Хүлээлт үүсгэсэн эрх баригчид
Бороо, цас холилдон орж, байгаль цаг уур өвлийн дохиог өглөө. Гантай зуны ургац хураалт, өвлийн бэлтгэл хэр хангагдсаныг үүрэг гүйцэтгэгч Засгаас асуугаад ч амны гарз биз. Малчид, тариаланчид хэрдээ л ургацаа хурааж, өвлийн бэлтгэлийн базааж байгаа байх. Халуун намраар Засгийн газраа огцруулсан эрх баригчид хуулийн хугацааг ягштал мөрдөж, бороо, цасыг үл ажран, албан тушаалын томилгоон дээрээ тохироо хийх гээд тэмцэлдэж байна.
Засгийн газраа огцруулсан МАН-ын үйл хөдлөл олны анхаарлын төвд байсаар. Дараагийн Засгийн газрын тэргүүнээр хэнийг томилох, энэ намыг хэн удирдах гээд дотоодын төдийгүй гадаадын ажиглагчид ч сонжин харж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар 65 буюу үнэмлэхүй олонхийн суудал авсан эрх баригч хүчний үйл хөдлөл, гаргаж байгаа шийдвэр бүр энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болтол нийгмийн анхааралд байх нь дамжиггүй. Учир нь сонгогчид энэ намд итгэж, төрийн жолоог дангаар нь барих эрхийг олгосон. Харамсалтай нь эрх баригч хүчин болсон цагаасаа өнөөг хүртэл албан тушаалын төлөө дотооддоо хагаралдаж, эрх ашигийн өнцгөөс томилогоо явуулж, томилогдсон хэд нь нийгэм, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхээс илүүтэй одоогийн сөрөг хүчин рүү бурууг тохож улигласаар Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн огцорлоо.
Эдүгээ шинэ Засгийн газар байгуулагдаад шийдвэртэй алхам хийж, хэрэгжүүлнэ гэх итгэл олон нийтийн дунд ерөнхийдөө алдарсан. Энэ нь дараагийн Засагт найдаагүйдээ бус эрх баригч хүчин МАН түмний итгэл рүү ус цацсантай холбоотой. Юутай ч төр түвшин, түмэн олон амгалан байхын тулд дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн намрын чуулганаар байгуулагдана. Энэ хооронд цаг хугацаа урсан одсоор. Шаардлага тавих эрх бүхий суббъект болох Ерөнхийлөгч, сөрөг хүчин АН, бие даагч гишүүн С.Жавхлан нар “УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, дараагийн Засгийг яаралтай байгуул. Намрын ажил, өвлийн бэлтгэл оройтлоо” гэж амаар болон албан бичгээр эрх баригчдад хандсан ч тусыг эс олсон. “Бүдүүн 65-“-ын бүлгийн дэргэд Ерөнхийлөгч хийгээд АН-ын 9, бие даагч 1 хүч дутах нь мэдээж.
Тиймээс эрх баригчдын үйл хөдлөлийг харж, тандахаас өөр гарц одоогоор алга. Ирэх даваа гаригт МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвших эрхмийг тодруулснаар Засгийн бүтэц, бүрэлдэхүүн яригдана. МАН-д хотын, зүүний хүчний, Увс гээд фракц бүлэглэл Засгийн газрын танхимд хүнээ шургуулах гээд унтах завгүй гүйлдэж байна.
Гэхдээ Ерөнхий сайдаар хэнийг нэр дэвшүүлэн батламжлах нь МАН-ын бага хурлын 330 гишүүний шийдэх асуудал. МАН-ын бага хурлын гишүүдийн дийлэнхийг хотын фракцынхан эзэлдэг. Тиймээс хариуцлага тооцуулан намын даргын албан тушаалаа өгөх дээрээ тулсан УИХ-ын дарга М.Энхболд ханцуйн дотроо хэнтэй, хэрхэн тохироо хийхээс асуудал хамаарна. Ер нь УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн ИТХ-ыг өөрийн фракцид авч үлдэх нь тодорхой.
Ерөнхий сайдын нэрийг Удирдах зөвлөлөөс МАН-ын бага хуралд оруулж ирнэ. Харин МАН-ын бага хурлын гишүүд заалнаас хэн нэгний нэрийг дэвшүүлэх вий гэсэн болгоомжлол бусад бүлэглэлүүдэд байгаа юм билээ. Учир нь заалнаас нэр дэвшигч бага хурлын гишүүдийн дэмжлэгийг авах сценариар хотын фракц “хөдлөх” магадлалтай гэсэн хардлага дагалдаж байна.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд МАН-ын дарга байх эсэх нь мөн л шийдэгдээгүй байна. Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдсан ч МАН-ын Их хурал хүртэл энэ асуудал бүрхэг хэвээр үргэлжлэх биз.
Уг нь Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх магадлалтай УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж УИХ-ын даргаар томилогдох хувилбар анх гарч байсан. Түүнийг УИХ-ын даргаар томилогдоход маргах хүнгүй. Гэвч парламентын сонгуулиар МАН-ыг сөрөг хүчнээс өнөөдрийн эрх баригч хүчинд авчирч, үнэмлэхүй 65 суудалд хүргэсэн гавьяа Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн М.Энхболдод хаяглагдана. Иймд М.Энхболд МАН-ын даргаасаа буусан ч УИХ-ын даргын суудал нь хэвээр хадгалагдан үлдэх аж. Тиймээс ч УИХ-ын даргад горилж байсан Ц.Нямдорж Ерөнхий сайдад зүтгэх хувилбарт шилжсэн бололтой. Мэдээж, МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдад хэн нэр дэвшигчээр тодрохоос дараагийн асуудал хөвөрнө.
Ийнхүү МАН дотроо бужигнаж, эрх баригч хүчний үйл хөдлөлийг бид ажиж, Засаг байгуулагдахыг хүлээсээр, гадаа цас орсоор…
Н.Энхлэн
Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/488333.htm
URL: