Ерөнхийлөгчөө, боловсролын дампуурал яг одоо бидэнд нүүрэлчихээд байна!
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр таны хэлж, ярьж байсан боловсролын дампуурал яг одоо бидэнд нүүрэлчихээд байна! Дунд, ахлах ангийн хөтөлбөр өөрчлөгдсөн гэх нэрийдлээр яамныхан хуучин хөтөлбөр, сурах бичгүүдээ үгүй болгож, хүүхдүүд одоо шинэ ч үгүй, хуучин ч үгүй боллоо. Урдаа тавих сурах бичиггүй хүүхдүүдэд багш нар хичээл заасаар л байна. Энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг ч тэд мэдэхгүй. Багш нар одоо цалингаа л нэмүүлээд авбал боловсролд юу ч болж байсан болгоод, чимээгүй явъя гэж төр засгийнхантай гэрээ хэлцэл хийх гэнэ. Тэдэнд боловсролын алдаа эндэгдлийг засаж залруулах хүсэл үгүй болжээ. Энэ мэтээр манай боловсролын систем өдөр хоногоор доройтож байхад борооны дараах мөөг шиг тэнгэрт тулсан үнэтэй тусгай сургуулиуд хот хөдөөгүй цэцэглэн хөгжиж байгаа нь улсын сургуулиудын чанар чансаа илт дордосныг бэлхнээ хэлээд өгч байна.
Тэгвэл “ОЛОН УЛСЫН” гэгдэх тэдгээр хувийн сургуулиудын ард ихэвчлэн боловсролыг толгойлж байсан сайд дарга нар, тэдний хань хамсаатнууд байх боллоо. Улсын сургуулиудаас хүүхдээ хувийн сургуулиуд руу шилжүүлж буй эцэг эхчүүдэд чанартай боловсрол олгох өөр арга зам үнэндээ олдохгүй байна. Улсын сургуулиуд яагаад ч ингэтлээ сульдан дордох ёсгүй учраас Танд бичиж байна. Боловсролыг өнөөг хүртэл ийм байдалд оруулсан эзэд нь боловсролын эрх баригчдын өнгөрсөн хугацаан дахь үйл ажиллагааных нь үр дүн гэхээс өөр юу гэх билээ? Хэрэв боловсролыг бүхэлд нь хувьчлах төр засгийн бодлого явагдаад байгаа бол олон нийтэд үүнийг нь тодорхой болгох ёстой. Тэгэх ч үгүй байна.
Хүүхдэд багаас нь ингэж илт харилцан адилгүй агуулга, хэлбэрийн боловсрол олгож байгаа нь манайд сурч боловсрох тэгш эрх хангагдахгүйн зэрэгцээ төрөөс боловсролыг үнэгүй олгох үндсэн хуулийн зүйл заалт ч хэрэгжихгүйд хүрээд байна. Үүний үр дагавар янз бүрээр илэрч буйн нэг жишээ нь багш нарын хичээлээс гадуур сурагчдад тусгайлсан хөтөлбөр, үнэ хөлсөөр давтлага, даалгавар өгөх явдал ихэссэн явдал юм. Эрхэлсэн ажилдаа санаачилгатай, боловсролын бодлогын талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай, ил тод ярих зүрх зоригтой, аливааг засаж залруулах гэсэн багш нарын тоо ч цөөрлөө. Багш сурагчдад өнөө маргаашийн амь амьжиргаа нь чухал болохоос тэдний хийе бүтээе гэсэн сэтгэл зүрх нь бөхөж байна. Багш, сурагчдын хувьд энэ мэтээр хүндрэлтэй байдлыг аргацаасан өөр олон арван жишээ баримтаар боловсролын өнөөгийн дүр төрхийг харуулж болохоор байна. Боловсролын мэргэжилтэн, багш нарт тэдний ажлыг сайжруулах гэсэн аливаа нээлттэй, ажил хэрэгч яриа, бодит шүүмжлэл нь дээрээс үзүүлэх хатуу хяналт, хорионд орж, түүнийг тэд давж чадахааргүй боллоо.
Сүүлийн жилүүдэд бүх төрлийн шалгалтын материалыг илт задлах явдал газар авсан. Бусдыг хууран мэхэлж, хуурамч шалгалт өгүүлж, хүүхдийн боловсролыг бодит байдлаас дээгүүр үнэлгээжүүлэх гэсэн увайгүй үзэгдэл ихэнхдээ сонгууль угтсан далд зохион байгуулалттай ажил болоод байна. Ирээдүй, хойч үеэ бодох юм бол энэ нь бидэнд хэзээ ч засаршгүй хор хөнөөлтэй. Энэ бүхэн эцэстээ төр, захиргааныхантай ажлын ямар ч хариуцлага тооцох нөхцөлгүй улмаас үүдэлтэй бөгөөд өнөөгийн боловсролд тулгарч буй бэрхшээл саадыг даван туулах үүднээс Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА танаас бидний энд товч өгүүлснийг анхааралдаа авч, боловсролын системийн шинэчлэлд хойшлуулшгүй бөгөөд тууштай арга хэмжээ авч өгөхийг хүсье!
Р.ЭНХБАТ
URL: