“Хэн салбарыг удирдаж байгаа юм, хэдэн төгрөгийн төсөв тавьж байгаа юм гэдгийг хянах хэрэгтэй”

18

Шинэ засгийн тэргүүний нэр тодорч, танхимын  сайд нарын марафон эхэлчихсэн байгаа билээ. Тэр хэрээр  улс орны өмнө тулгамдсан асуудлууд хойш тавигдаж байгаа гэсэн үг. Тэгвэл Сангийн дэд сайдын үүргийг гүйцэтгэгч Х.Булгантуяа ярихдаа “Шинэ засаг байгуулагдаад хэдхэн сарын дотор дараа оныхоо төсвийг бодож эхэлдэг. Мөн ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулдаг. Гэвч Засгийн газар болон УИХ-ын гишүүд нь өөрсдөө шинэ байдаг учраас энэ чухал асуудал дээр заримдаа төдийлөн анхаарал хандуулдаггүй. Яг үнэнийг хэлэхэд хуучин гишүүд л өнөөдөр үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ач холбогдол өгч анхаардаг. Гишүүдийн хамгийн анхаардаг зүйл бол төсөв. Яагаад гэвэл уншихад амарханаас гадна тэр сум, аймагт төсөв нь суусан суугаагүйгээ л харахыг хүсдэг. Энэ бол улс орны хөгжлийн үзүүлэлт биш шүү дээ. Үнэндээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төдийлэн анхаардаггүй байснаа хоёр жилийн дараа энэ үнэхээр чухал юм байна гэдгийг зарим гишүүн нь ойлгож эхэлдэг. Гэтэл асуудал аль хэдийн хөдлөөд явчихсан байдаг. 2016 оны хавар 2015 оныхоо гүйцэтгэлийг хэлэлцүүлэх ёстой байсан ч хэлэлцүүлээгүй чуулганаа хаачихсан. Тэгээд 2017 оны төсвөө оруулж ирж гурван төсөв зэрэг хэлэлцэгдэж байсан. Бараг л ордон дотор хонож өнжсөн дөө. Ийм л орчинд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдаад гарч байна. Үүнийг ард түмэн ч, тинк танкууд ч, ТББ-ууд ч төдийлэн анхаардаггүй. Би гайхдаг. Жишээ нь, би Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн байсан бол яг өөрийнхөө үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд анхаарлаа хандуулах байсан. Хэн салбарыг удирдаж байгаа юм, хэдэн төгрөгийн төсөв тавьж байгаа юм гэдгээс эхлүүлээд хяналт тавих үүрэгтэй шүү дээ” хэмээж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих