“Туг тахих” хүн олон болох нь ээ

Хөхөө галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэгчээр Н.Удвал хатагтай Ц.Шинэбаяр гишүүний хөлд жинхэнэ утгаараа чирэгдчихэв ээ,

хөөрхий. Сүүлдээ бүр толгой хорогдох  нам ч үгүй болов. Гэхдээ хэдэн жил ам тостож, амьдрал залгуулсан юм хойно энэ газраас хөөгдөхдөө элэг нь харлаж, толгой нь эргээд яаж зүгээр гарах вэ. Хүн амьтан ч муу хэлэх байлгүй. Ганц ч гэсэн хань бараатай явах гэсэн дээ Ю.Атар, Б.Туяа нарыг ямар ч байсан аваад “мордов”. Тэгээд ч зайлуул энэ хоёр нь хүний үгээр,номхон даруу амьтад.

Харин сонсоод байх нь ээ дээхнэ үед хувьсгалын эсэргүү гээд бөөн бөөн хүнийг цааш нь харуулаад байдаг шиг энэ үед эл эрхмүүд МАХН-ын түр штаб гээч юм байгуулан “тогоон” дотроо хагалан бутаргах оролдлого хийх болсоор багагүй хугацааг үдэж байгаа юм гэнэ. Түүгээр ч зогсохгүй тус түр штабынхан Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6-д заасан “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж буй юм гэнэ.

Уг нь жинхэнэ “ориг” нь буюу Монгол Ардын намын удирдлагууд Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа нартай удаа дараа уулзан холбогдох хуулиуд болон намын дүрмийн хэм хэмжээг сахихыг анхааруулсаар байхад зөрчсөөр байгаа нь намаас гарсанд тооцох үнэслэл болж байгаа аж. Тиймээс Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн ямар ч аргагүй энэ шийдвэрийг хийхэд хүргэсэн байна. Тодруулбал, тус хуралдаанаар улс төрийн намын тухай хуулийн 15.6, Монгол Ардын намын дүрмийн 1.5.4,4.2.5,4.2.9 дүгээр заалтуудыг зөрчсөн учир 6.1 дүгээр заалтыг үндэслэн Н.Удвал, Ю.Атар нарыг Монгол Ардын намын бүртгэлээс хасч намаас гарсанд тооцох шийдвэрийг нийслэлийн Хяналтын хорооны хуралдаанаас гаргажээ.

О.СҮЛД

NIIGMIIN TOLI


URL:

Сэтгэгдэл бичих