У.ХҮРЭЛСҮХ БОЛ ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД БИШ
Өчигдөр (2017.09.13) хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл намын ээлжит бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулахаар тогтов. Энэ хурлаар эрх баригч нам дараагийн Ерөнхий сайдыг тодруулах юм. Парламентад хэт олонхийн суудалтай МАН-ын УИХ дахь бүлэг Засгийн газраа огцруулсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулт олон хүнийг “нойргүйдүүлж” байгаа бололтой юм.
Удирдах зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүй эхэлсэн шинэ долоо хоногийн эхний өдрөөс дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, хэн болох вэ гэсэн таамаглалууд мэдээллийн хэрэгслээр гарч У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Н.Энхболд нарын нэрс дуулдаж байна.
Гэвч Удирдах зөвлөлийн хуралдаан дээр 25-нд хуралдах Бага хурал дээр Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэснээс биш ирээдүйн Ерөнхий сайд хэн болох тухай асуудлыг огт хөндөгдөөгүй байна. Тиймээс өнөөдөр яригдаж байгаа нэрс хэн нэгний зохион байгуулалттай тараасан “бор шувуу” болж таарч буй аж.
МАН-ын гишүүд харин энэ цуурхалыг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг тарааж байгаа. Энэ нь түүний “Топор” ажиллагааны II хэсэг хэмээн үзэж байна. Болоогүй хурлын өмнө Ерөнхий сайдад горилогчдыг тодруулж, олны анхааралд оруулж аваад өөрөө өөрийгөө тагнаж, чагнасан онигоогоо мартуулна гэж тэр үзэж байгаа бололтой.
Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас өмнө шинэ Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг хэлэлцсэн уулзалт тус намын томчуудын дунд хэд хэд болсон нь үнэн гэнэ. Гэхдээ эдгээр уулзалтаар ч, Бага хурлын гишүүд ч “Энэ удаа намын дарга, Ерөнхий сайдад залуучуудаа сойх нь зөв. Одоо тэдэнд итгэл үзүүлэх цаг болсон. Гэхдээ залуучууд дундаас сонгох хүн нь У.Хүрэлсүх бол биш юм байна” гэсэн байр суурьтай болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Түүгээр ч зогсохгүй саяхан л Засгийн газраа огцруулна хэмээн У.Хүрэлсүхийн шахалт, хүсэлтээр гарын үсэг зурсан УИХ-ын 30 гишүүн ч “У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш” гэсэн хандлагыг гаргаж, үндсэндээ “Топор” нэрээр алдаршаад байгаа Шадар сайдаас нүүр бууруулжээ.
У.Хүрэлсүхийн алдаа
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа урваж, сөрөг хүчнээс нэр дэвшсэн Х.Баттулгыг дэмжин ажилласан нь ил болоод байгаа. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гурван минут үргэлжилсэн найруулагч Б.Баатар, У.Хүрэлсүх нарын тасралтгүй инээлдэх яриа бүхий бичлэгт хураагдсан,
Б.Баатарын: “Ерөнхийдөө бол таны ялалтын 40-50 хувь нь Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэднийг бол арчих ёстой байсан”
У.Хүрэлсүхийн: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуулья гэж ярьсан. За яахав, нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо” гэсэн үгс МАН-ын гишүүдийг байтугай олон нийтийг цочоосон юм. Сөрөг хүчинтэйгээ сэм нийлсэн Шадар сайдын энэ үйлдэл нь У.Хүрэлсүхийг түүний гарт хэзээ нэгэн цагт зөнгөөрөө хүрээд ирж мэдэх байсан “МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдын суудал”-аас нэг мөсөн салгаад тавьчихав бололтой.
“Тoпор” биш Женко МАН-д засаглана
Сөрөг хүчин, түүнээс төрсөн Ерөнхийлөгчтэй У.Хүрэлсүх нууцлагдмал хэлхээ холбоотой байсныг илчилсэн энэ үйл явдал МАН-ын гишүүдийг их багагүй Шадар сайдаас болгоомжлоход хүргэжээ. Хэрвээ У.Хүрэлсүхийг намын дарга бөгөөд Ерөнхий сайд болгочихвол энэ намд У.Хүрэлсүх биш Женко засаглана гэдгийг олж харахад нэг их олон нүүдэл бодох ч хэрэггүй юм.
У.Хүрэлсүхийн хамгийн том алдаа утасны ярианаас гадна Женкогийн фанатуудын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн халуурлыг бодоход л хангалттай. Жишээ нь тэдний олон нийтийн сүлжээнд “Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН дахь эх орончид хуваалцах эрхтэй гэж үзэж байна. Тэд л өөрийн нам дахь бузар булай, бохир заваан бүхнийг илрүүлж, лэнд-лизээр Х.Баттулгын штабт илгээж байсан юм. Дараалсан үргээлгүүд сонгуульд ач тусаа өгсөн. Тэр эх орончдын дэмжлэгийг бид мартаж болохгүй юм!” гэх мэтчилэн цацсан сэтгэлийн хөөрлүүд одоо ч твиттер, фэйсбүүкийн гудамжинд хөглөрч л яваа.
Парламентад 65 суудалтай эрх баригч нам сөрөг хүчиндээ дөрлүүлээд, тариалангийн талбайд анжис чирч яваа үхэр шиг зүтгэнэ гэдэг яаж ч бодсон гутамшиг. Иймдээ тулчихвал 2020 оны УИХ-ын сонгуулийг мөрөөдөөд ч хэрэггүй. Одоо намаа тараачихсан нь нэрэнд цэвэр. Тэд үүнийгээ бодолцоо байлгүй.
Хүчнийхнийг “УВС” нам атгана
Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхээс зайгаа авсан байдалтай байна. Энэ нь У.Хүрэлсүхийн хувьд гамшиг нүүрлэсэнтэй ижил хэрэг болж байна. Женко У.Хүрэлсүхээр гоё гуйлгаж, түүнийг гүйлгэх гэсэндээ ч биш. Кино зөвлөх Б.Баатарын бичлэг ил болж, МАН-аас акул “суйлсан” хэрэг нь ил болмогц эрх баригчдаас бас ч гэж жийрхсэн Х.Баттулга “Топор”-ыг танихгүй, мэдэхгүй царай гаргах болсон талаар эх сурвалжууд ам алдаж байна.
Хүнд байдалд орсон У.Хүрэлсүх нам дотроосоо дэмжих хүмүүсийг хайсаар Ц.Нямдорж дээр тулаад зогссон. Ц.Нямдорж “Топор”-ыг Ерөнхий сайд болгох тохироог Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх Н.Алтанхуягтай ханьсаж хийхээр зорилго нэгдсэн мэдээлэл Төрийн ордноос дуулдаж байгаа юм. Тэд бол монголын улс төрд нам дамжсан бүлэглэлийн анхны шанг татсан УВС намаар холбогддог хүмүүс гэдгийг улстөрчид мэднэ.
Түүнээс биш Женког харахаараа хэзээний толгойтой үс нь босчихдог Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн өргөө рүү гүйх хүн биш. Өш хонзонтой мэт харилцаатай Женкогийнх нь учрыг нутаг нэгт Н.Алтанхуяг төвөггүй олчих учраас тэд ийм гарцан дээр нэгдсэн гэсэн хардлага үүнийг дагаад үүсчээ.
Ингээд хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд болвол Женко МАН-д засаглаж, хууль хүчний байгууллагыг УВС нам атгаж эхэлнэ гэсэн тохироо ч хийгдсэн гэх мэдээллийг МАН-ынхан авчихаад байгаа аж. Намын Бага хурлаас өмнө гишүүдийн дунд “МАН ийм урвагчийг арай ч Ерөнхий сайд болгох болоогүй” гэсэн байр суурь давамгайлж эхэлсэн сураг дуулдав.
Өөрийгөө тагнаж муур хулгана болсон “тэнэг PR”
У.Хүрэлсүхийн өнөөдрийн бүх бүтэлгүйтэл намын дарга, Ерөнхий сайд болохын тулд эхлүүлсэн өөрийгөө тагнаж, чагнасан гэх дуулианаас эхтэй. Адал явдалтай кино, ном зохиолыг ядмагхан дууриасан “тэнэг PR” нь нотлогдчихоод эзнийгээ олны өмнө хэсэгтээ гарах эрхгүй болгожээ. Тэр өнөөдөр хичнээн ч удаа өөрийгөө буруугүй гэж хэлсэн ч итгэх хүн үгүй болж. Бүх асуудал баримтаар тогтоогдсон байгаа гэвэл үнэнээс хазайхгүй болов уу.
Засгийн газрыг огцруулахаас өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдсан. Мөн УИХ ээлжит бус чуулганаа хааж байгаад Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлт, байр суурийг сонссон байгаа. Гэвч У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэргийн талаар хэн ч ам нээхгүй байна. Энэ нь улсын нууц гэсэн үгээр хаацайлагдаж буй аж.
Гэхдээ У.Хүрэлсүхийн “гэнэн хонгор” хэргийн талаар зарим нэг хүн ам алдсан байгаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тусгай хяналтын дэд хорооны хурлаас гарч ирээд (2017.09.07) “АТГ-аас өгсөн тайлбарын хүрээнд хэлж байна. Шадар сайд өөрийгөө тагнуулсан гэдэг хэрэг баталгаажсан” хэмээн мэдэгдсэн бол яг энэ өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ээлжит бус чуулганы хуралд оролцохынхоо өмнө “Шадар сайдын асуудал Засгийн газрыг огцруулах асуудалд нөлөөлөхгүй” гэсэн байдаг.
Мөн өдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан ээлжит бус чуулганы хуралдаан дээр “Асуудлууд тодорхой болж байна. Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонслоо. Зарим зүйлүүд ойлгогдлоо. Төрийн байгууллагууд чиглэл өгч, тагнаж мөрдөөгүй юм байна” хэмээн хэлсэн байгаа. Тэдний үг У.Хүрэлсүх энэ хэргийг өөрөө зохион байгуулсан гэдэгтэй агаар нэг сонсогдож буй. Харин хэргийн эзэн намынхаа нөхдөд “үүнийг зүгээр л марчихаач” гэж үг алдсан талаар Төрийн ордонд яригдаж байна.
У.Хүрэлсүхийн тухай архив
Хэвлэлийн шарласан хуудсыг сөхөөд харвал болж өнгөрсөн үйл явдлын баримтууд халуунаараа хадгалагдаж үлдсэн байдаг. Эдгээр архивын нэг болох Зууны мэдээ сонины 2014 оны арваннэгдүгээр сарын 7-ны дугаараас иш татаж байна. А.Хуягийн “У.Хүрэлсүх эргэн ирэхийн учир” гарчигтай тус нийтлэлд
“…Цаг нь болоогүй байхад намынхаа нэрийг сольсноор намаа хоёр хувааж ялагдуулсан гэдэг ял зэм түүнийг байнга дагалддаг. Намын их хурал дээрээ “Намын нэр сольсноор 2012 оны сонгуульд ялагдвал бүх хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн томорч, цаг нь арай болоогүй юм биш үү хэмээсэн нөхдөө урвагч хэмээн цоллож, заримыг нь намаас хөөж байсан түүхтэй. Намын нөхөд нь ажил ч үгүй, мөнгө ч үгүй лааз өшиглөж АТГ-т дуудагдан баргар царайлж байсан хүндхэн үед мань эр гадаад руу одож, түрийвч нимгэнтэй хүн тэр бүр очоод байдаггүй Австралийн эрэгт тухалснаар сураг тасарсан” хэмээн түүний талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.
Мөн үүнээс гадна У.Хүрэлсүхийг 2012 онд Сонгуулийн хуулийг ашиггүй батлуулж МАН 2012 онд ялагдахад гол үүрэг гүйцэтгэж АН-д гавъяа байгуулсан. Онгироо, овилгогүйг өгүүлсэн мэдээллүүдийг олж үзэж болох юм.
Т.ГАРЬД
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
оффшорын эсрэг үнэн ялсан тэмцэж чадсан шудраг эрчүүдээс ЗГ толгойлуулж шинэчлэх хэрэгтэй. Миний бодлоор Хүрэлсүхийг сонгоод 2021 онд нь Нямдоржийг өрсөлдүүлэх хэрэгтэй эртнээс нүхээ ухая
харин ч Хүрэлсүхээс өөр тохирох хүн байхгүй. Даварсан оффшорчидын буулгаж зөв байранд нь оруулж байгаа хүн шүү дээ. Хүрэлсүх гарахгүй бол өөр гарах хүн алга
Yunii tuld udiig xvrtel temtsleedee Xvrelsvx garax l xeregtei shde. Xvrelsvx darga bolwol adgiin naad zax ni awilga bagasgana. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag xvmvvs baixgvi bolno.
Хүрэлсүх Ерөнхий сайд болохгүй юм бол ӨӨР ХЭН гэж… МАНАНГИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ, ТЭДЭНД АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЗОРИГТОЙ, ЧАДАЛТАЙ ААВЫН ХҮҮ ХҮРЭЛСҮХЭЭР ӨӨР БАЙГАА ЮМ БОЛ ГАРААД ИР. ЕРӨНХИЙ САЙДАД ДЭВШҮҮЛЬЕ.
өнөөдрийн байдлаар ХҮРЭЛСҮХЭЭС ӨӨР ХЭН БИШ……………..