Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ТААЛАЛД НИЙЦЭЭГҮЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ

olloo_mn_1506562613_shutterstock_130980941-1Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хаврын чуулган тааллаараа оролцох үеэрээ “Аж ахуйн нэгж, иргэд барьцааны зээлээ төлж чадахгүй болно. Тэгээд барьцаалагдсан газар тэр байгууллага, тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудал, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах боломж байгаа юм. Хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг юман дотор Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах хутга дундуур нь, далдуур оруулаад ирж байгаа юм биш биз дээ. Энэ дээр УИХ онцгой анхаарах хэрэгтэй. Энд ҮАБЗ-ийн Ажлын албаны хүмүүс оролцож, ажиглаж байгаа. Гаднын банк, барьцаатай холбоотой асуудал дээр энэ хуулийн бусад зохицуулалтыг гаргаад, үүнтэй холбогдсон газар, үндсэн хөрөнгө барьцаалах, бусад зүйлүүдийг энэ хуулиас бүрэн авч хаях шаардлагатай шүү. Энэ явж явж Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, энэ бүхэнтэй эргэж холбогдоно шүү” хэмээн Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн. Нэг үгээр албан бусаар энэ хуульд хориг тавьсан юм. Улмаар парламентаар маш шуурхай хэлэлцэж байсан хуулийн төслийг “архивт” хадгалав. Тэгвэл намрын чуулганаар энэ хуулийн төсөлд дахин салхи оруулах нь ээ.

Хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг юман дотор Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах хутга дундуур нь, далдуур оруулаад ирж байгаа юм биш биз дээ.

Яг үнэндээ жилийн 25-35 хувийн хүүтэй зээл аваад үйлдэрлэл эрхэлж буй манайх шиг  улс тун ховор. Тэгэхээр арилжааны банкуудад өрсөлдөөн оруулах, үндэсний баялаг бүтээгчдэд бага хүүтэй, хямд үнэтэй, урт хугацаатай эх үүсвэр татаж оруулах шаардлага тулгараад байгааг эдийн засагчид дуулгаж байна. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг тусад нь баталснаар гадны хөрөнгө оруулалт бүхий банк болон салбар нэгжийн Монголын санхүүгийн зах зээлд ажиллах тодорхой талбарыг зааглаж өгснөөр дотоодын банкуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хамгаалах боломж бүрдэхийг хууль санаачлагчдийн зүгээс дуулгаж байгаа юм.

Жилийн 25-35 хувийн хүүтэй зээл аваад үйлдэрлэл эрхэлж буй манайх шиг  улс тун ховор

Өнөөдрийн байдлаар манай дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт 14 банкнаас гадаадын хөрөнгө оруулалттай 8, гадаад улсын иргэн хувьцаа эзэмшдэг 3 банк үйл ажиллагаагаа явуулдаг.Гадаад улсаас хөрөнгө оруулалттай банк, банкны салбар нь бидний хувьд цоо шинэ эдийн засгийн харилцаа биш. Өмнө нь шууд хөрөнгө оруулалтаас гадна гадаадын банкны салбар ч манайд ажиллаж байсан туршлага бий.

Мөн Монгол Улсад гадны банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай, Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монголбанкны зөвшөөрлөөр зохицуулж байна. Гэвч эдгээр зохицуулалт нь дотоодын банкны системийн хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс сэргийлэх, гадаадаас хөрөнгө оруулалттай банкны Монголын эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээл дэх оролцоог тодорхой заах тал дээр учир дутагдалтай байгааг учир мэдэх хүмүүс дуулгаж байна. 

Иймээс намрын чуулганаар дахин энэ хуулийн төслийг хэлэлцэх нь. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар З.Нарантуяа ажиллаж байгаа. Түүний зүгээс хуулийн төсөлд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж, илүү чамбайруулах шаардлагатай байгааг дуулгасан. Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төсөлд ямар байр суурь илэрхийлэх нь тодорхойгүй. Ямартай ч хавар намрын чуулган дамжиж буй уг хуулийн төслийг батлах шаардлага нэгэнт бий болоод байгааг хууль санаачлагчид хийгээд эдийн засагчид дуулгаж байгаа юм.

П.ГОО
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих