Ө.Энхтүвшин хэн нэгний захиа даалгавраар хөдөлж, хөнгөнөө хүндээс өгөх хүн мөн үү
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин пүрэв гарагт намын журмын нөхөддөө хандаж захидал илгээж, Монголын Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурал, Удирдах зөвлөлийн түвшинд өрсөлдөхөө мэдэгдлээ.
Хэн нэгэн, эсвэл хэсэг бүлгээс бус өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаа тохиолдол энэ. Угаас тэр парламаентад суусан таван удаагийн сонгуулийн хугацаандаа бүлэглэл фракцид харъяалагдаж байгаагүй. Үүнийг нь зарим хүн төвийг сахигч хэмээн нэрлэсэн байна билээ.
Энхтүвшинг намын дарга байхад хэсэг хүн өргөх бичиг өгчээ. Уг өргөх бичигт “МАН-ын зохион байгуулалтыг өөрчилж, нээлттэй фракцын зарчим руу намаа шилжүүлье” гэсэн байжээ. Мөнөөх нөхөд “Та намын даргын хувьд өдөр бүр ийм олон хүнтэй уулзаад суух хэрэггүй, фракцын дарга нартай л харьцана” гэж ятгасан гэдэг. Тэгэхэд “Би энэ намыг толгойлж байгаа үедээ наадахыг чинь хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж хэлээд тас цохиж байсан гэлцэх юм билээ. Тэгэхээр тэр фракцид угаас аллергитэй нэгэн юм шиг байна. Ийм хүнийг одоо хэн нэгний төлөөлөл гэж харах нь утгагүй байх.
Намын эв нэгдлийг эрхэмлэн, хагарлын эсрэг тууштай тэмцсэн хүний нэг нь Ө.Энхтүвшинг хэмээн журмын нөхөд нь хэлэх юм билээ. Хэрэв МАН үг хэлээ олохгүй алалцан тэмцэлдэх юм бол хохирогч нь Монголын ард түмэн болдогийг тэр сануулдаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэр ч энэ байр сууриа илэрхийлж байсан. Хэдий тийм ч намын эв нэгдэл гэдгээр аливаа болж бүтэхгүйгээ хаацайлагч бас биш юм. Хэлье гэвэл ч хэлчихнэ. Хэнээс ч жийрхээд байдаггүй.
УИХ-ын 1996 оны сонгуульд МАХН ялагдаж парламентэд цөөнх болоход дөчин мянган гишүүн нь хаалга саван гарч одсон. Тэгэхэд гарч явалгүй харин зөрж орж ирсэн цөөхөн хүний нэг нь Өлзийсайханы Энхтүвшин байсан гэдэг.
Сонгуульд ялагдаж, МАН сөрөг хүчний суудалд шилжээд байсан 2012 онд журмын нөхөд нь түүнийг МАН-ын даргаар сонгосон. Энэ үедээ намынхандаа хандаж хэлсэн нэг үг байдаг. Тэр нь “…Эв нэгдлээ урьд урьд урьдынхаас илүү бэхжүүлье. Бие биесээ шүүмжилцгээе, гэхдээ хэмлэхгүй байя” гэх үг. Өөрөөр хэлбэл шүүмжлэх, хэмлэх хоёрын ялгаа, түүний цаадах зорилгыг ингэж хэлсэн хэрэг.
Гэхдээ түүнд хэн нэгэн санал болгоогүй, одоогоор МАН-д ил харагдаад байгаа хоёр хуваагдлын аль нэг талын эрх ашгийг илэрхийлэгч биш. Барагтайд буурь заадаг энэ нөхөр хэрэгтэй цагт хэрэгтэй хүн байх зарчим, итгэл үнэмшлийнхээ төлөө өөрийнхөөрөө шийдвэр гаргаж байгаа нь энэ.
МАН-ын дарга нь шууд ногоон гэрлээр Ерөнхийлөгчид нэр дэвшдэг бичигдээгүй хуультай байсныг анх эвдэж, “Хэнийг Монголын ард түмний дийлэнх олонхи дэмжихээр байна, тэр хүнийг нэр дэвшүүлнэ” гэж 2013 онд намын дарга байхдаа ил тод зарласан. Энэ бол хатуу ч гэлээ зарчмын чухал байр суурь байсан юм.
Одоо тэр харин Ерөнхий сайдад өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна. Энэ алхмынх нь төлөө хэн ч гайхаж эргэлзэхгүй, шүүмжлэхгүй. Товчхондоо бол хүлээн зөвшөөрч байгаа нь тэр. Ийм хэмжээний капитал хуримтлуулсан хүн мөн үү гэвэл, яриангүй мөн. Гэхдээ түүнд хэн нэгэн санал болгоогүй, одоогоор МАН-д ил харагдаад байгаа хоёр хуваагдлын аль нэг талын эрх ашгийг илэрхийлэгч биш. Барагтайд буурь заадаг энэ нөхөр хэрэгтэй цагт хэрэгтэй хүн байх зарчим, итгэл үнэмшлийнхээ төлөө өөрийнхөөрөө шийдвэр гаргаж байгаа нь энэ.
Мэргэжлийн Засгийн газрын тэргүүнийг М.Энхболдын хүн хэмээн хардаг байсан. Хэрэв өөр хэн нэгэн Дорж намын дарга байсан бол Ж.Эрдэнэбатыг бас л Доржийн хүн гэж нэрлэх байсан биз. Бидний араншин юм уу, угаас улстөрд нэг иймэрхүү хардах жишиг яваад байдаг.
Яг энэ маягаараа Ө.Энхтүвшинийг одоо зарим нэг нь М.Энхболдын даалгавараар нэрээ дэвшүүлж байна гэцгээх байх. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг заавал хэн нэгэнд хамаатуулж харах гээд. Хэн нэг даргын захиа даалгавар, дохио зангаагаар хөдөлж, хөнгөнөө хүндээс өгөх хүн тэр мөн үү. Ер нь ч хямсгар, өөртөө итгэлтэй эр бардуухан талдаа хүн шиг л харагддаг юм шүү дээ. Харин ч эсрэг утгаараа М.Энхболдыг энэ парламент анхны хуралдаанаа хийсэн өдрөөс л шүүмжилж эхэлсэн “эсэргүү” биш бил үү.
2016 оны долоодугаар сард шинээр сонгогдсон парламент анхны хуралдаанаа хийж М.Энхболдыг даргаараа сонгосон. Энэ хуралдаан дээр тэр намын даргадаа хандан “МАН-ын дарга УИХ-ын даргаар сонгогдож буйг би хувьдаа дэмжихгүй байна. Ялсан намын дарга Ерөнхий сайд болж сонгуулийн амлалтаа хэрэгжүүлдэг, фронтын тэргүүн эгнээнд явдаг л байх ёстой” гэсэн сануулга өгч эсрэг кноп дарж байсан юм. Даргаа ингэж тэргүүн фронт руу түлхсэн хүн түүнээс өөр үгүй.
Одоо “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе, аймгийн төвийн хажууханд сум байх ямар ч шаардлагагүй, нийтдээ 70 орчим сумыг татан буулгах боломжтой, төрийн байгууллагууд олон тэрбум төгрөгөөр хот, хөдөөгүй том том байр барьж эзэгнэх болсон. Бөөн зардал. Төрийн байгууллагуудыг байр савны хувьд нэгтгэх хэрэгтэй. Суларсан байгууллагуудыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг болгоё гэхчлэн хойно хойноосоо цуварсан санал сануулга, шүүмжлэл түүний амнаас дуулддаг.
“Нэг үгтэй, нэг нүүртэй байх ёстой шүү. Сонгуулийн өмнө нэг зүйл яриад дараа нь өөр юм ярьдаг байж болохгүй” гэхчлэн намынхандаа хаягласан хатуу хөтүү сануулгыг хаяа нэг хэлчихээ юман чинээ бодохгүй. Ямар сайндаа түүнийг “65 бүлгийн доторхи сөрөг хүчин” хэмээн нэрлэж өмнөх парламентын үеийн Р.Амаржаргалтай адилтгаж байв гэж.
Улстөрд удсан хүн гэхэд тэр сүүдэргүй мөртэй хүн. Өөртөө итгэлтэй байх нэг уг сурвалж нь түүний энэ нэр цэвэр, мөр тэгш байсан амьдралынх нь он жилүүд биз ээ.
URL: