“Женко” Х.Баттулгын амаар суйлах, хэлээр хутгах мэх
Өрсөлдөгч бөхөө эзгүйд нь ам мэх хийж оноо авч болох уу?
Жүдоч “Женко” Баттулга болно гэж байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг гадаадад явсан хойгуур тэрбээр ам мэхийг угсрууллаа. Сонинд ярилцлага өгөх барилдааныг өрсөлдөгч бөхөө эзгүйд нь ч хийж болдог бөгөөд мушгина, салтаадана, суйлна. Баабар гуай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “ярьдаг бөх” гэж нэрлэсэн билээ. УИХ-д “ярьдаг” хоёр, “амандаа бувтнадаг” нэг гээд одоогоор гурван бөх байна. Нэр дэвшихээ зарлаад байгаа сүмоч парламентад орж ирвэл алгаддаг бөх ч нэмэгдэж мэднэ. Хүсээгүй байхад нь хүчээр хамтарсан Засгийн газарт суулган, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын хүндрэл бэрхшээлтэй зориуд тунаанд оруулсан” гэж ярьдаг бас нэг бөх үздэг юм байна. Асуудал ба бэрхшээлтэй тулах наадамд бол барилдахгүй зөвхөн амлаж зодоглоно гэсээр байхад нь АН- ын ҮЗХ олуулаа нийлж дугтраад сайдын сандалд суулгаж орхижээ.
Х.Баттулга сүүлийн үед уулзах болгондоо намын даргатайгаа ам мурийдаг болсон гэж хэлсэн. Мурийлгаж унагах буюу мурих нь аль ч бөхийн төрөлд байдаг сайн мэх. Амаар мурих, үгээр салтаадах нь улс төрийн барилдааны тактик байх. Гагцхүү бөхийн барилдаан нь багийн спорт биш учраас улс төрд тэр бүр зохиж өгдөггүй эд. Засгийн газар тэгэх тусмаа кабинетын зарчмаар ажилладаг байгууллага. Алх тогшоод шийдсэн л бол ажлаа хийдэг, гүйцэтгэн хэрэгжүүлдэг эрх мэдэл юм. Засгийн газарт сөрөг хүчний бүлэг ажиллах, хурал хаях, бойкот зарлах, олонхоороо санал хурааж, тооллого явуулах зэрэг улс төрийн үйлдэл байдаггүй. Цаад кабинетын зарчим нь тэс өөр эд. 2008-2011 онд Засгийн газрын талд орж, эрх барилцаад, үлдсэн хагасхан жилд нь сөрөг хүчин болж хувирна гэсэн тооцоо юу?
Тэгвэл “Оскар”-ын баримтат киноны төрөлд нэр дэвших хэмжээнд яригдах шинэ бүтээлийн сэдэв гарч ирнэ. Нэгэн бүрэн эрхийн хугацааны гурван жил хагаст нь сайдын дүрд, үлдсэн зургаан сард нъ сөрөг хүчний роль бүтээнэ гэдэг бол жүжигчний хувьд онцгой амжилт юм. Н.Алтанхуяг судалгаагаар эхний арван улстөрчийн тоонд орж ирдэггүйн шалтгаан чухамдаа ямар спортод дуртай вэ, түүнээсээ болж байгаа хэрэг. Ардчилсан намын дарга багаар ажиллахыг эрхэмлэдэг учраас популизм хөөж, хувиа бодсон улс төр хийдэггүйд асуудлын гол нь байна. Х.Баттулга ч гэсэн багаараа биш, ганцаараа барилдаад шөвгийн 16-д байхгүй л байгаа юм. “Алтангадас” фракцийн харьяатай улстөрчийг жингийн илүү дутуугаар ч юм уу, эмчийн үзлэгээр тэмцээнээс хасах, санал гаргажээ. Жишээ нь, архи үйлдвэрлэдэг л бол шууд хоёр торгоод сонгуульд нэр дэвшүүлэхгүй хасах хууль санаачилж байгаа аж. Тэгвэл 17 ба түүнээс дээш тооны чингэлэг спиртийн асуудалд нэр холбогдсон, эсвэл хэдэн жилийн өмнө архины үйлдвэрийн хувьцаа эзэмшиж байгаад зарж орхисон хүнийг ч жагсаалтаас хасах боломж бас нээгдэнэ.
Сэтгэцийн эмгэгтэй л биш бол Монгол Улсын иргэн хэнбугай нь ч улс төрд оролцох эрхтэй. Эцэг хуульд заасан хүний улс төрийн эрх нь тийм юм. Жишээ нь, дээд боловсролын дипломгүй бол УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт орвол олон хүн хасагдана. Н.Алтанхуяг нараас зөвхөн МУИС болон улсын их, дээд сургуульд багшилж байсан хүмүүсийг нэр дэвшүүлнэ, бөхчүүд, уяачид, харваачид бол зөвхөн улсын наадамд хурд, хүч сорино гээд зөрчихвөл бас хэцүү юм болно. Хамтарсан Засгийн газарт зөвхөн “Алтангадас” ороогүй, “МоАХ”, “Зүүн хойд Ази”, “МҮДН”, “Кроун” хүртэл хоёр дэд сайдтай. Сонгуулийн дараа ярьж хэлэлцэж, өөрсдөө сайн дураар орчихоод сонгууль дөхмөгц нэг их муу сандалд хүчээр суулгачихсан юм шиг аашлах нь улс төрийн ёс суртахуун, хүн чанарын асуудал юм.
Монголд хувьсгал гарах болчихсон, “Макдональдс” орж ирээгүй байхад LV, Zegna гэдэг хувцас зарахаар хүмүүс уурлаад байгаа гэнэ. Уг нь зах зээл, эрэлт хэрэгцээ бүхнийг тохируулна. Улс юм чинь LV-гээс “Макдоналдьс” хүртэл бүгд байвал сайн. Үнэ, стандартын улсын хороо гэдэг байгууллага үнэ тогтоодог, дөрвийн үзэг, тавын дэвтэр, зуун гучин наймын гутал, есийн тос, долоо хорийн хиам, төгрөг дөчийн талх бүх дэлгүүрт адилхан ханштай, бүгдээрээ ижил формын хувцас хунартай байхаа болиод хорин жил өнгөрч байна. Урьд нь Х.Баттулгынх биш улсынх байхдаа “Баянгол” нь хуйцаа, гуляшнаас өөр хоолгүй, бүх ресторан, гуанз Нийтийн ахуй үйлчилгээний яамнаас баталсан адилхан цэс, үнэтэй байдаг цаг бас улираад хорин жил болжээ. Брэндинг, брэндийн үнэ цэнийн өрсөлдөөн өрнөж байна. Улсаас хувьд, тухайлбал Х.Баттулгын мэдэлд шилжсэн “Махимпэкс”-ийн хиамны үнэ танил нэр, үнэ цэнэ, мэдээж чанар байгаа болохоос биш “Баянтээг”, “Алтантэвш”-ийнхтэй адилхан ханштай байх боломжгүй.
Тэгвэл ерөөсөө “Махимпэкс”-ийг авсны утга учир байхгүй. Асашёорюүг рекламанд тоглуулдаг, татвар төлдөг, илүү олон хүн ажиллуулж бүтээдэг хиамны үнэ өндөр байхаас аргагүй. Үнийн ард үнэ цэнэ, нэмүү өртөг шингэдэг. Мах, хиам, халхны үнийг төрөөс доогуур тогтоовол яах вэ? “Махимпэкс”-”ийн зургаан мянгын махыг 600, “Талх чихэр”-ийн 1500-гийн талхыг 150-аар зарснаар ард түмэнд хайр зарладаггүй. Аюулгүй байдал, чанар, өрсөлдөөн алга болно. Ажилчдынх нь цалин, татварын орлого багасна. “Баянгол” зочид буудалд Хонгорын Батаа хорин мянгаар хонохгүй, Хонконгийн Браун бууна. Тэнд үнэ төлбөр, үйлчилгээнийх нь чанартай уялдсан ханш хүчинтэй, өөрийнх нь хэрэглэгч л байрлана. Зуун айлын “Сарьдаг Алтай”, Баянхошууны “Баялаг хонгор” зочид буудалд мэдээж американо кофе, грек салат, зуун долларын ор байхгүй. Банштай цай, цуйван илүү гүйлгээтэй. Үйлчилгээ, үнэ харилцан шүтэлцээтэй. Эрэлт хэрэгцээ, худалдан авагч сегмент нь үнэ тогтооно. “Сентрал тауэр”-ын нэгдүгээр давхрыг “LV”, “Zegna” түрээслээд дэлгүүрээ нээсэн болохоос Монголын компанийн мэдлийнх ч биш юм байна. Ямар нэг юм болоод ад үзээд байвал ийм брэндүүд хэдэн хувцсаа эвхэж хайрцаглаад л гараад явчихна. Үр дагаварт нь чөлөөт худалдааны эсрэг орон гэж зарлагдана.
Төрийн гаргаж өгдөг зөвшөөрөл нэртэй элдэв хориглолт, эрээн цаасыг дэмжлэг гэх үү, гүйх нохойд гүйхгүй нохой садаа гэж нэрлэх үү? Улсын Махкомбинатаас хувийн “Махимпэкс” илүү ажиллана. Хувийнх нь мээнээжмээнттэй, улсынхад норм, төлөвлөгөө гаргаж, гавшгайч бригад, социалист уралдаан зохион байгуулж, намын хороо хуралдаж, ханын сонин дээр матарлаж шийтгээд ч хэзээд гүйцэхгүй. Данхны их бие үйлдвэрлэдэг бригад, цорго хошуу угсрах цехтэй уралдаад ч нэмэргүй. Нэг бол цоргогүй данх, нөгөө бол данхгүй цорго гарна. Энэ бүхэн мэдээжийн зүйл боловч ерэн оны ардчилсан хувьсгалд оролцогсод өөрсдөө төрөөс хувьд шилжүүлэх, чөлөөт зах зээл, чөлөөт үйлдвэрлэл, чөлөөт худалдааны төлөө жагсаагүй юм шиг болж хувираад байхаар арга буюу бичиж байна. “Макдоанльдс” Монголд орж ирэх сонирхлоо зургаан жилийн өмнөөс илэрхийлсэн. Хөргүүртэй, тусгай чингэлгийн машинаар бүх зүйлээ зөөдөг нөхцөл нь хангагдахыг хүлээж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл шороо тоосон дунд сэгсчүүлэх биш засмал замаар жирийлгэнэ, эрүүл ахуйн шаардлага нь тэр. Хүнс, түүхий эдээ татах зам, дэд бүтэцгүйгээс болоод хүлээж байгаа. Энэ замыг хатуу хучилттай болгох нь Зам, тээвэр, хот байгуулалтын салбарын ажил. Сайд нь Х.Баттулга. Эзэн Чингис хааны нэрээр овоглосон нисэх буудлаа харцгаая. Такси үйлчилгээ ямар түвшинд байна вэ? Нисэхэзс нааш хот руу ортол өндөр дээд хэмжээний зочид олон улсын бартаат замын тэмцээнд оролцож байгаа мэт сэгсчүүлж өгнө. Хийх боломж байсан уу? Байсан. Хийгээгүй л байна.
Төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ түүхийгээр нь 70 доллараар зарах гэрээ хийсэн бол хувийн хэвшлийг яагаад буруутгах ёстой вэ? Тавантолгойн төрийн мэдлийн ажил дэндүү удаан явж байна. Төрийн эзэмшлийн талбайд автозам, нүүрсээ угааж баяжуулж, үнэ цэнэ нэмдэг үйлдвэр засварын төв, орон сууцны хороолол, цахилгаан станц босоогүй. Улсынх нь угааж баяжуулаагүй түүхий нүүрс зарж байна. Хувьцааны үнэ ханш хэр байх нь төслийн явц, үр дүн, хийсэн дэд бүтэц, схем, механизм, санхүүжилтийн түүх, менемжемент, товчхондоо зөвхөн нөөцийн биш төслийн үнэлгээ юм. Хүү өндөр, хугацаа багатай арилжааны зээлээр биш илүү хямд мөнгө босгож төслөө, хэрэгжүүлж байгаа л санхүүгийн механизм. Тавантолгойн талбайн дөрвөн хувь болсон Ухаахудагийн хувьцааны үнэ ажлаа дөнгөж эхлээд байгаа хийснээсээ хийх нь хамаагүй их хүлээгдэж байгаа улсын мэдлийнх нь яг адилхан үнэтэй байх ёстой гэх нь өнөөх долоо хорийн хиамтай байснаар ойлгохыг тулгаж байна.
Газрын талбайн хэмжээг мээтрлэж хэмжээд адилтган үзэх дөрвөн аргын тоогоор боддоггүй. Газар дээр нь юу хийсэн, нүүрсээ түүхийгээр нь хямдхан зарж байна уу, угааж баяжуулан үнэ нэмж чадаж уу, түнш нь, хөрөнгө оруулагч, оператор, зөвлөх компанийнх нь нэр төр нь, барьсан босгосон дэд бүтэц нь, менежмент нь, тоног төхөөрөмж нь бүгд тооцогдож байж үнэлгээ нь гарч ирнэ. Энгийн жишээгээр бол гэрэл цахилгаанд холбогдсон эсэхээсээ хамаараад хашаа байшин өөр үнэтэй байдагтай адилхан эд. Худаг, автобусны буудал, дэлгүүр, сургуульдаа ойрхон, гэрэл цахилгаантай хашаа эзгүй газар дээр барьсан ханхай хоосноосоо үнэтэй байдаг. “Хувийн хэвшлийн хийж бүтээж чадаж байгааг хараад төрийн өмнөөс ичиж байна” гэж шударга хэлснээрээ харин өнөөдөр Н.Алтанхуяг ад болж байна.
Хорин нэгэн жилийн өмнө юут өөрчилж, юуны төлөө ардчилал эхэлснийг хоёр арван жилд мартах хугацаа мөн үү? Муу л бол хойд хар овоохой гэгчээр “Алтангадас”-ыг харлуулаад өгвөл улс төрд базари авдаг гэх аман мэх тэгж яривал бүгдийг нь “Иппон”-оор ялагдуулах арга болж мэднэ. Хамгийн хүчтэй, багаар ажиллах чадвартай, бас ч гэж эмч, багш, математикч, физикчид голдуу цугласан үзэл бодлын нэгдэл бол “Алтангадас”. Хүссэн ч эс хүссэн ч “Алтангадас” чигийг зааж л байна. Сэтгэлд цог байвал тулганд гал олдоно гэдэг үг “Алтангадас”-ын уриа юм. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг ард түмний ухаан юм. Бас мэхт мэхэндээ гэдэг бил үү?
АН-ын гишүүн АЛТАНХУЯГ
URL: