Ц.Даваасүрэн сайдын суудал зүүдэлж явна

150667443659ce0704d69efШинэ засгийн газрын сургаар зарим нэгд нь “Ахаа надад туслаарай” гэдэг шиг л юм болж  байгаа бололтой юм. УИХ-д Ц.Даваасүрэн гээд нэг нөхөр бий.

У.Хүрэлсүхийн кабинетад  сайдын суудал зүүдэлж, дан дээлээ давхарлаад өмсчих санаатай яваа хүний нэг. Тэгээд хэвлэлийнхэнд хандаж “Би сайд болно шүү. Дэмжээд өгөөрэй” гэж аминчлан захьж яваа сурагтай. Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга, Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд газрын даргаар ажиллаж байсан төрийн захиргааны ажлын туршлагатай аж. Одоо тэгээд сайдад санаархаж яваа нь энэ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хорвоо. Гэхдээ л  сайдын сэнтий хүссэн бүхний гар хүрээд байдаг газар биш л дээ. Санаа байв ч сачий дутна гэдэг шиг л юм болох байх. Давхар дээлийн тоо бас хязгаартай.

Ц.Даваасүрэнгийн хувьд улстөрийн үзэл баримтлал, аль ч талаараа нэг их туйлбартай нөхөр лав биш. Гэхдээ  их хашир хандгай. МАХН хоёр салсны дараа тэр салаа замын уулзвар дээр хаашаа явахаа шийдэж ядан хэсэг “ангайж” билээ. Н.Энхбаярын намд элгэмсэж, Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нартай ганзага нийлэх шахсан юм даг. Хэн дийлсний талд ордог үнэгний үлгэр шиг харзнаж хэсэг явсан байх.  Энэ үедээ нутагтаа очиж бие даан нэр дэвшиж, УИХ-ын мандатыг дахин өвөртөлсөн сэргэлэн эр. Бие даагч гишүүн байх үедээ  Иргэний нисэхийн салбарыг эрх дархтайгаар бужигнуулж төлөөнийхөө хүмүүсээр  мэргэжлиийн онцгой салбарыг дүүргэсэн гэх хэл ам түүний нэртэй хамт яригддаг байсныг санаж байгаа байх.

Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-даа эргэн ирж, бүр нэр дэвших эрхээ Удирдах зөвлөлийн гишүүнтэй нь хамт авч аз нь гийсэн удаатай. Харамсалтай нь тэр эргээд ирэхэд нь хаалгаа нээгээд угтсан намынхаа байгуулсан Засгийн газрыг унагахад хүчин зүтгэснийхээ шанг сайдын суудлаар нөхөхөөр санаархаж яваа нь энэ. Нэгийг унагаж нөгөөг  өндийлгөнө гэдэг угаас улстөрч хүний эерэг төрх биш. Эрх ашиг, амбийцынхаа төлөө цагаандаа гарч байгаагаас ер ялгаа байхгүй.

Сангийн яам түүний хувьд мөрөөдөл ч  Ч.Хүрэлбаатар гэж нэг “гай” тээглэчихээд тэвдэж яваа юм болов уу даа. Одоо мань эр сайд л болж байвал юуных ч хамаагүй гэдэг шиг л юм болж байгаа биз. Их хүссэн хүнд эрх мэдэл бүү өг гэж үг бий дээ.

Ж.Хишигдалай

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих