“Роснефть” газрын тосны үнээ нэмэх төлөвтэй байна
Монгол Улс газрын тосны импортынхоо 90 гаруй хувийг ”Роснефть” компаниас худалдан авдаг. Манайд шатахуун түгээх станцуудаа байгуулах санал тавьж, янз бүрээр “бойкот” хийсээр ирсэн энэ компанийн хувьд газрын тосны олборлолтоо цаашид улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед удирдлагын бүтцэд нь өөрчлөлт орж, Д.Медведев, В.Путин хоёрын тэмцлийн талбар болсон нь ч бий. Гэхдээ ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин нэр дэвших учир цаашид “Роснефть”-ийн монопольчлол хэвээр үлдэх бололтой.
Өнгөрсөн наймдугаар сард “Роснефть” эрчим хүчний үйлдвэрлэлээр АНУ-д тэргүүлдэг “Эксон мобайл”-тай хамтран Хойд мөсөн далайд олборлолт явуулахаар 3.2 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээг үзэглэсэн. Владимир Путин өөрийн биеэр “Эксон мобайл”-ын ерөнхийлөгч Нейл Даффинтай уулзаж, хамтран ажиллахаар болсон нь энэ гэрээ хэр их ач холбогдолтой вэ гэдгийг харуулж байна.
“Роснефть”, ”Эксон мобайл”-тай хамтран анхны өрөмдлөгөө 2012 оноос хийж эхлэх юм. “Роснефть”-ийн хувьд цаашлаад Мексикийн булан, Техаст нефтийн олборлолт хийх боломжийг эрэлхийлэх болж.
Харин Их Британийн “Бритиш Петролиум”-тай хамтран Арктикт газрын тос олборлох ажил нь тасалдсан билээ. Тодорхой шалтгаануудын улмаас хойшлогдож байсан энэхүү хэлэлцээр “Роснефть”-ийн удирдах зөвлөлийн тэргүүн Игорв Сечин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн хооронд үүссэн асуудал, хувьцааны маргаанаас болоод нэг мөсөн зогсоход хүрсэн.
Хэдийгээр албаны төлөөлөгчид энэ хэлэлцээр дахин үргэлжилнэ гэж амлаж байгаа ч шинжээчид эсрэг байр суурьтай байна. Өнгөрсөн оны эхээр Д.Медведев В.Путины хүн болох И.Сечиныг халж магадгүй гэх таамаг гарч байсан юм. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн дотоод руугаа чиглэсэн бодлого явуулдаг байсан “Роснефть” гадны орнуудтай хамтарч, газрын тос олборлох арга замыг эрэлхийлэн шинэ технологи нэвтрүүлэхээр зорьж байгааг нотолж байна.
Өнгөрсөн есдүгээр сард “Роснефть”-ийн ерөнхийлөгчөөр Эдуард Худайнатов томилогдсон билээ. Дмитрий Медведевийн санал болгож, нэр дэвшүүлсэн Э.Худайнатов нь “Газпром”-ын салбаруудыг удирдаж байгаад 2009 оны нэгдүгээр сараас эхлэн “Роснефть”-ийн тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан юм.
Өнгөрсөн зун түүнийг манай томчууд руу захидал илгээж, шатахуун түгээх станцуудаа Монголд байгуулж, оронд нь АИ-92, дизель түлшний хомсдолгүй “зусах” боломжийг санал болгосон тухай хэвлэлүүд мэдээлж байв. Гэхдээ Э.Худайнатовын хувьд энэ анхны тохиолдол байсангүй. Тэрбээр 2008 онд ч үүнтэй төстэй санал тавьж байсан гэх. Ямартай ч энэ бүх учир шалтгааны улмаас “Роснефть”-ийг 12 жил удирдсан Сергей Богданчиковыг “Газпром”-ын салбаруудыг удирдаж байсан Э.Худайнатовоор сольжээ.
Энэ оны гуравдугаар улиралд “Роснефть”-ийн ашиг 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.9 хувиар өссөн. ОХУ-ын Засгийн газар газрын тосны экспортоо бууруулах зорилгоор татвараа нэмсэн нь “Роснефть”-ийн орлогод тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлжээ. Гэхдээ Ванкорын талбайгаас олборлох бүтээгдэхүүн нь ихэссэн байна.
Өдөрт 2.4 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн нь ч ашиг нэмэгдэхэд нөлөөлжээ. “Роснефть”-ийн ашиг шинжээчдийн таамаглаж байснаас 10 хувиар өндөр гарсан юм. “Роснефть”-ийн төлөөлөгчид “Энэ бол дөнгөж эхлэл. Бид цаашид ч илүү ихийг хийх болно” хэмээн амлацгаасан байх юм. Тус компани энэ оны эцэс гэхэд 11 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэх таамаг бий.
Харин Оросын албаны төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар 2015 он гэхэд үйлдвэрүүдээ бүрэн шинэчлэхийн зэрэгцээ экспортоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Ирэх оноос нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллараас давах таамаг байгаа учир “Роснефть”-ийн хувьд үүн дээр дөрөөлж ашиг олох нь дамжиггүй юм.
Оросын Засгийн газар өнгөрсөн зунаас нефтийн экспортын татвараа 44 хувиар огцом нэмж, тонн тутмынх нь үнийг 408 ам.доллар болгосон. Түүнчлэн хэд хэдэн компанийнхаа экспортод хориг тавьсан юм. Аз болоход “Роснефть” тэр дунд багтаагүй. Гэхдээ монголчуудын аз дутахад, “Лукойл”-ын удирдлагын “Взгляд” сонинд ярьснаар бол “Дотоодын стандартад нь нийцдэггүй бензинийг Монгол тэргүүтэй орнууд руу гаргадаг” аж.
Газрын тосны экспортоо бууруулсан шалтгаан нь дотоодын зах зээл дэх шатахууны стандартаа чангатгах журам гарсантай холбоотой. Хамгийн гол нь Орост сонгууль дөхөж байгаа учраас төсвийн зардлаа хумьж болохгүй. Тиймээс төрийн мэдлийн томоохон нэгжүүдийнхээ хувьцааг худалдах зэргээр хөрөнгө босгохыг зорьсон Кремлийн удирдагчид экспортын татвараа нэмсэн нь төсвийн орлогоо нэмэх бас нэг арга болсон юм. Эс тэгвэл сан хөмрөгөнд нь мөнгө байхгүй болж байсан хэрэг.
В.Путин өөрт нь үнэнч гэдгийг нотолсон, бизнесийн ашиг сонирхлоо хадгалж чаддаг хүнээр дамжуулан Оросын газрын тосны салбарыг хянахыг эрмэлздэг гэх. Харин тэр хүн нь Игорь Сечин юм. Социалист тогтолцоотой байх үед В.Путинтэй нэг адил КГБ-ын тагнуулч байсан түүний хувьд “ЮКОС”-ын хөрөнгийг “Роснефть”-ийн өмч болгох ажлыг хариуцан хийж байв.
Михайл Ходорковский шоронд сууж, харин “ЮКОС”-ыг нь бүрэн мэдэлдээ авснаас хойш “Роснефть”-ийн нийт эргэлтийн хөрөнгө 68 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болжээ. Чеченийн Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, өрөмдлөг хийх ажлыг Игорь Сечин л нугалж өгчээ. Хятадын талтай 20 жилийн хугацаатай 25 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, Венесуэл, Куба, Туркид тэр л айлчилж хамтрах санал тавьсан.
“Роснефть” хүчирхэг хэрнээ В.Путины мэдэлд хэзээд байсаар ирсний шалтгаан нь Игорь Сечин юм. Д.Медведевийн дургүйцлээс болж “Роснефть”-ийн тэргүүнээс халагдаж, түүний оронд өөр хүн томилохоор болсон тухай “Ройтерс” мэдээлж байв. Гэхдээ албан ёсны вэб сайтад нь “Роснефть”-ийн тэргүүн И.Сечин” гэж одоо ч тэмдэглэсэн хэвээр байна.
“Роснефть”-ийн төлөөлөн удирдах зөвлөлд ОХУ-ын Засгийн газрын зөвлөх Андрей Реус, Төрийн хөгжлийн банкны тэргүүн Андрей Костин, “Роснефть”-ийн ерөнхийлөгч асан Сергей Богданчиков нар багтдаг. Түүнээс гадна Швейцарийн банкир, “Barclays Capital”-ын тэргүүн Ханс Жорж Рудлофф энд багтдаг нь барууны орнуудаас Оростой бизнесийн салбарт хамтарсан анхны хүн болсон юм.
Оросын төрийн мэдлийн “Роснефть”-ын ажилчдын тоо 100 мянга хол давсан. Жил бүрийн ашиг нь олон арван тэрбум ам.доллараар тоологддог. Зүүн Сибирь, Хар тэнгис, Каспийн тэнгис, Алс Дорнод зэрэг Оросын газрын тос, байгалийн хийн томоохон нөөц бүхий мужуудад олборлолт хийдэг бол сүүлийн жилүүдэд хилийн чанад руу нэлээд анхаарал хандуулах болжээ. Ямартай ч Монголыг халаасандаа хийчихээд дуртай үедээ гаргаж ирээд наадаж суудаг “Роснефть” компани үйл ажиллагаагаа улам бүр тэлэх нь.
Т.Элиса
URL: