ӨМНӨГОВЬД 26 НАСТАЙ ТЭЭВЭРЧИН ЗАЛУУ МАШИНТАЙГАА ШАТАЖ АМИА АЛДАВ

132961250 км замд “амьдарч” буй жолооч нарын үргэлжилсэн үхлийн шалтгаан юу байв

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт буюу Цагаан хад орчимд 6000 гаруй жолоочийн амьдрал үргэлжилж байгаагаас 4000 орчим жолооч уртаас урт үргэлжилсэн дараалалд нойр хоолгүй бүдчиж, хэдэн цаасны хойноос амиа хайрлахгүй зүтгэж буй талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Энэ талаар бид сар гаруйн өмнө тэнд дугаарлан зогсож буй жолооч Г.Батноровтой ярилцаж, нүүрс тээвэрлэсэн машинуудын 160 км урт дараалал үүсээд буй бодит нөхцөл байдлыг хүргэж байсан билээ. Гэтэл энэ байдал одоог хүртэл үргэлжилсээр, тэнд жолооч нар байнга осолдож, амиа алдаж, жолооч нарын зөрчил хурцдаж эрүүгийн шинжтэй болж эхэлсэн байна.

-26 НАСТАЙ ЗАЛУУ МАШИНТАЙГАА ШАТАЖ АМИА АЛДАВ-

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 25-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нүүрс тээвэрлэлтийн замын 160 дахь км-т Увс аймаг Ховд сумын харьяат 26 настай Г гэх залуу “Nortbenz” автомашин жолоодож яваад мөн л “Nortbenz” автомашины араас мөргөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэст шалгаж буй. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар ослын улмаас машин шатаж эхэлсэн бөгөөд залуу машинаасаа гарч чадалгүй амиа алдсан байна.  Өмнө нь буюу наймдугаар сард мөн л Тавантолгойн ордоос БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан “North benz” маркийн том оворын ачааны хоёр машин мөргөлдсөн ноцтой осол гарч, мөргөсөн машины жолооч машинаасаа гарч чадалгүй шатаж амиа алдсан байдаг.Тодруулбал наймдугаар сарын 5-нд Тавантолгойн ордоос Гашуунсухайтын замд, хилээс нааш 130 гаруй км-ийн орчимд Чойгийн тохой гэдэг газар осол болсон бөгөөд Тавантолгойгоос нүүрс тээвэрлэн явж байсан автомашины жолооч нь эсрэг урсгалд зогсож байсан ачааны машиныг мөргөсөн юм.

Ослын талаар туайн үед жолооч Д ярихдаа “Хилийн цаана нүүрсээ буулгаад буцаж явсан жолоочийн ачааны машин эвдэрснээс замаа чөлөөлж чадалгүй зогсолт хийсэн байсныг Тавантолгойгоос нүүрс зөөж явсан автомашины жолооч очиж мөргөсөн байна. Гүйцэж түрүүлэх юм уу, хурдтай явснаас үүдэн машинаа зогсоож чадаагүй бололтой. 100 орчим тоннын даацтай автомашиныг огцом тоормослох, зогсоох боломжгүй. Тийм учраас машинаа зогсоож дийлээгүй байх. Гашуун Сухайтын хил дээр жолооч нар хэдэн зуугаар оочирлож, бүр сараар хүлээж байж нүүрсээ хүргэдэг болсон. Ингэж олон хоног нойр хоолгүй, амралтгүй явснаас үүдэн осол гарах нөхцөл үүсч байна” хэмээн ярьж байсан билээ. Энэ бол ердөө л хоёр тохиолдол. Учир нь тэнд амиа алдсан жолоочийг тоолоход ч хэцүү болжээ.


А.БҮДДОРЖ: ХЯТАДУУД НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 50 ДОЛЛАРААР АВААД ХИЛ ГАРГААД 250 ДОЛЛАРААР ЗАРЖ БАЙНА

Бид тавантолгойд үсээд байгаа нөхцөл байдлын талаар та бүхэнд нь өмнө нь мэдээллүүд хүргэж байсан. Энэ удаад тавантолгойд гарч буй осол хэргийн талаар, яг юунаас болж осол ихээр гараад байгааг тэнд буй нүүрс тээвэрлэгч монгол жолооч нарын эрхийг хамгаалан ажиллаж буй “Цэцийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн А.Бүддоржтой холбогдож ярилцлаа.

-Тавантолгойд нөхцөл байдал ямар байна вэ. Та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаад хэсэг хугацаа өнгөрлөө. Ер нь үр дүн гарч байна уу?

-Бэлэн мөнгөний ачилт явагдддаг болсон нь сайшаатай. Энд оочир дарааллаас гадна тавантолгойн уурхайн аман дээр хятадууд дүүрлээ. Тэдний оронд Монголчуудыг ажилд авдаг болгомоор байна гэдэг талаар Тавантолгойн удирдлагуудад бичиг хүргүүлэх гээд бэлдэж байна. Монголын залуучууд ерөөсөө ажилгүй байна шүү дээ. Гэтэл хужаа нар энд ирээд хөтөч гэдэг ажил хийгээд жолооч нарт хэдэн машин олж өгөөд арав, хорин сая төгрөг аваад гараад явчихаж байна. Жолооч нарт хятадуудаас машин олж уурхайгаас нүүрсний ачилт хийлгэж зуучилдаг хүмүүсийг хөтөч гээд байгаа юм. Энэ ажлыг ялангуяа орон нутгийн ажилгүй залуучуудаар хийлгэмээр байгаа юм.

-Оочир дараалал өмнөх шигээ л байгаа юу?

-Оочир дараалал улам ихсээд байна. Засгийн газар уначихлаа. Одоо шинээр бүрэлдээд ирэхээрээ нааштай арга хэмжээ авч, нөлөө бүхий улсууд ирж газар дээр нь танилцах байх гэж бодож байна. Монголын талаас төдийлөн нөлөөгүй, Хятадын талаасаа ингээд хилээ чангаруулчихсан болохоор яаж ч чадахгүй байна. хятадууд нүүрсээ авахаа болих шинжтэй болж эхэлж байна. Нүүрсний үнэ унагаах гол зорилгоор л ингэж хилийн шалгалтаа чангаруулж, жолооч нарыг олон хоногоор оочирлуулж залхаан цээрлүүлж байна. Нүүрсний үнэ унаад байвал Монгол улсад ямар ч ашиггүй. Хятадууд яг одоо Тавантолгойн уурхайн аман дээрээс нэг тонн нүүрсийг 50 доллараар авч байна. Ингээд хил гаргаад өөрийнхөө нутаг дэвсгэр дээр нэг тонныг нь 250 доллараар зарж байна. Энэ бол шударга бус.

-ЖОЛООЧ НАР 1990 ОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН, ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ ХАНГААГҮЙ МАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА-

-Тавантолгойд маш их осол аваар гарах болсон байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 25-нд хоёр нордбенз машин мөргөлдөж 26 настай залуу амиа алдсан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас авсан. Энэ ослын талаар та мэдсэн үү?

-Аль ослыг хэлж байгааг чинь яг үнэндээ мэдэхгүй байна. Энд маш олон осол хэрэг гардаг. Тийм учраас осол бүрийг мэдэх ямар ч боломжгүй. Бүхэл бүтэн 150 орчим км үргэлжилсэн оочирын аль ч хэсэгт юу ч болж байж мэднэ. Саяхан машинтайгаа нэг залуу шатаж амиа алдсан. Тэр ослыг хэлж байгаа юм болов уу. Та бүхэн газар дээр нь ирээд хардаг болоосой. Нүд хальтирмаар зураглал зөндөө харна. Засмал нь эвдэрсэн. 230 км сайжруулсан шороон зам гээд байгаа нь юун зам. Хотоос Дархан руу явдаг зам хажууд нь юу ч биш. Энэ замын хажууд бараг шинэ зам гэсэн үг. Энэ бол нэлдээ нүх, хагархай цоорхойтой. Тэр их нүхийг тойрч гарах гэж нүүрс ачсан тэр урт ачааны машин хажуу тийшээ дарахдаа унадаг, хальтардаг. Одоо өвөл болох гэж байна. Манай жолооч нар дандаа хятадуудын машин унаж нүүрс зөөж байгаа. Хятадуудын машин маш муу машинууд. 1990-ээд онд үйлдвэрлэгдсэн машинуудыг арван хэдэн жил явуулчихсан. Техникийн бүрэн бүтэн байдал байхгүй. Дохио байхгүй. Үүнээс болж Монгол жолооч нар нь торгуулна. Хятад компани нь торгуулдаггүй. Гэх мэтчилэн маш олон асуудал байна.

ЦААШ ҮЗЭХ

medee.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 October 2017

Bolison n deer ym bishu .

Сэтгэгдэл бичих