Өлгийчүүд утаанаас залхаж байна

Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд “утааны улирал” эхлэв. 90 гаруй хувь нь гэр хороололд оршин суудаг 7000 орчим өрх айлтай энэ суурин газрынхан бүгд чулуун нүүрс түлдэг болохоор агаар тэнгэр өвлийн турш хар үүлээр бүрхдэг. 1970-аад онд байгуулагдсан нэгдсэн халаалтын зуух, зарим албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хувиараа босгосон халаалтын зуухны яндангууд хүйтний эрч чангарах тусам утаа, хөөг улам ихээр цацдаг тул тэдгээрийн ойр орчмын айлууд хар бараан өнгөөр будагддаг. Дээр нь бас тээврийн хэрэгсэл элбэгшсэн, хатуу хучилттай зам ховор, байнгын салхи шуургатай, хуурайшилт ихтэй байдгаас хүн амьсгалахад хүндхэн болоод байна.
Цахилгаан эрчим хүч хэрэглэх явдал бага байдгийн учир нь гэвэл эрчим хүчний шугамын багтаамж ачаалал хүндэрснээр зарим үед байнгын гэрэлтэй ч байж чаддаггүй. Энд модон түлш нүдний гэм болсон, шингэн болон шахмал түлшний үйлдвэр байгуулна, гаднаас шатдаг хий оруулж ирээд гийгүүлнэ гэх зэргээр иргэдээ хуурч сонгуулийн үеэр цөөнгүй хүн амладаг боловч сонгуулийн дараа талаар өнгөрөх нь амлалтын 4,5 сая төгрөг шиг үлгэр маягийн үзэгдэл болсон. Тус хотын ер орчим хувийг эзэлдэг ядуу, тэдний тал хувийг эзэлдэг нэн ядуу хүмүүс социалист нийгмийн үед Өлгий сумын ойр орчмоор асгасан шатаж болохуйц чанар бүхий бүх хогийг түүж түлээд, одоо бол нэгдсэн халаалтын зуухнаас гадагшлагдаж асгагдсан үнсийг ухаж дутуу шатсаныг нь ашиглахад хүрсэнийг нуух хэрэг юун билээ.
Иймэрхүү нөхцөл байдалд Улаанбаатарын гэр хороололд нэвтэрч эхэлсэн утаагүй, түлш хэмнэдэг зуух өлгийчүүдийн хувьд юу юунаас илүү чухал хэрэгтэй болж байгааг хэлмээр байна. Энэ төрлийн зуухыг зөвхөн гаднаас импортоор оруулж ирэх бус дотоодод, тэр тусмаа орон нутагт үйлдвэрлэмээр юм. Цахим хэрэгсэл бүтээж эхэлсэн монголчууд үүнийг хийж чадахдаа чадна. Зөвхөн санаачилга, төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна.

now


URL:

Сэтгэгдэл бичих