Дархлаатай үхэр шүлхий тусаж, вакцины чанарыг шалгалаа
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Серкболтой ярилцлаа. Өнгөрсөн долдугаар сард шүлхийн улмаас тэрбээр 17 үхрээ устгуулсан юм. Тэрбээр холбогдох албаныхан малаа дархлаажуулалтад хамруулаагүй хэмээн буруутгасанд гомдож буй ажээ.
-Малдаа вакцин хийлгээгүй өвчин дэгдээсэн гэх шалтгаанаар танд хариуцлага ногдуулна гэж байсан. Ямар арга хэмжээ авсан бэ?
-Арга хэмжээ аваагүй ээ, үхрүүдийг минь л устгасан. Харин нөхөн төлбөр өгөхгүй гэсэн. Хаана хэнд хандахаа мэдэхгүй л байна.
-Таныг шүлхийн голомтоос нүүж ирээд шүлхий дэгдээсэн гэдэг. Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд хэзээ нүүж очсон юм бэ?
-Би шүлхийн голомтоос тэнд нүүж очсон юм биш. Манайх Хан-Уул дүүрэгт аж төрдөг. Сургууль тарахаар хүүхдүүдээ аваад Шижирийн аманд зусдаг юм. Тэр жишгээрээ өнгөрсөн зургадугаар сард тийшээ нүүж очсон. Тэгээд ч манайх нүүж очоод шүлхий дэгдээсэн юм биш. Биднийг очихын өмнөхөн тэнд шүлхий гарсныг нуучихсан юм билээ. Манайхаас гадна долоон айлын үхэр өвчилсөн шүү дээ. Би хувьдаа гомдолтой байгаа.
-Яагаад гомдолтой байгаа гэж. Малдаа вакцин хийлгээгүй нь таны буруу биз дээ?
-Би өнгөрсөн дөрөвдүгээр сард үхрүүддээ вакцин хийлгэсэн юм. Гэтэл хоёр сар гаруйн дараа шүлхий тусчихсан. Вакцины үйлчилгээ хэр хугацаанд үргэлжилдгийг мэдэхгүй. Гомдлоо хаана, хэнд гаргахаа ч мэдэхгүй явна гэв.
Вакцин хийлгэсэн үхэр шүлхийгээр өвчилсөн тохиолдол ганц үүгээр тогтохгүй. Өдгөө Төв, Дундговь Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн арван сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий гарч, тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Төв аймгийн иргэн Г өнгөрсөн гуравдугаар сард үхэртээ вакцин хийлгэсэн ч шүлхий туссан хэмээн гомдоллов.
Он гарснаас хойш нийтдээ долоон аймгийн 27 сум, нийслэлийн хоёр дүүрэгт энэ өвчин гарч, 6000 гаруй мал устгажээ. Гэвч арав хоногийн өмнө вакцин дуусаж, холбогдох албаныхан “Орос тусламжийн вакциныхаа төгсгөлийг 2018 онд өгнө гэдгээ мэдэгдсэн” гээд Засгийн газарт “Төсвөөс мөнгө гаргаж вакцин авахгүй бол шүлхийг дийлэхгүй нь” хэмээн хошуу дэвсэж сууна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ыг шаналгасны хүчинд тэд тусламжийн 200.000 тун вакцинаа илгээх хугацааг гурав хоногоор наашлуулж, 25-нд өгөхөөр болжээ.
Устсан өвчний тоонд хэдийнэ орсон шүлхий “өндрөө авч” буйг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. “Төсвийн хөрөнгийг завшихийн тулд зориудаар тараадаг”, “Шүлхий туссан малаа газарт булснаас болж дэгдэлт нь буурдаггүй”, “Вакцин нийлүүлэх нэрээр төсвийн мөнгийг “цохидог” бүлэглэл бий” гэсэн таамаг иргэдийн дунд хамгийн түгээмэл. Хачирхалтай нь, “Шүлхийн вакцин мөнгөжих том боломж” гээд өнгөрсөн жилүүдэд хугацаа нь дууссан, чанаргүй вакцин нийлүүлж байсан тухай олон хүн өнөө жил ярьж, хэлж байлаа. Тэгвэл үүнийг өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэг улсаас авчирсан вакцин нотолчихлоо гэхэд буруудахгүй нь. Учир нь энэ вакциныг хийлгэж, өвчлөхгүй гэж итгэсэн мал нь халдвар авч, хохироод буй Б.Серкбол шиг хүн олон.
ЭЦА, АТГ зэрэг хууль хяналтынхан вакцинд анхаарлаа хандуулж, түүнийг нийлүүлсэн компаниудыг өнгөрсөн оны есдүгээр сард зарласан тендерт хуулийн дагуу шалгарсан, эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Харин МХЕГ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ), Мал эмнэлэг, үржлийн газар (МЭҮГ)-аас вакцины чанарыг шалгаж эхэллээ. МЭҮГ-ын дарга П.Ганхуяг энэ талаар “Энэтхэгээс авчирсан вакциныг зургаан сая малд тарьсан. Өнгөрсөн хавар үлдэгдлийг нь аймгуудад тарааж, дархлаажуулалт хийсэн.
Манайд вакцинтай холбоотой гомдол ирсний дагуу бид өнгөрсөн тавдугаар сард ЭЦА-нд шалгуулах хүсэлт гаргасан. АТГ-т ч хандсан. Гэвч одоо хүртэл шалгалтын хариу ирээгүй байна. Мөн вакцины нийцлийг шалгуулахаар УМЭАЦТЛ болон Английн лабораторид хандсан. Долоо болон наймдугаар сард Англиас “Эцсийн хариу хэлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Харин УМЭАЦТЛ-ийнхон тандалт хийхэд “Вакцины дархлаа тогтоох чадвар эхэн үедээ 70-90, төгсгөлдөө 30 хувьтай байна” гэж гарсан байна лээ.
Вакцин тарьснаас хойш зургаан сарын турш дархлаа тогтоодог учир сүүл рүүгээ идэвх нь сулрах нь дамжиггүй. Бид энэ асуудлыг бушуухан шийдүүлэх хүсэлтэй байгаа. Ингэхийн тулд ЭЦА-ны мөрдөгчийг ч өөрсдийн зардлаар орон нутагт ажиллуулсан. Хууль, хяналтын байгууллага хариуцлага алдсан хүнд нь арга хэмжээ авна биз. Хамгийн чухал нь вакцины нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй болоод байна” хэмээв.
Дээрх ярианаас холбогдох албаныхан хагас жил орчмын өмнө вакцин дархлаа тогтоож чадахгүй байгааг мэдсэн гэдэг нь тодорхой боллоо. Гэвч өдий хүртэл ямар шалтгаанаар арга хэмжээ аваагүйгээ тайлбарлах албан тушаалтан алга. Олонх нь “Тендер будлиантуулсан уу, мал эмнэлгүүд вакцины чанарыг алдагдуулсан уу гэдгийг шалгаж байгаа. Вакцины чанар муудсанд хэн ч буруутай байж мэднэ. Малчид хариуцлагагүй. Мал нь өвчилбөл өөрсдөө дур мэдэн эмчилдэг. Вакцин хийлгэхдээ хойрго. Юутай ч хуулийн байгууллага хариу өгөхийг хүлээх нь зүйтэй” хэмээн ам таглаж байна. Уг нь өнгөрсөн онд мялзан дэгдэх үеэр, түүний өмнөх жилүүдэд шүлхийн вакцины үйлчилгээ тааруу байсан нь нотлогдсон гашуун сургамж бий.
УМЭАЦТЛ-ийнхон Ховд, Баян-Өлгий аймгаас тандахаар авчирсан дээжийг шинжлэхэд вакцины дархлааны идэвх тэг, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийнх 5-45 буюу “дархлаа тогтоох чадвар хангалтгүй” гэж гарсан талаар эх сурвалж мэдээлэв. Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон есөн дүүргийн 21 мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг НМХГ-аас шалгахад урагштай хариу гараагүй байна. Лацыг нь нээсний дараа 24 цаг дотор хэрэглээгүй, өөрөөр хэлбэл, чанараа алдсан вакцинаар мал тарьсан нь нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тарих ёстой тунг бууруулсан зэрэг зөрчил илэрсэн аж.
Мал аж ахуйн салбарт олон жил ажилласан нэгэн хүн “Халдварт өвчний дэгдэлт төрийн байгууллагын хайрамжгүй байдал, овжин нөхдийн заль мэхнээс үүдэлтэй. Манай улсын вакцинжуулах малын төрөл, тоо нь тодорхойгүй, байнга зөрдөг. Бүр захиалах вакцины тоо нь дөрвөн жил ижил байсан удаатай. Хар ухаанаар бодсон ч мал үхэж хорогдож, өсөж, үрждэг байхад өөрчлөгдөөгүй нь хариуцлагагүй байдалтай холбоотой биз дээ.
Үнэндээ улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх салбаруудын нэг мал аж ахуй цөөн хэдэн хүний бизнесийн талбар болчихоод байна. Шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой байхад төр дэмждэггүй. Шалтгаан нь чанаргүй, хямд вакциныг өндөр үнээр худалдаж авах шүү дээ. Энэтхэгээс авчирсан вакциныг шалгаж, буруутай этгээдэд хариуцлага ногдуулна гэж сүржигнээд л байна. Гэхдээ буруутан нь олдохгүй л дээ” хэмээсэн юм.
Өнгөрсөн жилүүдэд чанаргүй вакцин оруулж ирсэн гэх маргаан цөөнгүй гарч, авсныгаа буцааж байсан түүх бий. Тэр бүрт “Вакцины нийлүүлэлтэд анхаарна. Буруутай этгээдэд хариуцлага ногдуулна” гэдэг байсан ч арга хэмжээ авч байсан удаагүй. Үүний үр дагаварт нийслэл хот онц байдалд шилжиж, иргэд хэдэн мянгаараа хорионд орсон. Гадаадын улсад мах экспорлох зорилт ч мөрөөдөл болоход хүрлээ.
Г.Баярцэцэг
Өнөөдөр сонин
URL: