Жэки Чан: Миний толгой дээр нэг нүх бий
Хонгконгийн тулаант киноны нэрт мастер Жаки Чан 63 настай ч киноны аюултай хэсгүүдийг орлон тоглогчгүйгээр өөрөө гүйцэтгэсээр байгаа билээ. Азийн хамгийн алдартай жүжигчин тэрээр 100 гаруй киноны гол дүрд тоглосноос гадна 1980-аад оноос эхлэн дууны цомог гаргаж эхэлжээ. Кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж АНУ-ын Кино академи түүнийг хүндэт “Оскар”-аар шагнасан юм.
Жаки Чан (Chan Kong-Sang) нь 1954 оны 4-р сарын 7-нд Хонконгод Хятадын иргэний дайны үеэр Charles болон Lee-Lee chan нарын хүү болон мэндэлжээ. Түүнийг багад нь Pao-Pao хэмээн хочилдог байсан ба энэ нь их бууны сум гэсэн утгатай бөгөөд тэрээр үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байсан гэнэ. Тэрбээр жүжигчин , найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин юм. Тэрээр авьяас чадвар шаардсан акробатын үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн билээ.
Түүний анхны амжилт гаргасан кино нь 1978 оны Snake In the Eagle’s Shadow бөгөөд Seasonal Film-н бүтээл юм. Энэхүү киноны хошин шог түлхүү оруулснаар үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлсэн. Мөн Согтуу Мастер кино ч амжилттай болсон. 1980 онд түүний анхны Hollywood-н бүтээл Battle Creek Brawl гарчээ.
1982 онд Lin Feng-Jiao гэх Тайваний жүжигчин эмэгтэйтэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон. Мөн тэрбээр Буддын шашинтай, Cantonese , Mandarin, English хэлтэй. 2009 онд Камбожийн их сургуулиас хүндэт докторын цол хамгаалсан.
Энэхүү алдартай хүний хэлсэн сонирхолтой ишлэлээс хүргэе.
Нэр алдар гэдэг ашиггүй бараа. Үнэ ихтэй хэрнээ хурдан мууддаг.
Америкийн орлон тоглогч каскадерууд маш ухаантай. Тэд цаг ямагт аюулгүй байдлын тухай бодон машинтай үсрэх зураг авалттай бол хурд, зай гээд бүгдийг нарийн тооцдог. Харин Хонгконгийн бид тоондоо муу л даа. Зоригоо чангалаад л хийх гэснээ хийчихдэг юм.
Кинонд би нэг зарчмаас хэзээ ч ухардаггүй. Миний нэг ч кинонд сексийн хэсэг байхгүй. Хүүхдүүд намайг яаж секс хийдгийг харвал ой гутаад огих байлгүй.
Нэг эмч надад хандан, “Та өөрийгөө алж байна шүү дээ. Одоо зогсвол дээргүй юу? Намайг та сонсохгүй байж болно. Энэ асуултыг өөртөө нэг тавиад үзээч” гэсэн юм. Би түүний зөвлөснөөр тэр асуултыг өөртөө тавьсан. Одоо хэр юу гэж хариулахаа мэдэхгүй л явна.
Нэг удаа Стивен Спилбергтэй уулзахдаа би түүний “Юрийн галавын цэцэрлэг” кинонд хүмүүс, үлэг гүрвэлүүд холилдон гүйлдэхийг хөдөлгөөнт камераар авсан хэсгийн тухай шагшин ярьсан юм. Тэгтэл тэр, “Жеки, тэр чинь амархан шүү дээ. Бүхнийг компьютерээр хийчихдэг юм. Харин чи “Бурхны хуяг” киноныхоо тэр үсэрдэг хэсгийг яаж авснаа яриач” гэлээ. Би, “Маш амархан. Камераа асаасан, тэгээд үсэрсэн” гэж хариулсан даа.
Цэвэрлэгээ хийх хүртэл бүтээлч үйл явц юм шүү.
“Кока-кола” ууж рэп хөгжим сонссон л бол хүн хэзээ ч уламжлалт соёлдоо эргэн очихгүй.
Миний толгой дээр нэг нүх бий. Тархи гоожиж гарахаас сэргийлэн хуванцар бөглөөгөөр таглачихсан юм. Сүүлийн үед дуу дуулах болгонд тэр бөглөө хэлбэлзэн чичиргэнэдэг болсон шүү.
Намайг мэдрэл муутайгаар дуудаж болно. Тэнэг л гэж битгий хэлээрэй.
Киноны ямар нэг хэцүү хэсгийг авсныхаа дараа би заавал камерт хэрхэн буусныг хардаг. Хүмүүс бүх аюултай хэсгийг орлон тоглогч бус би өөрөө гүйцэтгэснийг мэдэх ёстой. Иймээс ч би киноны төгсгөлд бүтэлгүй оролдлогуудыг мөн харуулдаг. Тулаантай киног үзээд хүмүүс, “Тэр бүх аюултай үйлдлүүдийг өөрөө гүйцэтгээд амьд үлдсэн гээд бод доо” гэж байвал миний хэрэг бүтжээ гэсэн үг.
Камер унтраалттай байхад намайг айдас эзэмддэг. Харин камер ассан л бол би юу ч хийхээс буцдаггүй.
Би дэлхийн хамгийн алдартай эмч болж болох байлаа. Гэвч хамгийн алдартай эмчлүүлэгч л болох шив.
Бага байхад бүгд л ухаантай болохын тулд гахайны тархи идэх хэрэгтэй гэдэг байж билээ. Би ухаантай болохыг маш их хүсдэг байсан болохоор мөн ч их гахайны тархи идсэн дээ.
Мөнгө хэзээ ч хүнийг зөв хүмүүжилтэй болгож байгаагүй.
Гутрахдаа би Брюс Лигийн тоглосон кинонуудыг үздэг.
Би нохойноос гадна маш олон мууртай. Эхнэр минь, “Чи надаас илүүтэй наад амьтдадаа их мөнгө зарцуулах юм” гэж үгэлдэг шүү.
Өөрөөсөө илүү хүн бүрийг би үлгэр дууриал гэж боддог.
Заримдаа би муу хүний дүрд тоглохыг хүсдэг. Тэгвэл намайг алж буй анхны кино гарна шүү дээ.
Хүчирхийллийг үзэн яддаг минь надад заримдаа хүндрэл учруулдаг юм.
Бурхан байдаг бол намайг хүмүүсийг бага боловч аз жаргалтай болгохыг хичээснийг минь бодолцоно гэдэгт найднам.
Times.mn
URL: