Байгалийн түүхийн музейгээ аварцгаая
Энэ балгасыг засаж, сайжруулах, дэлхийн жишигт хүргэхэд 53 сая ам.доллар хэрэгтэй. Харин уг хөрөнгийг БНСУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгож, өөрсдөө барилгын ажлын гардан гүйцэтгэнэ гэж ярьсаар даруй дөрвөн жилийг ардаа орхилоо.
Барилга барих тухай хэдэн жил ярих, зөвшилцөх нь үнэхээр хамаа алга. Харин барилга дотор хадгалагдаж байсан манай улсын сая гаруй жилийн түүх, дурсгал болсон ховор үзмэрүүдийг хэрхэн хадгалж, хамгаалж байна вэ гэдэгт л санаа минь үнэхээр зовинох боллоо.
Бидэнд бахархал, ярих түүх, үүнийг батлах үзмэрүүд бий. Гэвч санхүүжилт гэдэг ганцхан асуудлаар музейгээ балгас чигээр нь хотын төвдөө акталж, үзмэрүүдийг нь хадгалах нэрээр цөөн хүмүүс ашиг олсоор байна.
Яг үнэндээ асуудал, төсөв мөнгөндөө биш. Зарим улсууд бусдаас ирэх санхүүжилтийг хүлээлгүйгээр өөрсдөө музейн барилгаа сэргээн засварлаж чадсан санаа авч болохуйц жишээнүүд олон байна.
Тухайлбал, Зургаан сая гаруй хүн амтай Сальвадор улс. Буурай улс орон хэдий ч тус улсыг зорих жуулчдын онгоцны тийзний үнэд 10 ам.доллар шингээж өгснөөр музейгээ бүрэн засварлаж, дэлхийн жишигт хүргэж чадсан байна. Ингэхдээ жуулчдаас урьдчилан төлбөр авчихсан учраас музейгээ үнэ төлбөргүй үзүүлэх хэлбэрээр асуудлыг зохицуулсан байгаа юм. Дөрвөн сая хүн амтай Коста Рика улс мөн л энэ аргыг хэрэглэж, аялал жуулчлалын сан бүрдүүлж чаджээ. Энэ сангаараа дамжуулж, Эко туризмыг хөгжүүлж, улс орныхоо эдийн засагт нэмэр болж чаджээ.
Тэгвэл манай улсад 2016 онд 30 мянга 553 жуулчин ирж байж. Эдгээр жуулчдын онгоцны тийз дээр 10 ам.доллар нэмэхэд л жилдээ 300-аад мянган ам.доллар буюу 730 гаруй сая төгрөгийн орлого олж болохоор байна. Онгоцны тийзээ барьж ирсэн жуулчинд үнэгүй үйлчилчихээд өгсөн мөнгөөр нь хэдэн музейгээ тодордож болохгүй гэж үү.
Л.Тамир
URL: