Булгийн ус, халиа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил эхэллээ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн өвөл булгийн ус халиа үүсгэж зөвшөөрөлгүй бүсэд буусан зарим айл усанд автан хүнд нөхцөл байдалтай тулгарч байсан. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга булгийн ус, халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлж, арга хэмжээ авч ажиллах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын алба зэрэг мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэгт орж, холбогдох арга хэмжээг авахаар болсон юм.
Ажлын хэсгийн гишүүд хуралдаад эхний ээлжинд тухайн бүс нутагт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулж, иргэдэд зөвлөмж өгөхөөс гадна 450 метр урттай даланг татахаар төлөвлөж байгаа юм. Мөн булгийн эх, аманд зөвшөөрөлгүй буусан айл өрхөд холбогдох хэлтэс албадаас 3 удаагийн анхааруулах, шаардах хуудас өгөөд байна.
Мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай гэж үзвэл булгийн эхэнд буусан айлуудыг нүүлгэж, шилжүүлэх арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс хэлэв. Тиймээс иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, зөвшөөрөлгүй бүсэд буухгүй байхыг ажлын хэсгээс анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: