүүлэх гэж ямагт хичээнэ.
- Урд хаалга дуугарав уу гэж би бодлоо хэмээн хатагтай Мэйтон хариулав.
- Тэр шуудангийн хайрцагт захиа хийхээр явсан байж магадгүй гэж Викс авхай тасралтгүй юм нэхэнгээ хэллээ. Далан жил юм нэхсэн тэрбээр насандаа баймгүй ануухан харагдана.
- Гарч явсан тэр хүн ноён Уэйнрайт биш ч байж болох юм хэмээн Бэлла Рэндалл ярианд оролцлоо. Бэлла байрныхаа ганц согоо нь юмсанж. Гэхдээ байр хөлслөгч нарын хэн нь ч энэ завшааныг ашиглан түүнтэй дотносох оролдлогыг хийж байсангүй.
- Чи өөр хүн гарч явсан байх гэж хэлэх гээд байна уу? хэмээн хатагтай Мэйтоныг хоргооход Бэлла хариуд нь “Тийм” гэв.
Тэд дор бүрнээ үүнийг байж болох хувилбар юм гэж үзэж байлаа. Хижээл насныханд тохиолддогчлон, үе үе суугаагаараа зүүрмэглэдэг болсон ноён Калтроп гэнэт сэрээд, чухам юун тухай бодохоо ч мэдэхгүйгээр тэдэнтэй хамт бодолд автах нь тэр ээ.
- Ноён Пэнбури гарсан байж магадгүй юм шүү. Тэр дандаа л орж, гарч байдаг юм гэж Мэйтон авхай эцэст нь өгүүлэв.
Гэтэл тэр хүн ноён Пэнбури биш байжээ. Учир нь, хэтэрхий этгээд гэмээр тэр хүн хормын дараа зочны өрөөнд орж ирсэн аж.
Түүнийг орж ирэхэд хүмүүсийн яриа тасалдаж, нам гүм болцгоожээ. Пэнбури үргэлж таагүй мэдрэмж төрүүлдэг хүн л дээ. Тэр их ухаантай боловч үүнийгээ ашиглах үед нь хэн ч ойлгодоггүй тул бүгд л түүнд дургүй. Гэвч юм ярихгүйгээр гурван минут ч байж чаддаггүй Мэйтон хатагтай эл нам гүм байдал хэмжээт хугацаандаа хүрэх үед Пэнбурид хандаж ийн асуув.
- Түрүүхэн гадагшаа гарсан хүн ноён Уэйнрайт байсан уу?
Пэнбури түүн рүү хачин харсанаа,
- Та яагаад тэгж асуудаг билээ? гэв.
- Үгүй, яахав дээ. Би зүгээр л гайхсан юм.
- Ойлгомжтой. Та нар тэгээд бүгд гайхаж байна уу хэмээн Пэнбури сунжруулан хэллээ. Байдал нэг л биш болоод явчих шиг санагдаж байвч Викс авхай юмаа нэхсээр л.
- Бид түүнийг захидал илгээхээр шуудан руу явсан байх л гэж бодоод байна гэж Бэлла бувтнав.
- Үгүй ээ, Уэйнрайт шууданд захиа хийхээр яваагүй. Тэр үхсэн гэж Пэнбури хариу өчив.
Энэ үг тэдэнд агшин зуурт хүчтэй нөлөөлөв. Бэлла тэрүүхэндээ уулга алдаж, хатагтай Мэйтоны нүд хоёр том шилэн бөмбөлөг лугаа адил болчихсон харагдана. Монти Смит амаа ангайгаад гацаж орхижээ. Ноён Калтроп зүүрмэглэхтэй манатай. Викс авхай хэрэгт дурлаж байгаа нь илт боловч нэхмэлээ үргэлжлүүлсээр л. Тэр ийм үед байтугай өөрийнхөө оршуулган дээр ч юм нэхээд сууж байж мэдэх л хүн дээ.
- Үхсэн гэнэ ээ? хэмээн ноён Калтроп уулга алдахад Пэнбури,
- Үхсээн. Тэр өрөөнийхөө шалан дээр, нүд халтирмаар байдалтай хэвтэж байна лээ гэв.
Монти босон харайснаа буцаад суучихав. “Тэр үнэхээр …?” гээд түүний амьсгаа давхцахад Пэнбури “Тийм ээ, би тэгж л хэлээд байна” гэжээ.
Хатагтай Мэйтоны зочны өрөөнд урьд хэзээ ч байгаагүйгээр чимээгүй болсон байлаа. Нам гүм байдлыг эвдэж Викс авхай,
- Цагдаа дуудах хэрэгтэй юм биш үү? гэхэд Пэнбури хариуд нь,
- Цагдаа ирж яваа. Би наашаа орж ирэхээсээ өмнө Цагдаагийн газар руу утасдсан гэв.
- Ээ, Бурхан минь! хэмээн ноён Калтроп халаглана.
- Хэзээ … ирэх юм бол? Та … юу гэж бодож байна? гэж Монти ээрэн байж асуулаа.
- Цагдаа юу? Хоёр, гурван минутын дараа л болов уу гэж Пэнбури хариу хэлэв.
Тэгснээ тэр гэнэт нэлээн эрээ цээргүй, зүгээр ч үгүй бас ажил хэрэгч өнгө аясаар ийн өгүүлэв. “Хэдүүлээ энэ хоёр, гурван минутыг арай үр дүнтэй ашиглах гээд үзье, тэгэх үү? Бид бүгдээрээ л байцаагдана шүү дээ. Тэднийг ирэхээс өмнө бид зарим нэг зүйлийг тодруулж чадах ч юм бил үү?”
Ноён Калтроп уураа барьж ядан дуу алдав. “Гэхдээ бид нар энэ хэрэгт огт холбогдолгүй шүү дээ, эрхэм ээ!”
- Цагдаа нарт бид ийм үгийг хэллээ гээд хангалтгүй. Тийм учраас л би өөрсдийгөө энэ хэрэгт холбогдолгүйн баталгааг урьдаас ярилцах саналыг гаргаж байна. Би эмч биш боловч Уэйнрайтын биеийг өнгөцхөн харахад, тэрбээр амьсгал хураагаад нэг цагаас хэтрээгүй болов уу гэж бодогдсон. Ер нь ч цаг хагасаас хэтэрсэн байх ямар ч боломжгүй гэж ярихдаа Пэнбури цаг руу хяламхийн харав. Тэгээд цааш “Одоо есөн цагаас арван минут өнгөрч байгаа болохоор бид түүнийг хоолны өрөөнөөс гарч, унтлагын өрөө рүүгээ явахыг найман цагт хорин минут дутуу байхад харсан байх нь …” хэмээн үргэлжлүүллээ.
- Та түүнийг унтлагын өрөө рүүгээ явсан гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? хэмээн Викс авхай түүний яриаг таслав.
- Учир нь, миний толгой өвдөж байсан болохоор би өрөөндөө орж аспирин авахаар түүний араас шатаар өгссөн юм. Миний өрөө яг түүний өрөөний эсрэг талд байдаг шүү дээ. Хэрэв миний таамаг зөв бол тэр 8:10-аас 9:10-ын хооронд алуулжээ. Тэгэхээр тэр бүх хугацаанд өөрийгөө энэ өрөөнд байсан гэдгийг баталж чадах хэн боловч огт санаа зовох шаардлагагүй хэмээн тайлбарлаад Пэнбури тэдэн рүү асуусан янзтай харлаа.
- Бид бүгдээрээ л орж, гарч байсан шүү дээ гэж Викс авхай бусдадаа зориулж хэлэв.
- Харамсалтай л юм гэж Пэнбуриг бувтнахад Монти тэсгэл алдаж, нэлээн дургүйцсэн өнгөөр,
- Гэхдээ та ч бас байгаагүй биз дээ гэлээ.
- Тийм л дээ. Би ч бас орж, гарч байсан. Тэгвэл би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгээ эхлээд батлая л даа. Найман цагт хорин минут дутуу байхад би Уэйнрайтыг дагаж хоёрдугаар давхарт гарсан. Өрөөндөө орохынхоо өмнө тэр нэг хачин зүйл хэлснийг одоогийн энэ нөхцөлд давтаж хэлэх хэрэгтэй болов уу даа. “Энэ байшинд надад тун дургүй нэг хүн байна” гэж түүнийг хэлэхэд нь би “Ганцхан хүн үү? Та ч намайг бодвол азтай юм аа” гэсэн. Тэгээд тэр өрөө рүүгээ орсон юм. Тэр бол би түүний амьд байхыг нь сүүлчийн удаа харсан хэрэг шүү дээ. Би өрөөндөө орж, хоёр аспирин аваад усаар даруулж уухын тулд угаалгын өрөө рүү явсан. Өө, дашрамд хэлэхэд, миний усны савыг дүүргэх хэрэгтэй байгаа шүү, хатагтай Мэйтон. Тэгтэл миний толгойн өвчин намдахгүй байсан тул би салхинд алхах нь дээр юм байна гэж бодоод гарсан. Бараг есөн цаг хүртэл би гадаа байсан. Тэгээд буцаж орж ирсэн. Хатагтай Мэйтон, таны сонссон хаалга хаагдах чимээ бол Уэйнрайт гарч явсан бус, харин би орж ирсэн хэрэг л дээ хэмээн Пэнбури тайлбарлав.
- Байзаарай! гэж Бэлла уулга алдлаа.
- За.
- Хатагтай Мэйтон урд хаалга хаагдахыг сонссон гэдгийг та яаж мэдсэн юм бэ? Та энд байхгүй байсан шүү дээ!
Пэнбури түүнийг сонирхсон, бас хүндэтгэсэн байртай хараад, “Ухаантай юм аа” гэлээ.
- За, одоо тэгээд хариултаа тэгтлээ удаан бодоод байх хэрэггүй шүү дээ! гээд ноён Калтроп түүнийг цоо ширтэв.
- Хариултаа бодоод байх хугацаа надад огтхон ч шаардлагагүй гэж Пэнбури үг сөргөөд,
- Хатагтай Мэйтоны ярихыг би хаалганы цаанаас сонссон учраас л мэдэж байгаа юм. Гэхдээ би хэлэх гэснээ дуусгаадхаж болох уу? Гялайлаа! гээд тэрбээр түр азнасхийв. “Би эргэж ирээд өрөө рүүгээ явж байхдаа шалан дээрээс нусны алчуур олсон. Тэр минийх биш байсан л даа. Намайг гарах үед ч тийм алчуур байгаагүй. Уэйнрайт л тэр хавиар явж өнгөрөхдөө унагаачихсан юм болов уу гэж бодлоо. Тиймээс би алчуур өөрийнх нь мөн эсэхийг асуухаар түүний өрөөнд ортол мань хүн орныхоо ойролцоо газар хэвтэж байсан. Мэдээж хэрэг, хувцастайгаа л даа. Толгой нь цонхон тал руу харж, нэг гар нь ханын зуух руу сунаж, гэдэргээ харсан байдалтай байсан. Зүрхийг нь нэвт хатгасан байсан боловч юугаар бүлсэн нь тодорхойгүй…
Шарх нь жижигхэн хэрнээ гүн юм шиг харагдсан. Амин газрыг нь олж хатгасан байсан… Цонх хаалттай, бас түгжээтэй байв. Хэргийг үйлдсэн хүн хаалгаар орсон нь гарцаагүй. Би өрөөнөөс гараад хаалгыг түгжсэн. Цагдаа болон шүүх эмнэлгийн эмч иртэл дахин хэн ч дотогш нэвтрэх ёсгүй гэдгийг би мэдэж байсан. Тийшээ хүн орсон эсэхийг би баттай мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд би доош бууж ирсэн. Харилцах утас хамгийн тохиромжгүй газарт — хоолны өрөөнд байдгийг та нар мэднэ. Зүй нь үүдний өрөөнд байх учиртай. Зочны өрөөний үүдээр өнгөрч явахдаа би та нарыг юун тухай ярьж байгааг сонссон юм. “Ноён Уэйнрайт хаачсан юм бол?” гэж хатагтай Мэйтоныг асуухад Смит та “Тэр гараад явчихсан юм уу?” гэсэн. “Урд хаалга дуугарав уу гэж би бодсон” хэмээн хатагтай Мэйтон хариулсан. Тэгээд л би хоолны өрөөнд орж, цагдаа руу утасдчихаад та нар дээр орж ирсэн юм”.
Мэнчийж улайтлаа уурласан Мэйтон хатагтай,
- Та бидэнд юу ч хэлэлгүй яагаад энд гурван минут хэртэй суугаад байсан юм бэ? хэмээн Пэнбуригээс тайлбар шаардав.
- Би та нарыг ажигласан юм гэж Пэнбури ёозгүй хэллээ.
- За, наадах чинь ч арга ядсан тайлбар байна даа. Тэр бүх хугацаанд таныг гадаа явж байсан гэдгийг хэн батлах вэ? гэж ноён Калтроп шалгаахад Пэнбури хариуд нь:
- Жонкэрс гудамжны кофены мухлагт би найман цаг гучин минутын үед аяга кофе уусан. Тэднийх эндээс нэг бээрийн зайд байдаг шүү дээ. Энэ бол нотолгоо биш гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэд намайг тэнд байсныг мэдэж байгаа учраас нотолж болох юм. За, одоо өөр хэн ярих вэ?
- Би ярья. Нусаа нийх гэж би энэ өрөөнөөс гарсан. Өөрийнхөө өрөөнд орж нусны алчуураа авсан. Энэ байна! хэмээн Бэлла их л сүржин илтгэлээ.
- Та энэ өрөөнөөс гараад хэр удсан бэ? гэж Пэнбури нухацтай асуув.
- Таван минут л болсон гэж бүсгүй хариуллаа.
- Нусны алчуур авах төдийхөнд арай л урт хугацаа гэж санагдахгүй байна уу?
- Магадгүй ээ. Гэхдээ би зөвхөн нусаа нийгээгүй, хамартаа бас энгэсэг түрхсэн.
- Үндэслэлтэй л хариулт байна гэж Пэнбури хүлээн зөвшөөрөөд, “За, одоо ноён Калтроп, та бидэнд тайлбар өгч тус болохгүй юу? Таныг зүүдэндээ босож явдгийг бид бүгдээрээ мэднэ. Долоо хоногийн өмнө та миний өрөөнд орж ирсэн. Тийм биз дээ? Та нусны алчуураа гээгээгүй биз?” гэлээ.
- Үүгээрээ та юу хэлэх гээд байна аа хэмээн ноён Калтроп ууртай нь аргагүй асуув.
- Өнгөрсөн нэг цагийн хугацаанд ноён Калтроп суугаагаараа унтсан уу? гэж Пэнбури шахалт үзүүлэв.
- Унтсан бол юу гэж? … Юу гээчийн хөгийн юм бэ? Би өөрийн мэдэлгүй нойрон дундаа эндээс гарч яваад ямар ч шалтгаангүйгээр Уэйнрайтыг хөнөөсөн байх нь уу? гэж тэр хашгирлаа. Биеэ барьж, жаахан тайвширснаа “Эрхэм ээ, би үгийн сүлжээ таахын тулд хоолны өрөөнөөс оройн сонин авах гэж хориод минутын өмнө эндээс гарсан! Энэ байна!” гэж тэр сонингоо цохилоо.
Пэнбури мөрөө хавчаад, “Ийм тов тодорхой тайлбарыг няцаах аргагүй юм аа. Харин ноён Смитэд би цагдаа нарт өөрийнхөө тайлбарыг аль болох тайван ярихыг зөвлөе” гэв.
Монти Смит тэдний яриаг сэтгэл түгшин сонсож байсан бөгөөд өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг ч бэлдсэн байлаа. Тэрбээр хэлэх үгээ оюун санаандаа гурвантаа сургуулилсан тул ноён Калтропын алдааг давтахааргүй болжээ. Хурдан яривал ээрч, түгдэрнэ гэдгээ мэдэж байсан учраас тэрбээр аажуухан, бас хянамгай хүүрнэв.
- Би энэ өрөөнөөс гарсны учир нь ноён Уэйнрайтын түлхүүрийг буцааж өгөхөө мартчихсан байснаа гэнэт санасных л даа. Намайг гадаа хаалганы түлхүүрээ гээчихсэн байхад өдөр тэр өөрийнхийгөө надад түр өгсөн юм. Гэвч хоёр давхар руу өгсөж яваад би хатагтай Мэйтонтой таарч тэр надад шатны тавцан тушаах цонхны хөшигийг тогтооход туслаач гэсэн. Хөшиг зарим хэсгээрээ дэгээнээсээ мултарсан байсныг нь хийчихээд би Мэйтон хатагтайн хамт зочны өрөөнд буцаж ирсэн. Биднийг хамт буцаж ирснийг та нар бүгдээрээ санаж байгаа биз дээ?
- Тийм ээ, тийм. Би тэр хөшигийг янзлах гэж л явсан хэмээн Мэйтон хатагтай толгой дохив.
- Тэгээд нөгөө гадаа хаалганы түлхүүрээ яасан? гэж Пэнбури Монти руу ноцтой харан асуулаа.
- Ишш, мэдээж хөшигнөөс болоод би мартчихалгүй яахав дээ. Би түлхүүрээ өгөлгүй буугаад ирсэн гэж Монти уулгамчлав.
- Тэгвэл тэр түлхүүр одоо танд байгаа юу?
- Тийм ээ.
- Та түүний өрөөнд ороогүй гэж үү?
- Үгүй ээ, Бурхан минь! Би ороогүй гэж дөнгөж сая хэлсэн биз дээ?
Пэнбури дахиад л мөрөө хавчлаа. Түүний санаа амраагүй бололтой. Гэвч тэр одоо завсар чөлөөгүй юм нэхэж суугаа Викс авхайг шалгаахаар эргэлээ.
- Миний ээлж ирэв үү?
- Хэрэв та дургүйцэхгүй бол шүү дээ… Учир нь, хаана, юу хийж байснаа хүн болгон ярьсан шүү дээ.
- Тийм ээ, би сайн ойлгож байна гээд эмгэн инээмсэглэв. “Та надаас учирлаж гуйх хэрэггүй. Би нэхмэлийн зүүгээ олж ирэхээр зочны өрөөнөөс гарсан. Одоо хэрэглэж байгаа энэ ган зүүнүүд шүү дээ. Миний өрөө ч бас хоёрдугаар давхарт байдгийг та нар мэднэ. Тэгээд би зүүгээ аваад доошоо буух гэж байхдаа ноён Уэйнрайтын ханиалгахыг сонссон…”
- Юу гэнэ ээ? Та түүний ханиахыг сонссон гэв үү? Тэр үед яг хэдэн цаг болж байсан бэ? гэж Пэнбури яриаг нь таслав.
- Есөн цаг болох гэж байсан болов уу. Үгүй, ээ тэрний залхмаар ханиалгыг нь ээ! Түүнийг өглөө, үдэшгүй ханиалгахад миний уур хүрдэг юм. Одоо бол уур хүрдэг байсан гэж хэлэх ёстой байх л даа. Тэгээд тэр ханиалгаа дарах гэж юу ч хийхгүй шүү. Ёстой галзуурмаар гээч.
Викс авхай түр азнав. Байдал улам ноцтой болжээ.
- Цааш нь гэж Пэнбури дуулдах төдий хэлэв.
- Ярина аа. Ярих л гэж байна. Ноён Пэнбури, танай хаалга онгорхой байсан. Бид түүнд тус болох юм хийж өгч чадах эсэхийг тодруулахаар би дотогш орсон боловч та тэнд байгаагүй. Та хаана байснаа бидэнд сая ярьсан шүү дээ. Тэгтэл эсрэг талын өрөөнд ноён Уэйнрайт дахиад л ханиалгах нь сонсогдсон. Яг төгсгөлд нь дуулддаг нөгөө л муухай тагхийсэн авиа. Ер нь би цаашид тэвчиж чадахгүй мэт санагдаж, нэг л мэдэхэд хаалгыг нь тогшоод зогсож байсан. Ноён Пэнбури, таны өрөөнөөсөө олсон нусны алчуур бол минийх. Би тэнд унагаасан байж таарна.
Тэр дахиад л чимээгүй болчихов. “Үргэлжлүүл” гэж Пэнбури аяархан хэллээ. Гэнэт Викс авхай түүн рүү зэвүүн гэгч хяламхийв. Ноён Калтроп сандлаасаа босон харайх шахав. Монти хүзүүгээ даган хөлс урсаж байхыг мэдэрчээ. Бэлла өөрийгөө чанга орилохоос сэргийлж, хуруунуудаа мушгиад барьчихаж. Хатагтай Мэйтон хөдөлгөөнгүй болчихсон сууна.
- Яриаг таслахаа болихгүй юу? гэж Викс авхай зандарлаа.
Пэнбури уруулаа шилэмдэв. Тэр эмгэн хэдэн хормын турш юмаа хурдан хурдан нэхэхэд зүүнүүдийнх нь ган үзүүрийн чимээ л өрөөнд сонсогдоно. Зүүний үзүүрүүд нэг тийм ёрын бүжиг хийж байх шиг санагдана. Тэгснээ тэр хачин хахир хоолойгоор яриагаа үргэлжлүүлэв. – Ор, ор гэж ноён Уэйнрайтыг хэлэхэд би “Орж байна аа” гэлээ. Намайг дотогш ороход тэр над руу инээмсэглээд зогсож байв. “Та дахиад л миний ханиалганы талаар гомдол мэдүүлэх гэж ирэв үү?” хэмээн түүнийг асуухад нь “Үгүй ээ, ханиалгыг чинь эмчлэхээр ирлээ!” гэж хэлээд би түүний зүрхэнд нэхмэлийн ган зүүгээ яг ингэж дүрсэн!
Эмгэн ясархаг гараа огцом сунгаж, дэргэдэх жинтүүгээ цоо хатгалаа.
Тэрхэн агшинд урд хаалга тогших нь дуулдав. “Цагдаа!” гэж ноён Калтроп дуу алдав. Гэтэл хэн ч хөдөлсөнгүй. Зарц бүсгүй доод хонгилоос гарч ирээд урд хаалга онгойлгож буйг тэд сэтгэл түгшин сонслоо. Хөлийн чимээ ойртсоор л…
Төд удалгүй ноён Уэйнрайт ханиалгах нь тэр ээ.
Викс авхай “Тийм ээ, би арван минутын өмнө түүнийг гарахад ч бас ханиалгахыг нь сонссон. Гэхдээ танд үнэхээр гялайлаа, ноён Пэнбури. Би та нартай л адил уйдаад байсан юм” гэж хэлээд инээмсэглэв.
Ж. Жэфферсон Фаржан
Эх сурвалж www.wikimon.mn
URL: